Д.Батцогт: Мөнгөөр асуудлыг шийддэг хэсэг хүн намын уур амьсгалыг эвдээд байна
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2015.01.26

Д.Батцогт: Мөнгөөр асуудлыг шийддэг хэсэг хүн намын уур амьсгалыг эвдээд байна

УИХ-ын гишүүн Д.Батцогтыг “Ярилцах танхимдаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт дэд сайд нарын асуудал олныанхаарлын төвд байлаа. УИХ-ын чуулганаар дэд сайд нарын орон тоог танах асуудлыг дэмжчихээд эргүүлээд томилох акци зохион байгуулснаас болж нэлээд шүүмжлэл өрнөж байна. Мөн Үндсэн хууль зөрчсөн асуудал болсон гэж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд Засгийн газар дэд сайдтай байна гэсэн заалт байдаг. Засгийн газраас Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд уялдуулсан байсан. Тиймээс энэ тохиолдолд дэд сайд нарыг унагах нь буруу гэдэг саналыг зарим гишүүн гаргасан. Иймэрхүү тохиолдолд УИХ-ын гишүүд санал гаргасны үндсэн дээр олонхи нь дэмжсэн тохиолдолд асуудлыг эргэж харж болно.

Ингээд төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дэд сайд нарыг цомхотгож болохгүй гэдэг шийдвэр гаргаж, УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжсэн. УИХ-ын зарим гишүүний “Дээрээсээ эхэлж бүсээ чангалах ёстой” гэдэг саналыг, дэмжиж байгаа ч анхнаасаа хуульдаа дэд сайдтай байна гэдгийг улс төрийн намууд нь тохироод, төсвөө бүтэц бүрэлдэхүүндээ боловсруулчихсан байгаа энэ үед нөхцөл байдлыг бодитоор харах нь илүү чухал юм.

Ер нь дэд сайд нарыг маш их мөнгө үрдэг хийх ажилгүй хүмүүс гэж ойлгож болохгүй. Дэд сайдын ажил, үүрэг их. Үндсэн хуульд “Засгийн газар Ерөнхий сайд, сайд нараас бүрдэнэ” гэсэн байдаг учир зарим гишүүн "Үндсэн хууль зөрчсөн" гэдэг яриа гарсан байх.

-УИХ-ын гишүүд өнгөрсөн баасан гарагийн шөнө дөл болтол хуралдаж, энэ оны төсвийг тодотголоо. “Төсвийн төслийг анх оруулж ирэхдээ Ерөнхий сайд халамжийг танах бодлого баримталсан ч улстөрчид ард түмэнд таалагдахын тулд халамжуудыг хэвээр баталж, төсвийн орлогын эх үүсвэр тодорхойгүй байхад зарлагыг нэмлээ” гэдэг шүүмжлэл дагуулж байна?

Монгол Улсын 2015 оны төсвийг өргөн барихдаа Ерөнхий сайд Монгол Улс халамжийн улс болж, намууд хамтарч засаглаж байгаа үед зоригтой өөрчлөлт хийж, халамжийг танах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн ч энэ жилийн төсөвт зоригтой өөрчлөлт хийж чадсангүй. Мэдээж, энэ нь сонгууль дөхсөнтэй холбоотой.

Ер нь дэд сайд нарыг маш их мөнгө үрдэг хийх ажилгүй хүмүүс гэж ойлгож болохгүй. 

Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүд хүүхдүүдийг угсаа гарвалаар нь ялгаварлах ёсгүй гэж үзсэн. Хүүхэд бол хүүхэд, хүүхдэд буруу байхгүй учир Монголын үрст төр нь ялгавартай хандах ёсгүй гэж үзсний үндсэн дээр хүүхдийн мөнгийг нийтэд нь олгох шийдвэр гаргасан. Мөн эхчүүдээс мөнгө харамлах нь төвөгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ер нь хөдөлмөрлөх насан дээрээ байгаа, эрхтэн бүтэн хүмүүст үзүүлж буй халамжийг хасна уу гэхээс биш Монголын хүүхэд, эхчүүдээс мөнгө харамлаж болохгүй гэдэг байр суурийг би хувьдаа баримталдаг. Ерөнхий сайд халамжийг танах асуудлыг зориглож хөндсөн нь буруу зүйл биш. Монголын эдийн засаг үргэлж ийм сул дорой байхгүй, тэгэхээр цаг нь хараахан болоогүй байна гэж хэлэх байна.

