Б.Гарамгайбаатар: Валютын өөр эх үүсвэр олохгүйгээр цааш явахгүй
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай эдийн засгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны даргын ажлаа өгч, оны өмнөхөн АН-ын бүлгийн даргаар томилогдоод байгаа юм.
-Өрийн тааз хэд байх вэ гэж нэлээд маргасны эцэст 58.3 хувь дээр тогтлоо. МАН өр нэмэхгүй гэдэг амлалтандаа хүрэх, ард түмэнд МАН өр нэмээгүй гэдэг ойлголтын дор 58.3 хувиар батлах шиг боллоо. Та АН-ын бүлгийн даргын хувьд энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Үндсэндээ бол тийм. Засгийн газар эхлээд 70 гэж оруулж ирснийг унагасан. Дахиж оруулж ирэхдээ 60 болгосон. Энэ тоонууд тооцоо судалгааны үндсэн дээр гарсан байж таарна. МАН зөвшилцлийн хэлэлцээр байгуулахдаа өрийн таазыг нэмэхгүй гэдэг чиглэлийг ярьж байж Засагт хамтрах зөвшөөрлийг бага хурлаасаа авсан гэцгээдэг.
Энэ утгатаа нийцүүлж 58.3 хувь гэдэг бутархай тоог гаргаж ирсэн. Гэхдээ энэ бол нэг асуудал. Нэгэнт УИХ-ын чуулганаар өрийн таазыг 58.3 хувь, тэнцвэржсэн алдагдал таван хувь гээд баталчихсан учраас маргаан дагуулсан асуудал нэг тийш боллоо. Энэ утгаараа сайн хэрэг гэж ойлгож байгаа.
-Өрийн тааз 58.3 хувьд гэдэгт чухам ямар ямар өр зээл багтаж байгаа вэ. Дахиж зээл авах, баталгаа гаргах, бонд босгох боломж бий юу?
Үндсэндээ Засгийн газрын өр, Засгийн газрын баталгааны өр, бидний өмнө нь авсан Чингис, Самурай бондын төлбөр, 2015 онд хийх ажлын гүйцэтгэл, хүлээгдэж буй гүйцэтгэлүүд нийлээд 58.3 хувь гэдэг тоо гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулахын тулд Засгийн газар дотоод бонд гаргах ёстой гэж ярьж байгаа.
Эдгээрүүд ороод үндсэндээ 58.3 хувьд мөргөж байгаа юм. Ний нуугүй ярихад цаашдаа яах вэ гэдэг хүнд байна. Энэ төвөгтэй байдлаас гарахад Өрийн удирдлагын хуулийг улстөржилт, талцалгүйгээр яаралтай батлах зайлшгүй шаардлага байна. Дээрээс нь урт нэртэй гэгдэх хуулийн журмын өөрчлөлт, Эдийн засгийн өршөөлийн хуулийг шийдэж чадвал цаашаа эдийн засаг ямар байх вэ, ажлын байрны боломжууд ямар байх вэ гэдэг дүр зураг харагдах болов уу гэж гишүүнийхээ хувьд бодож байна.
-Төсвийн тэнцвэржсэн алдагдлыг 5 хувьд хүргэлээ. Үүний учир шалтгаан нь юу вэ?
Дараа төлөгдөх нөхцөлтэйгээр гүйцэтгүүлсэн ажлыг Засгийн газрын болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх ёстой. Эдгээр асуудал ороод 5 хувьд хүрч байгаа. Түүнээс тэнцвэржсэн алдагдлыг 2 хувьдаа барихаар байгаа. Нэгэнт л төрийн захиалгатай ажлууд байгаа учраас эргэн төлөгдөх нөхцөлтэй ажлууд явж байж улс орны эдийн засгийн нөхцөл сайжирч, дутуу орхисон ажлууд дуусах учиртай. Үнэхээр хүнд байгаа нь үнэн. Одоо цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгээ эрүүлээр сэтгэж ярих цаг ирчихээд байгаа.
-МАН-ын бүлэг өрийн тааз ДНБ-ний хэдэн хувьд байгааг буруу мэдээлж байсан, нууж байсан гэж мэдээлж байгаа. Нуусан гэж шууд хэлж болох уу?
