Д.Сумъяабазар: Хариуцлагагүй нөхдийн сэтгэлийн хөөрлөөр, ажилд хандсаны горыг гурван саяулаа үүрэх учиргүй
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.01.22

Д.Сумъяабазар: Хариуцлагагүй нөхдийн сэтгэлийн хөөрлөөр, ажилд хандсаны горыг гурван саяулаа үүрэх учиргүй

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай ярилцлаа.

-УИХ-аас өрийн хязгаарыг 58.3 хувьд барихаар тогтлоо. Энэ шийдвэрийг гаргахын өмнөх хэлэлцүүлгийн үеэр өрийн хэмжээ яг хэд байгаа талаар өөр өөр тоо яригдаж байсан. Оны өмнө 50 орчим хувьтай гэсэн атлаа яагаад ганцхан сарын дотор хуулийнхаа хязгаарыг давчихав?

Өмнөх Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өнгөрсөн хаврын чуулганаар оруулж ирж байсан. Шинэчлэлийн Засгийн газрын сан хөмрөг, эдийн засаг хариуцсан сайд нар болон Ерөнхий сайд нь хүртэл “Өрийн хэмжээ зохих төвшиндөө буюу 40 хувиас хэтрээгүй" гэж байсан. Гэсэн хэдий ч тухайн үед манай бүлгийн зүгээс “Өрийн босгыг нэмэхгүй, төсвийн алдагдлыг хоёр хувьдаа барь, хуульдаа нийцүүлж үйл ажиллагаа явуул” гэдэг зарчмын байр суурийг баримталж байсан.

Харин одоо МАН засагт хамтарснаараа эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар төвшинд байгаа юм бэ, өрийн хэмжээ хэд хүрчихэв, хэдий хэмжээний зээл авчихаад байна. Тэр зээлээрээ ямар ажил хийж хэрэгжүүлэв, энэ бүхэн нь зориулалтын дагуу байсан эсэх гээд бүх талын мэдээллийг авч, нухацтай ярилцаж байж бодлогын шийдвэр гаргах төвшинд хүрлээ.

Нөгөө талаар Сангийн яам угаасаа төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л тоо баримтыг засаг болон УИХ-д үнэн зөвөөр өгөх үүрэгтэй. Тэр бүү хэл, Үүнийг зохицуулсан хууль бий. Энэ ч үүднээс төсөв санхүүтэй холбоотой үнэн зөв мэдээллийг хүн бүр авах ёстой гэж үзээд манай нам Сангийн яамыг авсан. Харин үүний дараагаар бодит тоон мэдээллүүдтэй танилцаад олон нийтэд дэлгэж, мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Ер нь эдийн засаг хүндрээд байгаагийн цаана олон шалтгаан бий. Тухайлбал, төсвийн алдагдал, Төсвийн тогтвортой байдлын тухай болон Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд олон асуудал ар араасаа гарч ирээд байна л даа. МАН засагт орсноор эдийн засагтай холбоотой тоон мэдээллүүдийг бодитоор харж эхэлж байна. Цаашлаад төсвөө ч мөн бодитоор тооцож байна.

Нэг ёсондоо, агаарт байсан бүх зүйлийг хөрсөн дээр буулгаж харж чадлаа. Хэрвээ ингэж харж чадаагүй бол ирээдүйд олон эрсдэлтэй байдал бий болохоор байсан нь дэндүү ойлгомжтой болчихсон байлаа шүү дээ.

-МАН засагт орсноор өрийн босгыг нэмчихлээ гэдэг мессэжийг нийгэмд багагүй түгээлээ л дээ. Гэтэл үнэндээ “Өмнөх Засгийн газар бодит байдал дээр өрийн хязгаар хуулиа давчихсан байсныг нууж ирсэн байна” гэдгийг танай бүлгээс тайлбарлаад байгаа.
Нэг ёсондоо, агаарт байсан бүх зүйлийг хөрсөн дээр буулгаж харж чадлаа.

Өрийн хэмжээг бид нэмээгүй. Энэ угаасаа байгаа бодит нөхцөл байдал нь. Байгаа нөхцөл байдлыг гаргаж ирээд, төсвөөс гадуур байсан зардлуудыг төсөвт нь багтаагаад ард түмэндээ мэдээлж байгаа нь л энэ. Харин үүнээс хэрхэн гарах талаар олон аргачлал бий. Хамгийн наад зах нь Стэйндбай хөтөлбөрт орох эсэх гэх мэтээр ярьж таарна. Дотооддоо мэргэжлийн баг гаргаад ажиллах байх гэж бодож байна. Ернь өрийн хязгаарыг тогтоож байгаа нь арга мухардсаны илрэл биш. Зүгээр дохио өгч байна.

