Украйны дайн буюу энхтайвны төлөөх золиос
Украйн
2015.01.28

Украйны дайн буюу энхтайвны төлөөх золиос

Зүүн Украйнд мөргөлдөөн улам ширүүсч олон хүн амь үрэгдсэний дараа “утга учиргүй энэ дайныг үнэхээр хэн ч зогсоож чадахгүй юм гэжүү” гэсэн асуултыг олон хүн тавьж байна. Харамсалтай нь энэ үнэн. Хэн ч зогсоож чадахгүй. Хүчтэй нь хүчгүйгээ гэсэн балар эртний амь бөхтэй гашуун зарчим энд үйлчилж байна.

Украйн улс өөрөө нэг талд нөлөөлөх чадалгүй. Барууны орнууд бусдын нутагт шууд цэрэг оруулах нь эвгүй учраас Украйны Засгийн газарт далдуур тусалсаар. Орос улс буланд шахагдсан баавгай шиг болж ууртай архирч байна. НАТО хаяанд нь ирчихсэн учраас Украйны босогчдыг ил, далд дэмжиж, энэ далимаараа дотоод болон гадаад бодлогоо шийдэх аргад шилжлээ.  Нэг талаас Путин нийгмийн дотоод асуудлаас хүмүүсийн анхаарлыг холдуулж, нөгөө талаар Оросыг оролдож болохгүй гэдгийг харуулахыг зорьж байна.

Украйны хямрал шиг ээдрээтэй нөхцөл байдлыг шийдэх нэгдсэн механизм орчин үеийн ертөнцөд байхгүй.  Барууны улсууд ч чин сэтгэлээсээ шийдье гэж хүсэхгүй байгаа нь илт.  Хоосон үг, сүржин мэдэгдлүүд хүмүүсийг залхааж байна. Хоёр Солонгосын дайн, Вьетнамын дайн, 1980-аад оны сүүл үеийн Афганистаны дайн яг л ийм байдлаар эхэлсэн. Мөрөөрөө амьдарч байсан ард түмнийг хагаралдуулж, зэвсэг өгч бие биеийг нь хядуулдаг.

Украйны асуудал шийдэгдэхгүй байгаа нь маш энгийн шалтгаантай. Яагаад гэвэл энэ хямралаар дамжуулж дэлхийн бизнест нөлөөллийн хүрээний дахин хувиарлалт хийгдэнэ.  Үүний нэг илрэл нь нефтийн үнийн огцом уналт. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлаар шийдвэрт хүрч чадаагүй нь дэлхийн зах зээлийн нэг том тоглогчийг талбайгаас шахаж гарах гэсэн оролдлоготой холбоотой. Хэрвээ Оросын статус дэлхийн зах зээлд хумигдаад эхэлвэл дараа нь нефть нийлүүлэх нөхцлийг тулгаж болно.

Украйны хямралд хэн нэгнийг буруутгах, сайн муугаар нь ялгах, аль нэг талд орох нь ямар ч утгагүй. Энэ бол гүрэн хоорондын, корпораци хоорондын том тоглоом. Хожсон нь авч, хожигдсон алдана. Харин ард түмэн бол тоглоомд ашиглах хэрэгсэл төдий.  Украйны хямрал нэг бол санамсаргүй алдаанаас болсон, эсвэл санаатай өдөөн хатгалтаар үүссэн.

Украйн бол том тоглоомын зөвхөн нэг талбар гэж бодоход бүр ч аймаар. Хамгийн түрүүнд, хамгийн тодоор илэрсэн учраас олны анхааралд өртсөн.  Орос, Барууны оролцоотойгоор Украйны дайн зогсоно гэж боддог хүн бол хамгийн гэнэн. 

Гэхдээ хэзээ нэгэн цагт дуусч таарна. Харин яаж гэдэгт л учир байна. Энэхүү цусан тоглоомд оролцогчид хувийн сонирхлоо орхиж хэлэлцээрийн ширээний ард суусан цагт нааштай шийдэгдэнэ.  Тэр болтол цус урссаар л байна. Энхтайван гэдэг ийм үнэтэй аж.