Энэ бол нэг ёсондоо улс төрийн шоу. Улс төрийн нэг нам нөгөө намынхаа эсрэг улс төр хийж байгаа хэлбэр. Түүнээс нуугаад байгаа зүйл байхгүй. УИХ-д МАН-ын бүлэг, АН-ын бүлэг, Шударга ёс эвслийн бүлэг ч байгаа. УИХ-ын чуулган дээр асуудал болгоныг Засгийн газар оруулж хэлэлцүүлж байсан.
Бүлгийн дарга гэдэг амар биш, хүнд. Гэхдээ надад итгэл хүлээлгээд томилсон учраас гайгүй шиг ажиллахыг оролдож байна.
Тухайн үед хэлэлцүүлж байхад Засгийн газар улсын төсвийг нэг баланс дээр бүртгээд, Хөгжлийн банк болоод бусад эх үүсвэрүүдийг хоёр дахь баланс буюу төсвөөс гадуур зарцуулж байсан. Үүнийг бүгд мэднэ. Ийм байхад нуугаад байх зүйл байхгүй. Оруул гэдэг шаардлагыг МАН тавьж байсан нь үнэн. Мөн Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байна шүү, үүнийгээ анхаараарай гэсэн зөвлөмж өгч байсан.
Гэхдээ нөхцөл байдал 2011 оноос эхтэй. Хөгжлийн банкийг байгуулж, 500 сая ам.долларын анхны хөрөнгө оруулалт орж ирсэн ч төсөвт суугаагүй байсан шүү дээ. Ингээд шаардаад байсан зүйлийг нэг дор нэгтгэхэд хүссэн хүсээгүй өрийн тааз 58.3 хувьд хүрч байгаа нь тодорхой. Чуулган болгон дээр энэ асуудлаар маргаж байсныг сонсч байсан байх. Ямар ч нуусан хаасан асуудал байхгүй.
-Хэрэв Засгийн газраас оруулж ирсэн саналыг 70, эсвэл 60 хувиар баталсан бол ямар боломжууд, эрсдлүүд бий болох байсан бэ?
Засгийн газрын оруулж ирсэн нөхцлөөр дэмжсэн бол уначихсан эдийн засгийг богино хугацаанд босгож ирэх боломж нь байсан. Одоо бол зөвшилцлийн гэрээгээ дагана гэдгийг урдаа бариад бүх юм зогсч байна. Тэгэхээр миний түрүүн хэлсэн хуулиудыг эхний ээлжинд баталж, хэрэгжүүлэхгүй бол ямар ч асуудлыг шийдэхэд хүнд болно.
-ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг 58.3 хувьд барих энэ заалт 2018 он хүртэл хэрэгжихээр болсон уу?
2018 он гэж тогтсон. Үүнийг гишүүд олон талаас нь ярилаа.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн хэмжээг 40 хувиас хэтрэхгүй гэдэг заалт орж байхад эдийн засгийн чадавхи нэг өөр байсан. Өнөөдөр эдийн засаг 2-3 дахин өсөлттэй байгаа энэ үед хуулийн заалт өөрчлөгдөх зайлшгүй нөхцөл байдал үүслээ.
Нэг хэсэг нь харсан ч хараагүй юм шиг, нөгөө хэсэг нь зайлшгүй нөхцөл байдлыг илрүүлээд, үүнээс болж өчигдрийг хүртэл маргаж шийдэлд хүрлээ. Одоо валютын эх үүсвэрийг олохгүйгээр ажил явахгүй нь тодорхой. Үүн дээр МАН бодож байгаа байх.
Тодорхой хугацааны дараа зарим хуульд өөрчлөлт орох болов уу. Бид хий хоосон иргэдийн амьдрал хэцүүдлээ гэж яриад яах вэ. Өнөөдөр арилжааны банкууд зээлээ зогсоож байна. Энэ нь валютын эх үүсвэрийг хаасантай холбоотой. 2011 онд хөрөнгө оруулагчдыг үргээснээс эдийн засаг сэхэл авч чадахгүй явсаар өнөөдрийг хүрлээ.