Бид энэ дохион дээр маш сайн ажиллаж, хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Гэхдээ мэдээж ингэлээ гээд хүнд байдлаас тийм хурдан гарчихгүй, 2-3 жилийн хөтөлбөрийн дүнд гарна шүү дээ. Дэлхийн банкныхантай уулзахад ч ийм зүйл хэлж байсан. Товчхондоо, ямар хөтөлбөрөөөр ажиллах вэ гэдгээс их зүйл шалтгаална. Ер нь 2015-2017 онд Монгол Улсаас гарах валютын урсгал, зөвхөн гүйлгээнд орох валютын тоон мэдээлэл их чухал.

Энэ тоо баримт дээр түшиглэж төсвийн алдагдлыг нөхөх, дотооддоо ямар хэмжээний бондын эх үүсвэр гаргах вэ гэдгээс шалтгаалж, тоонуудад өөрчлөлт орох ёстой гэдэг талаар ярьж байгаа. Өрийн хязгаарын хувьд оны эцсээр 55.2 хувьтай байсан. Гэхдээ төсвийн алдагдлыг нөхөхийн тулд 300 тэрбумын бонд гаргасан, түүнд ханшийн өөрчлөлт орсон.

Одоо дахиад төсвийн алдагдлыг нөхөхийн тулд 900 тэрбумын бонд гаргах шаардлагатай гэдгийг Сангийн яамны өмнөх болон одоогийн сайд нар хэлж байгаа. Гэхдээ өрийг зориудаар өсгөчихсөн юм биш. Яг өөрсдийнх нь боломж нөхцөл нь ийм төвшинд аваад ирсэн юм байна. Үүн дээр нь МАН цаашдаа бодлоготой, ул суурьтайгаар хандаж, улс орны эдийн засагт эерэг үр дүн авчрах үүднээс хамтарсан.

-Өрийн босгын талаар зөрүүтэй мэдээлэл өгч ирсэн хүмүүст хариуцлага тооцох гарц гаргалгаа өр нь байгаа юм уу. АН-ын зарим гишүүн “Өмнөх засгийн газарт тэртэй тэргүй хариуцлага тооцоод огцруулчихсан"гэх байдлаар бултуулж болзошгүй зүйлийг ярьж байгаа. Гэтэл УИХ-д улсын өрийн талаар бодитой бус мэдээлэл өгч ирсэн нь өөрөө ноцтой асуудал биз дээ?

Тэгэлгүй яахав дээ. УИХ-д худлаа мэдээлэл өгнө гэдэг хууль зөрчиж байгаагийн хамгийн том илрэл, Ингэж худал мэдээлэл өгсөөр ирсэн хүмүүст зайлшгүй хариуцлага тооцох ёстой, Засгийн газар нь огцорсноор хариуцлага тооцож байгаа юм биш. 2012 онд Монгол Улсын эдийн засаг өсөлттэй явж байсан, Хөгжлийн банкны 5Ө0 сая ам.доллар босгосон байсан.

Дээрээс нь Хятадын юанийн своп хэлцлээр авах ёстой мөнгө нь өнөө хэр байж л байна шүү дээ. Мөн Засгийн газар 52 дугаар тогтоолоороо тэтгэлэг үзүүлээд, дэлхийн зах зээлээс сайн нөхцөлтэйгөөр өрийн бичиг гаргаад эх үүсвэр татаж авчирсан гээд их л олон давуу тал эдийн засагт байсан. Гэтэл энэ их боломжийг зөв зохицуулаагүй, эдийн засгийн зөв эргэлтэд оруулаагүй, эргээд өгөөжөө өгөх салбарт санхүүжилт оруулж чадаагүйд л асуудлын гол нь байгаа юм.

Одоо дахиад төсвийн алдагдлыг нөхөхийн тулд 900 тэрбумын бонд гаргах шаардлагатай гэдгийг Сангийн яамны өмнөх болон одоогийн сайд нар хэлж байгаа.

Энэ утгаараа өнгөрсөн Засгийн газарт Эдийн засаг, сан хөрөнгө хариуцаж байсан сайд нараас гадна Засгийн газрыг тэргүүлж байсан Ерөнхий сайд нь хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Тухайлбал энэ асуудлыг тухайлан ярьж байгаад УИХ дээр босгож ирэх гэх мэт хувилбар байж болно.

Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсээс ямар ч байсан хариуцлага нэхнэ. Ямар нэгэн байдлаар буруу зөрүү зүйл хийсэн хүмүүст хариуцлага тооцдог механизмыг байлгахын төлөө л явна. Ингэхгүй бол хэдэн нөхдийн буруу тооцоолсон, сэтгэлийн хөөрлөөр аливаа ажилд хандсаны горыг гурван саяулаа үүрээд, зовлонг нь эдлээд явдаг тавилан гэж юу байхав дээ.

-Хоёр нам хамтарсны үр дүн хэзээ гарах вэ. Зөвшилцлийн хүрээнд өр нэмэхгүй байхаар тохирсон атал Засгийн газраас өр нэмье гээд оруулаад ирсэн гэх мэтээр эхнээсээ л АН-ынхан хэлсэн ярьснаасаа буцаад эхэллээ шүү дээ?

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед өмнөх Засгийн газар үнэхээр буруу, бодлогогүй явсан юм байна, төлөвлөж чаддаггүй юм байна. Ялангуяа засаглалын хэмжээнд үйл ажиллагаа явуулахад АН-ынхны хүч оролцоо дутмаг юм байна гэдэг нь олон зүйлээс харагдлаа.

Энэ талаар хэвлэлийнхэн төдийгүй олон нийт ч ярьж байгаа. Жишээлбэл, дунд шатандаа төрийн ажлыг завхруулж байгаа талаар өдөр тутмын сонинууд хангалттай бичиж байна. Энэ мэтээр олон асуудал болж бүтэхгүй тал руугаа явсан учраас өөрсдөө урилга явуулаад МАН-тай хамтрах хүсэлт тавьж байна шүү дээ.

Бидний хувьд Монгол Улсынхаа цаашдын хувь заяаг бодсондоо л засагт хамтраад адалж зүхүүлээд явж байна. Гэхдээ заавал эх оронч үзэлтэй хүн эсвэл хүмүүст хайртай царай гаргаж гүйгээд байхдаа гол биш. Ер нь эх орондоо хайртай хүн гэдэг бол наад захын ёс зүйтэй байхаас эхэлнэ. Цаашлаад үнэхээр улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргая гэж бодож байгаа гэх мэтээс жинхэнэ эх оронч алхам эхлэх учиртай.

-Одоо бүр сүүлдээ нам эвслүүд шинэ санал санаачилга гаргахаасаа илүү хуучин, аль хэдийнэ хийчихсэн ажлаар шоудах тохиолдол ч гарах боллоо?

Хэн нэгэн гарч ирээд уул уурхай юмуу, аливаа төсөл хөтөлбөрүүдийг барьж аваад ард олонд таалагдах хэлбэрээр ярих юм. Үнэндээ зарим хүн зүгээр л улс төрийн оноо авахаар улайрч байна. Ер нь хэт чанга ярьсан нь эх оронч болдог болчихсон мэт. Хамба ламын хэлснээр шүүмжлэлийн дон шүгэлчихэж.

Бие биенээ шүүмжлэхийг л илүүд үздэг болчихжээ. Энэ цаг үед МАН засагт хамтарснаараа намынхаа эрх ашгийг бус улс орныхоо нийтлэг эрх ашгийг бодсон гэдгийг хэлмээр байна. Бид хүнд үед ингэж засагт орсноор эдийн засгийг улам муутгахаас сэргийлэхээс гадна өөд татах бодлогын арга хэмжээнүүдийг авах учиртай.

Ямар үед бүсээ чангалах вэ гэдгийг бүгдээрээ тойрч суугаад ярилцах нь чухал. Ингэснээр хамтын шийдвэр хамгийн зөв байх болно гэдэг зарчим л үйлчилж байх ёстой. Үнэхээр аливаа асуудлыг хэр олон хүн шийдэж байгаагаас хамаараад олон талын оновчтой шийдвэр гардаг.

Бидний хувьд Монгол Улсынхаа цаашдын хувь заяаг бодсондоо л засагт хамтраад адалж зүхүүлээд явж байна.
-Эдийн засаг хүндэрсэн гэх шалтгаанаар уул уурхай руугаа орох гэдэг жишиг энэ удаад ч давтагдаж байна. Гацууртын ордыг стратегийн ордод оруулж, Ноён уулыг ухсанаар эдийн засагт эерэг болон сөрөг нөлөө үзүүлнэ гэх мэтээр олон талаас нь ярьж байна. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

Ерөөсөө өнөөгийн эдийн засгийн хүндрэл гэдэг маань валютын нөөц хомсдож байгаагийн нэг илрэл. Ам.долларын нөөц багасаад ирэхээр л монгол төгрөгийг үнэ цэнэ буураад ирдэг. Ам.долларын өсөлт, төгрөгийн ханшийн сулрал яваад байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хэр зэрэг валютын болон алтны нөөц сайтай байгаагаас хамаарч, Эдийн засаг сэргэж, монгол төгрөгийн зах зээл дэх ханш нэмэгдэнэ л гэсэн үг.