-“Шударга ёс” эвслийн бүлгээс Ардчилсан намын бүлэгт ороод нэлээд удлаа. Ардчилсан намын бүлэг дотроо одоогоор хүчээ авч байгаа “Шонхор” фракцид элссэн. Өнөөдөр танай фракци нам доторхи эрх мэдлийг авахын тулд маш олон акци зохион байгуулж байна. Үүнээс болоод “Дээрх нь суудлаа олохгүй бол доорхи нь гүйдлээ олохгүй” гэдэг шиг Ардчилсан намд бужигнаан үүсчихлээ. Улс орны эдийн засаг хүнд байна гэж байгаа ч Ардчилсан намын удирдлагууд сандал суудлаа булаацалдах асуудалд анхаарлаа төвлөрүүлж байх шиг. Энэ бүх үйлдэл нь Ардчилсан намынхныг ард түмэнд муухай харагдуулж байна. Энэ таны хүсч байсан нам мөн үү?

Ардчилсан намд байдаг дотоод зүйтэй алхам юм. Нам дахь бугшсан идээ бээрийг шахаж, шинэчлэлийг бий болгохын тулд л санаачилсан ажил юм шүү дээ. Намайг өмнө нь Ардчилсан намд байхад энэ л зарчмаар нам цусаа сэлбэдэг байсан. Ардчилсан нам ялагдсан, ялсан үед ч дотоод сонгууль маргаан дагуулдаг нь үнэн. Үнэхээр олон фракцийн нэгдэл учир энэ нь огт шинэ содон зүйл биш.

Хамгийн гол нь дотоод сонгуулийг мөнгөтэй битгий хольж хутгаасай гэж боддог юм. Гэхдээ сүүлийн үед мөнгөөр асуудлыг шийддэг хэсэг бүлэг хун бий болчихоод намын доторхи уур амьсгалыг эвдээд байх шиг байна. Түүнээс биш дотроо өрсөлдөөд гишүүд нь үзэл бодлоороо саналаа өгөөд өөрчлөлт явагдахад асуудал байхгүй. Мэдээж сонгуульд ялагдсан хүн гомдолтой байдаг.

Тэр нь сонгууль булхайтай болсон гэдэг бодлоос үүдэлтэй. Тиймээс би хувьдаа Ардчилсан намын дүрмийг тодорхой хэмжээнд өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд нь бусад намынхан шиг шууд ҮЗХ-ны гишүүн болж, үүрэг, хариуцлагаа үүрдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүд нь бусад гишүүдтэйгээ өрсөлдөж, нөгөөдүүл нь хуйвалдааны замаар УИХ-ын гишүүд ээ ҮЗХ-ны гишүүн болгохгүй унагаж байна.

Ард түмнээс мандат авсан хүнийг нам доторхи цөөн хэдэн хүн нийлээд унагаж чадаж байна гэдэг бусдад асуудал байгааг харуулж байгаа юм.

Ер нь дотоод сонгууль хийх асуудлыг намын дүрмээс авсан гэж байгаа нь хэдэн хүн намыг өмчилчихлөө гэдэг бухимдлыг бий болгож байна. Гэхдээ цөөхөн хэдэн хүний маргаанаас болоод ард түмэнд Ардчилсан нам муухай харагдахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Хамгийн гол нь бид дүрмээ төгөлдөршүүлж, боловсронгуй болгоод асуудлуудыг зааглаж, ялгах ёстой.

Тэр нь сонгууль булхайтай болсон гэдэг бодлоос үүдэлтэй.
-Засгийн газраас Гацууртын ордыг стратегийн ордод хамруулж, ашиглах саналыг УИХ-аар хэлэлцүүлж байна. Та энэ асуудлыг дэмжиж байгаа юу?

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бол Гацууртын ордыг ашиглах бололцоогүй, Тэнд усны сан, ойн сан, байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын өв байгаа юм. Баялгийн нөөц нь эрт судлагдаж, батлагдсан газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь авчихсан хүмүүс ашиглах ёстой гэдэг.

Уг байр суурийг зүтгүүлж байгаа нь мэдээж байх, Энэ үүднээс страгегийн ордод оруулж, ашиглах ёстой гэсэн саналыг Засгийн газраас өргөн барьсан, УИХ-ын зарим гишүүн газар дээр нь очиж танилцаад тэнд маш олон нэн  эртний булш бунхан байгааг нотолжтэр бүхнийг хөндөхгүй гэх баталгаа байхгүй гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Засгийн газар болохоор тэр бүхнийг хөндөхгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой учир уг ордыг ашиглаж эдийн засгийн хүндрэлээс гарах нэг алхмыг хийх ёстой гэж байна. Миний хувьд байгалийн үзэсгэлэнтэй, хангайн бүсийнхээ байгалийн баялаг руу гар дүрэх нь буруу гэсэн байр суурийг баримталж байгаа.

