А.Бакей даргын бачимдал
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.01.26

А.Бакей даргын бачимдал

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг тохой залган суудаг ангийн нөхөд нь багагүй хүндэтгэдэг бол зарим нэг нь жаахан цаашлуулж “Төрийн албанд ачаа даах нас намба жигдэрсэн аксакал” хэмээн хөөрхөн явуулдаг гэнэ.

Харин УИХ дахь бүх л нам эвслийн бүлгийн гишүүд А.Бакей даргын сүйдтэй туйлшраад байдаггүй аядуу намуухан зан байдлыг хүндэтгэдгийн хувьд хааяа нэг амнаасаа унагадаг жинтэй үгийг хүлээж авахдаа ч цааргалдаггүй гэлцдэг.

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Ө.Бакей дарга жаахан бухимдаж нүүр нь ялимгүй улаа бутарчихаад “Ганбаатар аа битгий популизм хийгээд бай. Чи УИХ-ын дэгийн тухай хууль зөрчөөд байна.

Уг нь миний шавь юмсан. Арай дэндүү популизм хийгээд байна” гэхэд уйдаж суусан наргианч нөхөд нь “За багш шавь хоёрын популизм хурцадлаа” гэцгээн хөөрхөн явуулцгааж харагдсан.

Харин УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс А.Бакей даргыг сүрхий дэмжиж байгаа бололтой зарим нэг нь жигтэйхэн баяр хүргэж, бүр алга таших нь холгүй өндөлдөцгөөж байсан нь дэд сайдын асуудал тэдний хувьд багагүй ач холбогдолтой байснаар тайлбарлагдах болов уу. Ямартай ч А.Бакей даргын бачимдал зарим нэгнийг зугаацуулсан бол өөр бусдыг нь баярлуулаад өнгөрөх шиг болов.