Тиймээс мэдээж валютын нөөцөө ихэсгэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Угтаа бидэнд гаднаас орж ирэх нөөц бололцоо хумигдмал байгаа. Уул уурхайгаас хэтэрхий хамааралтай учраас бид дотооддоо үйлдвэрлэл эрхлэх, дэлхийн зах зээл дээр өрсөлдөөд валют авчрах боломж одоохондоо хомс. Тийм учраас бид байгаа валютынхаа нөөцийг өсгөхийн тулд хамгийн боломжит хувилбар нь алт руу орох.

Гэхдээ миний хувьд Гацууртыг стратегийн ордод оруулахын эсрэг байгаа. Дахиад нэг Оюутолгой явчих вий л гэж хараад байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийг 5.4.5 буюу төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн тохиолдолд 51 хүртэлх, хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж нөөцөө тогтоовол 34 хувь гэж яриад байгаа. Энэ хоёр заалтад өөрчлөлт оруулаад бид рояалтын татвар л авах ёстой.

Алтан дээр ямар рояалти байх ёстой юм, түүнийгээ л авах ёстой. Энэ бол манай улсад шууд орж ирэх татвар. Уул уурхай дээр ийм л юм хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ зохицуулагдаж байгаа энэ үед бид эрсдэл үүрэх гэж гүйж ороод байх шаардлага ерөөсөө байхгүй. Бидэнд “Рио тинто” байна уу, Сентерра гоулд нь байна уу өөрсдөө л эрсдэлээ ҮҮРДЭГ юм байгаа биз. Харин бид гагцхүү татвараа л авах ёстой.

-Гэхдээ ноён ууланд эртний, үнэт олдворууд олноороо бий гээд байгаа шүү дээ?

Ноён уулын булш бунхныг хамгаалах ёстой. Харин энэ асуудалд бид алтны компаниудтайгаа гэрээ хийгээд өнөөх эхэс дээдсийн булш бунхантай газарт хүмүүс очиж үздэг байхаар аялал жуулчлалын бүс болгуулчих хэрэгтэй. Ингээд бүх зүйлийг нь хийлгээд хил хязгаарыг нь тогтоогоод аялал жуулчлалын бүхэл бүтэн бүс болгоод орлого олдог газар болгуулчих.

Энэ чинь бодит хамгаалалт шүү дээ. Газар дор байгаа зүйлийг гаргаж ирэхийн тулд мэдээж тодорхой хэмээнд хайгуул хийж таарна. Үүнтэй адил “Сентерра гоулд" компанид төр үүрэг даалгавраа л өг. "Энэ бол манай хамгийн эртний, үнэ цэнэтэй газруудын нэг учраас гадаадын 4 жуулчид ирэхэд сонирхол татахуйц байдлаар тохижуулж өг" гэдэг шаардлагыг тавь л даа. Миний хувьд ингэж хамгаалах ёстой гэж харж байгаа.

Хэдэн хүн тэнд очиж нийгэмд дуулиан шуугиан үүсгэх  биш бодит байдлаар үүрэг өгөөд сайхан газар болгуулчих л даа. Харин эцсийн дүндээ нэг л үнэн байгаа. Энэ бол Монгол Улсын эрх ашиг номер нэгд байх ёстой.

-Эдийн засгийг тэтгэх бас нэг гарцыг Эдийн засгийн өршөөлийн хууль гаргах гэж Засгийн газар үзэж байх шиг байна. Энэ үүднээс хууль өргөн бариад байна. Гэтэл үнэхээр энэ хууль гарснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх үү гэдэг асуултад тоймтой хариулт олдохгүй байна л даа?

Эдийн засгийн өршөөлийн хууль гарснаар чухам хаана, ямар давуу тал гарахыг олж харахгүй байгаа. Цаашлаад энэ хууль гарснаар үнэхээр гадаадад байгаа ч юмуу эсвэл нуугдмал хөрөнгө ил гарах уу гэдэг эргэлзээтэй. Чухам хэнд зориулсан хууль юм уу бэ гэдэг нь ч эргэлзээтэй шүү дээ. Манай бүлгийн хувьд энэ хууль дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа.  