-Та “Шударга ёс” эвслийг орхиж байхдаа бүлгийн дарга нарын тулган шаардалт хэрээс хэтэрсэн гэж тайлбарлаж байсан. Ардчилсан намын бүлгийнхэн хэрэв “Гацууртын ордыг ашиглах ёстой” гэдэг байр суурь баримталбал га яах вэ?

Хэн нэгэн хүн миний үзэл бодлыг өөрчилж чадахгүй, Би дотоод итгэл үнэмшилдээ дэмжих нь зөв гэж бодох юм бол тэгж л саналаа өгнө. Хэн нэгэн буруу гэж яриад байгаа ч би тухайн үедээ зөв гэдэг итгэл үнэмшил авсан бол өөрийнхөө үзэл бодлоор л саналаа өгөөд явна.

Манай намын бүлэг дээр энэ асуудлыг дэмж гээд тулган шаардаад байгаа асуудал байхгүй. Засгийн газраас бүлгийн хурал дээр “Байгалийн үзэсгэлэн хийгээд өв соёлыг хөндсөн асуудал байхгүй. Байгалийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр сүүлийн үеийн техник ашиглана” гэж танилцуулж байгаа.

-Оюутолгойн 34 хувийг зарах, Таванголгойд менежментийн хувьчлал хийх тухай асуудал хөндөгдөж эхэллээ. Та УИХ-д орж ирэхээсээ өмнө уул уурхайн асуудлаар нэлээд тэмцэл хийдэг байсан хүний хувьд дээрх асуудалд хэрхэн хандаж байна вэ?

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ муу болсон гэдгийг одоо ч хэлдэг. Бид үүнийг одоо ойлгоод гэрээний нөхцөлийг орвонгоор нь өөрчилнө гэвэл худлаа. Үндэстэн дамнасан том корпораци, гадны улс орнууд нийлээд “Монгол Улс найдваргүй түнш. Хийсэн гэрээнээсээ дандаа ухардаг, буцдаг” гэдэг сөрөг мэдээллийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай сонслоо. Үүнээс болоод эдийн засаг хүндрэх хандлага ажиглагдаж байна.

Тэгэхээр бидэнд одоогийн нөхцөл байдлаас дордуулахгүйгээр асуудлыг шийдэж, энэ том төслийг үргэлжлүүлэх шаардлага тулгарч байна. Яг ийм нөхцөлд уг асуудлаар улс төр хийгээд нэгнийгээ ялах гэж хэт их бужигнуулах нь Монгол Улсад хортой гэдэг итгэл үнэмшлийг авчихсан хүн.

Манай намын бүлэг дээр энэ асуудлыг дэмж гээд тулган шаардаад байгаа асуудал байхгүй.

Тиймээс Оюутолгой төслийг урагшлуулах ямар гарц хамгийн зөв байна. Одоогийн нөхцөл байдлаас дордуулахгүй дэвшил авчрах бололцоо хаана байна уу гэдгийг харж байж дэмжээд явъя гэсэн бодолтой байгаа, Тавантолгойн ордын хувьд асуудал арай өөр. Тухайн үед нь хийж байсан гэрээ хэлцлүүдэд буруу, зөрүүтэй байсан асуудал бий. М.Энхсайхан сайдын танилцуулж байгаа хувилбарыг дэмжихэд буруутах зүйлгүй.

Төр бизнес хийгээд ашиг олж чадахгүй гэдгийг бид хангалттай нотолсон. Тэнд очсон хүмүүс асуудалд өөриймсөг байдлаар ханддаггүйгээс болж алддаг. Тиймээс дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, төмөр зам барих гэж төрөөс гаргасан мөнгийг нь буцааж өгөөд үргэлжлүүлж барьж дуусгаад тодорхой хугацааны дараа хүлээлгэж өгнө. Боловсруулах үйлдвэр барьж, коксоо далайн боомт руу хүргэх санал гавьж байгаа тохиолдолд менежментийн хувьчлал хийх нь зөв.

-Та сая тойрогтоо ажиллаад ирэхдээ эрүүл мэндийн цогцолбор барих асуудалд анхаарлаа хандуулна гэсэн байна билээ. Гэхдээ энэ жилийн төсөвт энэ асуудлыг тусгуулж чадсангүй юу?

Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч Ховд аймагт хийх ёстой хөрөнгө оруулалт хэвээр байгаа. Манай аймагт эрүул мэндийн салбарын үйлчилгээ туйлын хангалтгүй ч Ховд аймгийн төвийн эмнэлгийг баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төв болгосон, Гэтэл тэр нь 1970 онд барьсан жижигхэн байшин байдаг.

