Д.Уранчимэг: Бид зөвхөн хамтарч байж л гар урлалын зах зээлийг хөгжүүлнэ
СУИС-ын Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэг
2014.12.03

Д.Уранчимэг: Бид зөвхөн хамтарч байж л гар урлалын зах зээлийг хөгжүүлнэ

СУИС-ын Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэгтэй ярилцлаа.

- Та СУИС-ын Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг удирддаг хүний хувьд суралцагчид болон төгсөгчдийнхөө бүтээлийг зах зээл дээр хэрхэн амжилттай борлуулж болох вэ гэдэг дээр санал, бодол өвөрлөж явдаг байх?

Гар урлал маань өөрөө олон мэргэжлийн хүрээг хамардаг, биеэ даасан салбар учраас “гар урлаач” гэсэн мэргэжил байдаггүй. Уран бүтээлчид цаашдаа мод, төмөр, чулуу, арьс, даавуу гэх мэтээр гар урлалын төрлийг сонгоод явдаг.

Монголд гар урлалыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Яагаад гэвэл дэлхийд ч тэр урлагийн сургууль төгсөж буй хүмүүс зөвхөн урлагаараа амьдралаа залгуулах нь ховор байдаг. Тухайн урлаач өөрийн бүтээлийг ахуйн хэрэглээтэй ойртуулснаар үндсэндээ хоёр дахь мэргэжилтэй болж байна гэсэн үг. Тухайлбал нэг сайхан зураг зурлаа гэж бодоход түүнийгээ дагалдуулаад зургаа алчууран дээр буулгах, плакат болгох зэргээр цогц юм хийж болно.

Манай сургуулийг төгсөж гарсан уран бүтээлч болгон зөвхөн уран бүтээлээрээ амжилт олж чадахгүй. Тиймээс сургууль дээр төрөл бүрийн төсөл хэрэгждэг. Жишээлбэл 2014 онд торгон хэвлэлийг Монголд оруулж ирээд сургалтандаа нэвтрүүлсэн. Оюутнууд өөрийн зурсан бүтээлээ торгон дээр, алчууран дээр, эсвэл футболкон дээр буулгах боломжтой болсон. Торгон хэвлэл дэлхийд хөгжөөд 10-аад жил болж байгаа, гэхдээ өнөөг хүртэл Монголд торгон хэвлэлийн машин байгаагүй. Өнөөдөр торгон хэвлэлийн алчуур дэлхийн зах зээл дээр 1000 орчим долларын үнэтэй байна. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд гар урлал гэдэг бол даавууны өөдөс, эсгийний тасархайгаар хийсэн зүйл биш. Энэ бол гоо зүйн таашаал өгдөг, урлагийн шинж чанартай бүтээл юм.

- Танай сургуулийг төгсөж гарсан хүмүүс голдуу юу хийж байна вэ?

Үнэхээр чадалтай, авьяастай төгсөгчид бий. Тухайлбал уран дархан Энхдаваа багш байна. Ерөнхийлөгийн тамгын газрын санаачлагаар хэрэгжиж буй монгол дархныг хөгжүүлэх төсөлд ажилладаг. Уран бүтээл нь дэлхийн олон музейд байдаг.

Байгаа зүйлээ бид “чулуу болгож” чадахгүй байна.

Дархны бүтээл гэдэг өндөр үнэтэй байдаг. Тэр болгон худалдаж авах боломжгүй. Тиймээс бид ямар хийц, дизайны шийдэлтэйгээр монгол дархны бүтээлийг хэрэглээнд ойртуулж болох вэ гэдэг дээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Увс, Ховдоор экспедицээр явж хүмүүсийн гар дээр байгаа алт, мөнгөн эдлэлүүдийг судалсан. Тэнд эртнээс уламжилж ирсэн ардын гар урлалын гайхамшигтай стиль байна. Түүнийг өөрчлөх шаардлагагүй. Харамсалтай нь хүмүүс мэддэггүй болохоор бренд болохгүй байна. Энэ стилийг заавал алт, мөнгөөр хийлгүй энгийн материалд шингээж зах зээлд гаргавал хөгжих боломж байна.

- Тэгвэл ямар байдлаар бренд болгох хэрэгтэй вэ?