-Өрийн удирдлагын хуулийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрч байна. Хэлэлцэх асуудал яагаад ингэж гацаад байна вэ?
Хуулийн төслийг боловсруулаад өргөн баригдах хүртэл нэлээд хугацаа шаардсан. Одоо намын бүлгүүд дээр нэгдсэн ойлголцолд хүрэхийн тулд цаг авч байна. Одоо бид таван багц өрийг яриад байгаа. Тэр таван багцын ард Засгийн газрын баталгаа багтаж байгаа.
Өрийн удирдлагын хууль батлагдсанаар тусад нь гаргах зорилго тавьж байгаа. Ингэснээр өр гэж тооцогдох зааг ялгаа гарах юм. Ингэж салгавал тодорхой хэмжээнд цаашаа явах эх үүсвэрийг олох боломж бага хэмжээгээр нээгдэнэ.
Өрийн удирдлагын хууль батлагдсанаар тусад нь гаргах зорилго тавьж байгаа.
-Эдийн засгийн өршөөлийн хуулийг нэг талаас далд эдийн засгийг ил болгоно гэж байгаа бол нөгөө талаас томоохон компаниуд, тэдний эздийн хууль бус үйлдлийг өршөөх нь гэдэг шүүмжлэл бий. Хууль батлагдсанаар үнэхээр эдийн засагт нөлөө үзүүлэх их наядаар тоологдох мөнгө ил гарч ирэх үү?
Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн шинэ ерөнхийлөгч, эдийн засагчдын ярьж байгаагаар 7-8 их наядаар хэмжигдэх мөнгө далд байна гэж ярьж байгаа. Ийм байж магадгүй. Яагаад гэхээр өнөөдрийг хүртэл Монгол Улсын бүх бизнесийн салбарынхан хоёр баланстай явж ирсэн нь нууц биш болсон.
1991 онд Олон улсын нягтлан бодох бүртгэлийн хуулийг дагаж мөрдөх хууль гараад нягтлан бодох бүртгэлээр сайн засаглал бий болгоно гэдэг шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй явж ирлээ. Өөрөөр хэлбэл хуулийн хоорондын зөрчлүүд арилаагүй. Энэ бол сүүлийн боломж байж магадгүй.
Бүх төсөвтэй, татварын байгууллагатай харьцдаг байгууллагууд энэ боломжийг ашиглаж чадвал далд байгаа 7-8 их наяд төгрөг ил болох боломжтой. Ингэж ярьж байгаа учраас л энэ хууль ач холбогдолтой. 7-8 их наяд биш юм гэхэд тавин хувь нь орж ирэх боломж байгаа. Нэг удаа өршөөлийн хууль гарахад цөөн тооны аж ахуй нэгжүүд хамрагдсан ч 2-3 сая ам.долларын нэмэлт эх үүсвэр гарсан нь ийм байдаг гэдгийг нотолж байгаа юм. Магадгүй 7-8 их наяд төгрөг орж ирвэл одоогийн баталж байгаа төсөвтэй дүйцэхүйц далд эдийн засаг байна гэсэн үг.
-Нөгөө талаас олон нийтэд их хэмжээний луйвар хийсэн нөхдүүд энэ хуулийн хүрээнд ял зэмээс мултрах нь гэдэг хардлага байх шиг байна?
Эрүүл л үзэгдэл шүү дээ. Нэг өнцгөөс нь хараад шүүмжлэх хэсэг байна. Нөгөө өнцгөөс нь харвал хуулийг баталснаар дутагдаж байгаа эх үүсвэрийг бий болгох сайн талтай. Аль өнцгөөс харж тайлбарлаж байгаа нь асуудлын гол нь. Намуудын хэвлэл мэдээлэлд өгч байгаа мэдээлэл, сэтгүүлчдийн нийтлэлээс л иргэд мэдээлэл авч, тэр өнцгөөс нь ойлгоно. Яаж ч тайлбарлаж болохоор зүйл.
-Аж ахуй нэгжүүд хуульд заасан хугацаанд мэдээллээ өгнө гэж байгаа. Гэхдээ бодит байдал дээр хууль бус зүйлээ ил гаргаж тавих сонирхол нь ямар байх бол гэдэг эргэлзээтэй?