Хүн амын тоо хэд дахин өсөхийн зэрэгцээ баруун аймгийнхан үйлчлүүлэхэд улам хүндрэл үүсгэж байна. Тиймээс нэрэнд нь таарсан үйлчилгээг үзүүлэхийн тулд том цогцолбор барих шаардлагатай гэдгийг Засгийн газар, УИХ дээр ярьж, хөөцөлдөж байна. Тэр ч үүднээс зургаан давхар, хоёр корпус бүхий төвийн барилгын зургийг хийлгэчихээд асуудлыг хөөцөлдөж байна. Нөгөөтэйгүүр, хүүхдийн эмнэлэг, халдвартын эмнэлэг, моорог, оношилгооны төвийн өргөтгөл зэрэг обьектыг Ховдод барих шаардлагатайг мэргэжлийнхэн байнга сануулдаг.

Дээр нэр дурьдсан эмнэлгүүдийн барилга нь актлагдсан, хүрэлцээгүй зэргээс болоод байнга асуудал үүсдэг юм билээ. Тэгэхээр эдгээрийг тусад нь барьж байхаар нэгдсэн том цогцолбор барих нь хаана, хаанаа ашигтай гэдэг санал гаргасан. Бельгийн Засгийн газар манай Засгийн газартай хамтарч Ховдын эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийг чадавхижуулахаар зургаан сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ.

Гэтэл тэр тоног төхөөрөмжийг байрлуулах барилга байхгүй байгаа нь үнэхээр хүндрэл үүсгэж байгаа юм. Тиймээс эрүүл мэнлийн цогцолбортой болох ёстой гэж зориглоод хөөцӨлдөж эхэлсэн. Улсын төсвөөр энэ асуудлыг шийдэх бололцоогүй. Тиймээс концессын жагсаалтад оруулж, 2-3 жилийн хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр энэ ажлыг эхлүүлэхээр ярилцаж байна.

Энэ асуудлыг шийдэх гарц хайж өнгөрсөн зун БНСУ-ын парламентын гишүүд, эрүүл мэндийн томоохон корпорацийн төлөөллийг урьж, Ховдын эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулсан. Жилд хоёр эмчийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр болсон. Цаашид ч тоног төхөөрөмжийн хувьд туслахаар болсон.

Сумдын эмнэлэг мөн ялгаагүй хүндхэн байгааг мэргэжлийнхэн сануулж байна. Энэ бүх асуудлыг шийдэх үүрэгтэй учир чадлаараа зүтгэж байна. Тойрог руугаа хөрөнгө оруулалт татах гэж гишүүдийн улайраад байдгийн цаана ердөө л ийм асуудал байдаг юм, Энэ бүхнийг намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүд ойлгох ёстой.

-Ховд аймагт тулгамдаж байгаа өөр ямар асуудал байна вэ. Энэ бүхнийг хэрхэн шийдэх вэ?
Сумдын эмнэлэг мөн ялгаагүй хүндхэн байгааг мэргэжлийнхэн сануулж байна.

Алслагдсан аймгуудад маш олон асуудал байдаг. Ховд аймгийн ууган цэцэрлэгийн барилга актлагдсан учир тус цэцэрлэгийнхэн хоёр жил, хувийн байр түрээсэлж байна. Энэ бүхнийг улсын төсөвт тусгуулах гэхээр цэцэрлэгт шинэ хөрөнгө оруулалт байхгүй байдаг.

Тиймээс дахиад л концессоор барилга бариулах асуудлыг шийдүүлэх гэж компаниудыг гуйж, түүж явна. Үүнээс гадна Ховдын усан цахилгаан станцийг барих ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа. Хэрэв ингэж чадвал баруун бүсийн аймгууд ОХУ-аас эрчим хүч импортлохын оронд экспортлох боломж бүрдэх юм.

-Та Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар улиран томилогдсон үед дээрх асуудлыг шийдэв үү?

Тийм. Манай байнгын хороо өнгөрсөн жил сайн ажилласан. Энэ жил илүү их ажилтай байна. Бусад байнгын хорооноос хамаагүй өндөр ачаалалтай ажиллаж, хамгийн олон бие даасан хуулиудыг батлуулсан гэдэг үзүүлэлттэй гарсан учир улираан томилсон юм болов уу.

Манай байнгын хороогоор нийгмийн бодлогыг түлхүү баримталдаг учир нам гэж туйлширдаггүй, гишүүд маань улстөрждөггүй, нэг чигт харж ажиллаж чаддаг болохоор бидний ажил хурдан урагшилдаг.