С.Ганбаатар: Дэд сайдын суудлыг 500 сая төгрөгөөр зарсан нь үнэн юм байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.01.26

С.Ганбаатар: Дэд сайдын суудлыг 500 сая төгрөгөөр зарсан нь үнэн юм байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Дэд сайдын орон тоог цомхотгох таны саналыг УИХ пүрэв гаригт дэмжсэн ч дараагийн өдөр нь унагалаа. Асуудалд ямар байр суурьтай байна?

Монголчууд гэрээ барихдаа бүслүүрийг нь дээрээс нь чангалдаг. Дунд нь сулавтар доод бүслүүрийг боломжийн хэрээр тавьж өгдөгтэй би өнөөгийн асуудлыг жишээд байгаа юм. Жирийн ард иргэд, ахмад, одонтой эхчүүдийнхээ бүсийг тасартал нь чангалчихсан учраас улстөрчид бид ч ёс зүйн хувьд бүсээ чангалах ёстой.

Дэд сайдуудыг хаслаа гээд төсөв овойж товойтол сайжрахгүй. Дэд сайдууд байлаа гээд хотойчихгүй. Хамгийн гол нь улстөрчид бид энэ хямралыг ард түмэнтэйгээ хамт байж даван туулах үүрэгтэй хүмүүс.

Төрийн нэр төрийг тодорхой хэмжээгээр өргөх, ард түмнийхээ итгэлийг сэргээх, бид ч та бүхэнтэйгээ хамт бэрхшээл дунд байгаа шүү гэдгээ ойлгуулах юмсан гэсэндээ л ийм санал гаргасан. Харамсалтай нь 17 дэд сайдын барьцаанд, халаасанд МАНАН орчихож. Гэхдээ алтан нарыг алгаараа хаадаггүй юм. Сая хууль зөрчсөн.

-Дэгээ яг яаж зөрчсөн гэж...

Пүрэв гаригт асуудлыг хэлэлцээд “гуравдугаар хэлэлцүүлэгт” гэж тодотгоод алхаараа цохьчихсон. Тэр шийдвэрийг өнөөдөр эргэж ярьж байгаа нь хуулиа зөрчсөн гэсэн үг. Дэгийн тухай хуульд асуудлыг яривал тухайн байнгын хорооны хурлаас санал гаргана. Бусад байнгын хороо яривал тэдний санал дүгнэлтийг нь л байнгын хороогоор авч хэлэлцэнэ гэж байдаг.

Энэ хуулиа зөрччихлөө. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүний бүрэн эрхэд 73-ын бүдүүн бүлэг зэрлэгээр халдлаа. Ард иргэд ядуурал, ажилгүйдэл, хомс байгаадаа бухимддаг. Түүнээс илүүтэй шударга бус байдалд бүр их уурлаж, дургүйцдэг. Тиймээс би ойрын үед хуульчидтай зөвлөлдөж байгаад эл асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд өгнө. Цэц дээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хамт олонтой уулзана даа.

Дахин давтан хэлэхэд хуулиараа гуравдугаар хэлэлцүүлэгт гээд алх цохьчихсон бол эргэж ярих эрх байхгүй. Гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй санал дээр бус хуулийн төсөлтэй холбоотой асуулт, хариулт явуулаад баталдаг. Найруулгын чанартай зүйл байвал хийгээд л явдаг. Дэндүү бүдүүлэг байна. Бас УИХ-ын удирдлагууд дэндүү арчаагүй юм. “Нэг өдрийн популизм дууслаа” гэж хэлж байна. Ард иргэдийн хүсэл сонирхлыг ямар ч санаа зовсон зүйлгүйгээр доромжилж байна.

-Пүрэв гаригт 24 гишүүн дэмжсэн. Өнөөдөр зарим гишүүн нь эсрэг санал өгч байх шиг харагдсан?

Надтай хамт байсан зарим хүмүүс урвасан гэж ойлгож болно. Пүрэв гаригийн парламентыг хараад “Би гишүүддээ баярлалаа. Бүлэглэл, намуудын дарга нарын дохиураар хөдөлдөг хүүхэлдэй биш байна” гэж баярласан. Зарим гишүүд намын дарга, фракцийн даргынхаа дохиур нь болсноо өнөөдөр нотоллоо.

-Нэг талаараа таны гаргасан саналыг УИХ хууль зөрчин унагасан гэж байгаа ч нөгөө талаас нь харвал Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн тохиолдол гэсэн тайлбар явж байгаа?

Зөрчигдсөн асуудал огт байхгүй. Дэд сайдуудын зардлыг хасъя гэж томъёолсон. Энэ бол Төсвийн байнгын хорооны эрх мэдлийн асуудал. Албан тушаалыг нь бус зардлыг нь шүү. Олон улсын практикт ажлаа хийхгүй байгаа, улстөрийн наймаагаар орж ирсэн хүмүүст ямар шийтгэл ногдуулдаг вэ гэвэл зардлыг нь тэг болгодог. Дэд сайдын нэг суудлыг 200-500 сая төгрөгөөр зарсан гэдгээ нотолж МАНАН-гийнхан сандралдлаа.

Би ингэтэл сандралдана гэж бодоогүй. Намайг яасан хүн чанаргүй юм гэж байна. Тэгээд “Тэр хүнийг бодооч ээ. Цайллага нь дуусаагүй шахам байхад” гэж байгаа юм даа. Би тэгэхээр нь “Үйлчилгээний ажилтнуудыг 15 хувиар цомхотгохдоо' хүн чанар гаргасан гэж үү “Дээрээс нь тэтгэвэр, хүүхдийн одонтой эхчүүдийн мөнгийг байхгүй болгохдоо бас л хүн чанар гаргасан уу” гэсэн.

Сая чуулганы танхимд МАНАН-гийнхан бүх хэвлэл рүү ярьж “Битгий бие даагчдын үгийг гаргаарай” гэж захиж байна Тэгэхэд “Өдрийн сонин”-ыхон шударга үнэний төлөө байж миний үгийг хүргэж байгаад баярлалаа.