Үлийн цагаан оготны тархалт, үр дагаварыг анхаарлын төвд аваачив
Үлийн цагаан оготны тархалт, үр дагавар, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг
2015.01.16

Үлийн цагаан оготны тархалт, үр дагаварыг анхаарлын төвд аваачив

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн С.Ганбаатарын санаачилгаар “Үлийн цагаан оготны тархалт, үр дагавар, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо “Ногоон алт” төсөл хамтран зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд болон үлийн цагаан оготны тархалтад хамгийн их нэрвэгдсэн Архангай аймгийн Өгийнуур сум, Завхан аймгийн Баянтэс, Отгон, Цэцэн-Уул сумдын төлөөлөгчид, бэлчээр ашиглалтын холбооны төлөөлөл оролцов.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, малчид таван хошуу малын түүхий эд, ашиг шимээ борлуулж амьдарч байна. Харин таван хошуу малын бэлчээр сайн байж тарга тэвээрэг авна. Гэтэл бэлчээрийг үлийн цагаан оготно эзэгнэж байна.

Үлийн цагаан оготно, бэлчээрийн менежментийг хэрхэн зөв зохион байгуулахад анхаарахгүй бол 90 хувь нь даац хэтэрсэн. Хэн хариуцах вэ? бэлчээрээ яаж сайжруулах вэ? гэдэг дээр Монгол төрийн бодлого байх ёстой. Тиймээс Улсын Их Хурал дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж буй тухай танилцуулав.

Манай орны 17 аймгийн нутаг дэвсгэрт буюу нийт 113 сая га бэлчээрийн 40 сая га талбайд үлийн цагаан оготно тархсан байна. Үлийн цагаан оготно хүрээгээ тэлснээр бэлчээрийн сөл шимтэй ургамлаар хооллон бэлчээрийн ургамлыг 90 хувь хүртэл сүйтгэж мал аж ахуйд ноцтой хүндрэл учруулах аюултай байдаг байна.