Эдийн засгийн өршөөлийн хууль гарснаар чухам хаана, ямар давуу тал гарахыг олж харахгүй байгаа.             

-Төсвийн тодотголыг энэ долоо хоногт багтаад батлах шинжтэй байна. Анх орж ирсэн төсөлд ямар өөрчлөлтүүд оров. Тухайлбал, өмнө нь энэ онд цалин тэтгэвэрт зориулж нэг ч төгрөг суулгаагүй, шинээр нэг ч бүтээн байгуулалт барихааргүй байна гэх мэт шүүмжлэл маш их гарч байсан?

Нэг их наядаар төсвөө танаж оруулж ирж байгаа шүү дээ. Ялангуяа нийгмийн халамж тал руу байж болох бүхий л зардлыг танаж оруулж ирсэн. Одоо бүлэг тус бүртээ асуудлыг ярьж байна. Төв банкны зүгээс энэ оны мөнгөний нийлүүлэлтийг 1.3 их наядаар оруулж ирсэн. Бид сая төсвийн алдагдлыг таван хувиар баталсан.

Цаашид энэ тоог үе шаттайгаар бууруулна гэж байгаа. Ингэснээр 1.1 их наядыг төсвийн хөрөнгө оруулалт гэж үзвэл цаана нь 200 тэрбум төгрөг л хувийн хэвшил дээр үлдэхээр яригдаж байна шүү дээ. Мөн төсвийн хөрөнгийг бүр тэглэх санал ч орж ирж байгаа. Ер нь санхүүгийн сахилга баттай байж л эдийн засгийн хямралыг давахгүй бол хэцүү.

-Гишүүдийн зардлаас танах талаар ч ярьж байна. Гэтэл тойрогтой гишүүдэд ажил хийхэд хүнд болно гэх мэт сөрөг тал үүсэх байх. Таны хувьд Сонгинохайрхан дүүргийг төлөөлж УИХ-д суудаг гишүүн учраас энэ талаар илүү бодитой зүйл ярих болов уу?

Тойрог дээр хийх ажил үнэхээр их байгаа. Ялангуяа сургууль, цэцэрлэг, зам талбайн тохижилтоос авахуулаад маш олон ажил тойрог дээр хүлээж байгаа. Жишээ нь, миний хувьд 300 мянган иргэн, 200 гаруй мянган сонгогчтой дүүргийг төлөөлсөн гишүүний хувьд нэг ч гэсэн зүйлийг хиймээр байдаг.

Гэтэл одоогийн эдийн засгийн нөхцөл үүнийг даах чадваргүй байна. Гишүүн бүрт нэг тэрбумыг хуваарилдаг байсан шиг зардал 2012 оноос хойш байхгүй болсон шүү дээ. Туслахын цалин, унааны зардал, хууль сурталчлах, иргэдэд тайлан тавих гэх мэт жижиг зардал л байгаа байх. Энэ зардлыг тануулахдаа хүрвэл би бэлэн байна. Унааны зардлаасаа манай бүлгийн гишүүд хэдийнэ татгалзсан. Харин тануулсан мөнгөө нэг ч гэсэн багш, эмч, ахмад настны орлогыг нэмэгдүүлэхийн төлөө зарцуулах нь зүйтэй.

-Тухайлбал, танай дүүрэг дээр зайлшгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа бүтээн байгуулалтын ажил хэр байна вэ?

Жишээлбэл, Нэгдүгээр хорооллын арын дэнжийн 3.6 км замыг тавихын тулд 41.3 тэрбум төгрөг шаардлагатай байна. Энэ зам дээр ойролцоогоор 6-7 гүүр барих шаардлагатай, Өнөөдрийн байдлаар баруун тийшээ ганцхан урсгалаар гарч байгаа энэ үед зайлшгүй хэрэгтэй бүтээн байгуулалт.

Хэрвээ энэ замыг барьчихвал замын хөдөлгөөний ачаалал мах их хэмжээгээр буурна. Цаашлаад 2008 онд баригдаж эхэлсэн сургуулийн барилга, 300 мянган хүний дунд баригдах спорт цогцолбор, Баруун салаан дахь 124 дүгээр сургууль дуусаагүй долоон жил болж байна. Энэ мэт бүтээн байгуулалтын ажлыг бид зайлшгүй хийж дуусгах шаардлагатай.

Тухайлбал, манай дүүргийн 67 дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэх дээрээ тулаад байна, Гэтэл дээр дурдсан ажлуудыг гүйцээчихвэл ачаалал харьцангуй буурах гээд байдаг. Харин харамсалтай нь төсөв маань үүнийг даах чадвар алга.