Тийм болгоомжлол тодорхой хэмжээнд байгаа байх. Яагаад гэхээр манай татварын хууль олон улсын нягтлан бодох бүртгэлийн хууль нь хоорондоо асар их зөрчилтэй. УИХ маш богино хугацаанд маш олон хуулийг цэгцлэх хэрэгтэй. Аж ахуй нэгжүүд өөрсдийгөө сайн засаглалтай гэж тодорхойлж байгаа бол өмнөх хууль бус асуудлаа ил болгох л хэрэгтэй. Олон улсын тендерт бүх үзүүлэлтээр сайн гарч ирэх ёстой.
Тийм зүйл аж ахуй нэгжүүдэд алга. Энэ нь Монголын аж ахуй нэгжүүдийг жижигхэн, хоцрогдмол гэдэг ойлголтыг төрүүлж байна. Ингэж чадвал орлого нь сайжирна, хийсэн ажил бүтээгдэхүүн нь нэр хүндтэй, үнэлэх үнэлэмж нь сайжрах гээд сайн талтай.
Урт нэртэй хууль гарахаас өмнө замбараагүй байсан гэж яриад байгаа. Энэ хууль гарснаар бүх юмыг зогсоосон. Одоо оруулж ирсэн нь энэ хуулийг хэрэгжүүлэхэд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна гээд журамд нь нэмэлт өөрчлөлт оруулж байгаа.
Холбогдох газруудын мэдээллээс харахад энэ хуульд зарим нэг алдаа байна, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл байна. Үүнийг нэмэлт өөрчлөлтөөр засч залруулна гэдэг зүйл л явж байгаа. Түүнээс нөгөө хуулийг нь алга болгоод шинэ юм оруулж ирээгүй. Урт нэртэй хууль үйлчлэх ёстой, хэрэгжих ёстой.
-Таны яриад байгаа гарцуудыг шууд явуулна гэдэг эргэлзээтэй. Дахиад л хориг саад тавиад эхэлвэл яах вэ?
Тийм асуудал шууд байгаа. Жишээ нь одоо гацууртын ордыг ашиглах асуудал яригдаж байхад Ноён уулын булшны асуудал хөндөгдөж байна. Газар дээр нь очсон гишүүд Эдийн засгийн байнгын хороон дээр байр сууриа илэрхийлж байна. Миний ажиглаж байгаагаар Уул уурхайн яам маш муу ажиллаж байна.
Үнэхээр зарим гишүүдийн яриад байгаа шиг асуудал үүссэн эсэх дээр барин тавин, тодорхойгүй хариулт өгдөг. Үндэслэлүүдээ гаргаж ирээд нотолж чадахгүй байгаагаас эргэлзээ, хардлага төрүүлж байгаа хэрэг. Миний хувьд цэвдэгтэй газрыг ухаж угаасаа болдоггүй. Тэр утгаараа харвал эцэг өвгөд булшийг цэвдэгтэй газар байршуулсан байж болно. Үүнд бүгд л үнэмших ёстой.
Гацуурт бол эхний ээлжинд лицензээ шийдэж чадвал эдийн засагт шууд нөлөө үзүүлэх орд.
Харин тэр газар нь олборлолт явуулах газраас ямар зайд байрлаж байгаа юм, энэ зай нь шинжлэх ухааны үндэслэлэээр сөрөг нөлөөтэй эсэхийг тайлбарлах, мэдээллээр хангах үүрэг нь Уул уурхайн яаманд бий. Уул уурхайн яам энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас нэг ойлголтод хүрч чадахгүй байна. Оюутолгой, Тавантолгой бол 5-10 жилийн дараа үр дүн нь харагдах мега төсөл.
Гацуурт бол эхний ээлжинд лицензээ шийдэж чадвал эдийн засагт шууд нөлөө үзүүлэх орд. Хөрөнгө оруулагчид хайгуул хийсэн, нөөц тогтоосны дараа ашиглана гэдэг утгаараа эдийн засагт шууд нөлөөлнө. Үүнээс өөр эдийн засгийг богино хугацаанд сэргээх эх үүсвэр алга. Газар хөндөхгүйгээр явах өөр боломжийн талаар ярьдаг.
