Ж.Батсуурь Үндэсний статистикийн хорооны ажил байдалтай танилцав
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Үндэсний статистикийн хорооны ажил байдалтай танилцав
2015.01.20

Ж.Батсуурь Үндэсний статистикийн хорооны ажил байдалтай танилцав

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Үндэсний статистикийн хорооны ажил байдалтай танилцав. Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан салбарынхаа тогтолцоо, бүтэц зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Статистикийн салбарт Монгол Улсын статистикийн тухай, Хүн ам, орон сууцны тооллогын тухай тухай хуулиуд хэрэгжиж байгаагаас гадна тус салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гурван үе шаттайгаар 2006 оноос 2020 он хүртэл хэрэгжих юм байна.

Тус хорооны дарга С.Мэндсайхан төр өөрөө төрийн байгууллагын мэдээллийн дундын сантай болж, сангаараа дамжуулан нэгдсэн нэг мэдээ, мэдээлэл авдаг байх хэрэгтэйг дурдаж байлаа.

Мөн тэрээр, Үндэсний статистикийн хороо нь статистикийн мэдээллийг өдрөөр, долоо хоногоор, сараар, улирлаар, жилээр авахаас гадна баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл, бүсийн хэмжээнд мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн гэдгийг дуулгаад хэрэглэгчдэд ойлгомжтой байлгах үүднээс мэдээллийн нэгдсэн сан WWW.1212.MN цахим сайтыг ажиллуулж байгааг танилцууллаа. Энэхүү цахим сайтаас статистиктай холбоотой бүхий л тоон мэдээллийг авах бүрэн боломжтой юм.

Түүнчлэн тус салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэх, 2016-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлуулах, төрийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ байгуулах, мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг хангах, ажилчдыг мэргэшүүлэх, сургах зэрэг тулгамдсан асуудлууд байгааг Байнгын хорооны даргад дуулгасан юм.

Байнгын хорооны дарга Ж.Батсуурь хэлэхдээ, “Техник технологийн дэвшил гарч, мэдээлэл хурдан шуурхай гардаг болсон хэдий ч төрийн захиргааны байгууллагууд үүнийг зөв ашиглахгүй байна.

Тиймээс төрийн нэгдсэн сангийн системийг бий болгож мэдээний чанар шуурхай байдал, хэрэглээг сайжруулах тал дээр анхааран ажиллаж, ямар ч түвшинд нэгдсэн мэдээлэл авдаг болох хэрэгтэй юм” гэлээ.

Мөн тэрээр, хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар Байнгын хорооны зүгээс бүхий л боломжоороо хамтарч, нэг зүгт харж ажиллах болно гэдгийг хэлсэн юмхэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.