Бренд болгохын тулд юун түрүүнд бид өөрсдөө соёлынхоо өвийг сайн судлах хэрэгтэй. Олон орон өөрийн өв соёлыг судалсан байхад манайд энэ тал хоцрогдоод байна. Тиймээс бид ардын гар урлалын олон төрөл дээр дизайн, хийцийг илрүүлэх судалгаа хийж байна. Хээрийн судалгаанд явсанаар олон сайхан зүйлийг олсон.

Нэг талд ардын гар урлалын маш баялаг уламжлал, нөгөө талд зах зээл нь байгаа ч энэ хоёрын хооронд мэдээллийн хоосон орон зай үүсчихээд байна. Өөрөөр хэлбэл гар урлалын уламжлалыг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажил хомс байна.

- Урлаач хүн зах зээлд амжилт олохын тулд ямар баг бүрдүүлэх хэрэгтэй вэ?

Инфографик: Гар урлалын зах зээлийг хөгжүүлэхэд юу дутагдаж байна вэ?

Мундаг уран бүтээлчид хажуудаа заавал шавь нартай байдаг. Хамгийн их дутагдаад байгаа нэг зүйл бол тэдний хийсэн зүйлсийг зах зээлд гаргах. Өөрөөр хэлбэл цэвэр маркетингийн асуудал гараад ирж байна. Үзэсгэлэн худалдаанд тавих нэг зам бий. Гэхдээ энэ нь ховор бөгөөд тийм ч найдвартай биш. Тиймээс бид юуны түрүүнд баг болж хамтарч ажиллах хэрэгтэй. Маркетинг хийнэ гэдэг маш үнэтэй үйлчилгээ учраас зөвхөн хамтарч ажиллаж байж л үр дүнд хүрнэ. Хамтарч ажиллах нөхцлийг улсаас дэмжээд өгөх хэрэгтэй.

Орчин үеийн хэрэглэгчид үзэмжтэй хэрнээ боломжийн үнэтэй зүйлсийг худалдаж авахыг хүсч байна.

- Дотоодод гар урлалын ямар үзэсгэлэн худалдаа гардаг вэ?

Мишээл экспо дээр “Монгол бренд” гэж үзэсгэлэн гардаг.  Өөр тодорхой хийгддэг том арга хэмжээ алга.

- Ер нь гар урлалын уламжлалыг дотооддоо сурталчлах, түгээн дэлгэрүүлэхийн тулд мэдээллийн ямар сувгуудыг ашиглаж болох вэ?

Бид хөдөөгүүр экспедицээр явж байхад нэг зүйлд маш их санаа зовж явлаа. Увс, Ховдод хамгийн сайн эсгий ширдэг хийдэг. Эсгий урлал дэлхийд маш өндөрт үнэлэгддэг, давтагдашгүй хийц, дизайнтай.  Гэтэл энэ төрлийн гар урлал хийдэг хүн цөөрч, гар урлал маань устах хандлага руу явж байна.  Хятадын хулдаас дэвссэн айл олон байхаас эсгий ширдэгтэй айл ховор. Эсгий туургатан гэж бид өөрсдийгөө сурталчилдаг ч эсгий урлаг маань мөхлийн ирмэг дээр ирчихэж. Эцэстээ эсгийгээ хийж чадахаа байх магадлал ч бий.

Тиймээс төрөөс бодлоготой санхүүжүүлж энэ мэт устах дөхсөн гар урлалын дугуйланг орон нутагт ажиллуулж хойч үедээ зааж сургах хэрэгтэй. Цөөнгүй хүн ажлын байртай болно доо. 

- Соёлын үйлдвэрлэлийг кластерын бодлогоор хөгжүүлнэ гэдгийг та юу гэж харж байна вэ?

Креатив буюу бүтээлч хандлага гэсэн ойлголт барууны урлагт түлхүү дэлгэрсэн. Харин Монголд аль хэдийнэ креатив хийчихсэн, олон зуун жил хөгжөөд ирчихсэн, дэлхийн гар урлалын сонгодог хэлбэр болчихсон баялаг уламжлал байна. Бидний хийх цорын ганц зүйл бол байгаа зүйлээ судалж мэдээд,  маркетинг, менежментийн бодлогоор залж соёлын үйлдвэрлэл болгоод зах зээлд гаргах, бренд болгох явдал. Байгаа зүйлээ бид “чулуу болгож” чадахгүй байна.