Тийм боломж байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ валютын урсгалыг бий болгох алттай харьцуулах аргагүй л дээ. Газар доор баялаг нь төрийн өмч юм бол төр яаж захиран зарцуулж иргэдэд хүртээх нь төрийн шийдэх хэрэг.
-2015 оны төсвийн тодотгол батлагдахаар хүлээгдэж байна. Засгийн газар бүх салбарт зардлыг танаж оруулж ирсэн ч өнөөдөр зарим шийдвэрээсээ ухарлаа. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
Засгийн газар яамдынхаа мэргэжилтнүүдээр тооцоо судалгаа хийхээд танаж болох зардлуудыг гаргаж ирсэн байгаа. Оруулж ирсэн төсвийг хэлэлцэхдээ алдаа оноог нь засч залруулж байна. Залруулахдаа цалин тэтгэвэр, хүүхэд, ээжүүдийн мөнгө гээд эргэж харах зүйлс дээр бүлэг дээрээ нэгдсэн байр суурьт хүрээд төсөвт суулгаж байгаа нь УИХ ажлаа хийж байна л гэсэн үг.
Гэхдээ нэг шүүмжлэлтэй зүйл бий. Үүнээс өөр эх үүсвэрийг судалсан уу гэдэг асуудал. Тэлсэн эдийн засгийг энэ хэвээр нь хадгалах өөр эх үүсвэрийг судлаагүй байна гэдэг дээр АН-ын бүлэг ч шүүмжлэлтэй хандаж байгаа. Далд эдийн засгийг ил болгох, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга замууд бий.
Тиймээс хүндээс нь арга замаа хай, битгий хөнгөнөөс нь эхлээд бай гэдэг зүйл ярьж байгаа. Нэг ёсондоо хялбараар битгий шийд гэдэг үүднээс төсөвт тодорхой өөрчлөлтүүд орж байна. Түүнээс Засгийн газрын оруулж ирсэн төсвийг зориудаар өөрчлөөд, шийдвэрээс нь буцаасан зүйл байхгүй.
Энэ бол эрүүл үзэгдэл гэж бодож байна. Миний ойлгож байгаагаар бид олон жил халамжийн сэтгэлгээгээр амьдарч байна. Үүнийг жирийн малчин ч одоо ойлгодог болсон. Хуулиудын өөрчлөлт удаан байгаа нь халамжийн сэтгэхүйтэй хуулиуд их байгаатай холбоотой. Үүнийг засахгүйгээр халамжийн сэтгэлгээ өөрчлөгдөхгүй. Нөгөө талаас сонгууль ойртчихсон учраас гишүүд тэр сэтгэлгээгээр асуудалд хандаад болж өгөхгүй байна л даа. Мөн чанартаа бол тодорхой хэмжээний хумилт хийх нь зөв.
-Та бүлгийн даргаар томилогдоод тодорхой хугацаа өнгөрлөө. Бусад намуудтай зөвшилцөж, ойлголцож ажиллахад амаргүй байна уу?
Бүлгийн дарга гэдэг амар биш, хүнд. Гэхдээ надад итгэл хүлээлгээд томилсон учраас гайгүй шиг ажиллахыг оролдож байна. Намын бүлгүүдтэй ойлголцож ажиллах боломж харьцангуй гайгүй. Сүүлийн үед гишүүд үүссэн нөхцөл байдлаас гарах санаачлага гаргаж, би чи гэж талцах нь багасч байна.
АН-ын бүлэг Засгийн газрын оруулж ирсэн бүх шийдвэр, хуулийг 100 хувь дэмжих албагүй. Тиймээс Засгийн газар оруулж ирэх гэж байгаа асуудлаа эхлээд заавал бүлэг дээр танилцуулж, тэндээс гарсан саналыг хүлээж аваад, засч залруулах зүйл байвал дахиж оруулж ирэх зарчмаар ажиллана. АН-ын бүлэг бол тодорхой улс төрийн шийдвэр гаргахад нэгдмэл байр суурь баримталж байгаа.