Дэлхийд Чингисийн шууд удмын 16 сая орчим хүн амьдарч байна
Монголын байлдан дагуулалт
2015.02.01

Дэлхийд Чингисийн шууд удмын 16 сая орчим хүн амьдарч байна

Дэлхий дээр амьдарч байгаа 800 сая гаруй хүн ердөө 11 эрэгтэйн шууд удам болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэднээс хамгийн их үр удмаа үлдээсэн нь Чингис хаан.  Эрдэмтэд Ази тивд амьдарч буй хүмүүсийн дунд судалгаа явуулаад Y хромосомд байх нэгэн сонирхолтой дарааллыг олж харжээ. Тус дарааллын дагуу мөшгөсөөр тэдгээр удмыг үндэслэгч эцгүүдийг тогтоосон байна. Энэхүү сонирхолтой нээлтийн талаар European Journal of Human Genetics сэтгүүлд гарсныг уншигчиддаа хүргэе.

Үеэс үед дамжих Y хромосомд агуулагдах тэрхүү дарааллыг ялгах гол таних тэмдэг нь SRY хэмээх ген. Энэхүү ген Y хромосомын хамт зөвхөн хүүгээс эцэгт дамждаг байна. Цаг хугацааны явцад хромосомд тохиолдлын мутациуд хуралддаг ч тэр нь бие организмд нөлөөлөхгүй, гэхдээ тухайн удмын генийн мэдээллийг хэдэн мянган жил болсон ч хадгалах чадвартай.

Эрдэмтэд  Баруун Туркээс Алс Дорнодын зүүн хязгаар хүртэл,  Казахстанаас Вьетнам хүртэлх Азийн 127 бүсэд амьдардаг 5321 эрэгтэйн Y-хромосомыг судалж үзэхэд судалгаанд хамрагдсан эрчүүдийн 37,5 хувь нь ердөө 11 хүний үр удам болох нь тогтоогджээ.  Хэрэв энэ харьцуулалтыг Азийн бүх хүн амьд хуваагаад үзвэл 830 орчим сая хүн дээрх 11 хүний үр удам гэсэн үг.  Тохиолдлын мутацийн судалгаагаар эдгээр удмыг үндэслэгч эцгүүдийн төрсөн жилийг баримжаалсан бөгөөд тухайн удмын генийн сангийн бөөгнөрөл эцэг өвгөдийнх нь амьдарч байсан газартай давхцаж байлаа.

2003 онд Британий эрдэмтэн Крис Тайлер-Смит (Chris Tyler-Smith) хүн төрөлхтнөөс хамгийн их үр удамтай нь Чингис хаан гэдгийг тогтоосон. Түүний тооцоолсноор дэлхийн хүн амын 0,5% буюу 16 сая хүн Монголын эзэнт гүрний алтан ургийн үр удам ажээ. Энэ дүгнэлтийг саяхан Ази тивд хийсэн судалгааны дүн батлав.  

2006 онд Oxford Ancestors  компаний эрдэмтдийн хийсэн судалгаагаар АНУ-ын нэгэн нягтлан бодогч Том Робинсон гэгч эр Чингисийн шууд удмын хүн боллоо гэсэн шуугиан дэгдэж байв. Энэ тухай New York Times сонинд бичиж, киночид энэ тухай баримтад кино хийхээр тогтоод байвал давтан судалгаагаар Том Робинсон нь бөмбөрцгийн баруун хагас дахь Алтан ургийн хүн биш болох нь батлагдаж байлаа. 

Судалгаанаас харахад хамгийн их үр удам үлдээсэн хүмүүс нь нүүдэлчин ард түмний хаад, вангууд байв. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт бүх эрх мэдэл зөвхөн эцгээс хүүд дамжиж байсан. Хоёрдугаарт нүүдэлчин хаадууд эзэлсэн газар нутаг руугаа хөвгүүдээ илгээж тэндхийн хаан болгосноор төрсөн нутгаасаа хол зайд үр удмаа үргэлжлүүлдэг байв. 

Үр удмынхаа тоогоор Чингисийн дараа орох хүн бол 1582 онд нас барсан Манжийн ван Гиочанги юм. Түүний ач Нурхайч Хятадыг Манжид дагуулж, харин гуч Абахай Хятадын Цин улсыг үндэслэж байв. Гиочангийн шууд удам өнөөдөр ойролцоогоор  1,5 сая. 

“Үржил шимт хавирган сар”

Дараагийн зургаан удмын үндэслэгчид хамгийн сонирхолтой нь хүрэл зууны үе буюу МЭӨ 2100-300 онд эхэлжээ. Тэд “Үржил шимт хавирган сар” хэмээн нэрлэгддэг Зүүн Өмнөд Ази, Төвд, Дорнод Энэтхэг, Дундад Азид амьдарч байжээ.

Өөр дөрвөн удам МЭ 700-1100 онд бий болжээ. Энэ дөрвийн нэгнийх нь үр хойч Левантаас Өмнөд Энэтхэг хүртэлх нутагт амьдарч байна. Энэ нь VIII-X зуунд лалын шашин Азид дэлгэрсэнтэй холбоотой гэж эрдэмтэй үзэж байна.   

Нийт судалгаанд хамрагдсан эрчүүдийн 80 хувь нь 700-1100 онд амьдарч байсан Алтайн хэлний бүлэгт багтах гурван удамд харъяалагдаж байна. Тэд Зүүн Азийг Газрын дундад тэнгистэй холбосон эртний Их Торгоны замын дагуу амьдарч байна.