2014.11.26

Б.Норовсамбуу: Их дэлгүүрт 5 саяын үнэтэй зарагддаг хөөргийг би 700 мянгад урладаг

Зураач, сийлбэрч Б.Норовсамбуутай ярилцлаа. Түүний хувьд Централ таурын урд талын цэцэрлэгт байрлах “Мэлхийт хөшөө” болон, Монгол банкны үүдэн дэх чулуун арслан зэргийг урласан юм.

-Та чулуугаар урлаад хэдэн жил болж байна вэ ?

Яг чулуугаар дагнаж бараг 18 жил болж байна. Эхэндээ том чулуугаар хөшөө дурсгалын бүтээл хийдэг байсан. Харин сүүлийн хоёр жилд үнэт чулуугаар үнэт эдлэлүүд хийж байгаа.

-Чулуугаар сийлбэр хийхийн онцлог юу вэ?

Ур хийцийн хувьд их нарийн ажиллагаатай. Хумсын чинээ хэмжээ алдахад бэлдэц буюу чулуу ашиглах хэрэггүй болно. Маш уйгагүй хийдэг, маш хүнд ажил. Хугацааны хувьд ямар бүтээл хийж байгаагаас шалтгаалаад өөр өөр байдаг.

-Та ихэвчлэн ямар төрлийн чулуугаар бүтээлээ хийж байна вэ ?

Ерөнхийдөө гурван төрлийн чулуугаар бүтээлээ хийнэ. Төрөл бүрийн боржин чулуугаар хүн ба амьтны хөшөө, дурсгалын цогцолбор, хиймэл нуур, зам талбайн хавтан хийдэг. Олдоц ихтэй учраас. Түүнчлэн үйлдвэрийн чулуугаар хийнэ. Энэ чулуугаар төрөл бүрийн ширээ, гал тогооны тавилга зэргийг хийдэг. Ихэвчлэн Хятадаас оруулж ирдэг. Гуравдугаарт нь үнэт ба өнгөт чулуу болох хаш, мана, гартаам зэрэг чулуугаар хөөрөг, төрөл бүрийн гоёлын ээмэг зүүлт, бөгж гэх мэт бүтээлүүдийг хийдэг.

Ажлын өрөө

-Та үнэт чулуугаа хэрхэн олдог вэ. Зах зээлийнх нь үнэ ханш ямар байдаг вэ ?

Нэг килограмм нь 15-50 мянган төгрөгийн үнэтэй. Яг тогтсон ханш байхгүй. Оросын ногоон, цагаан хаш бол 50-70 ам.долларын үнэтэй байх жишээтэй. Үүний хажуугаар чулуу ховордоод үнэд орж байна. Энэ нь Хятадууд чулууг тонн тонноор монголчуудаас худалдан авдагтай холбоотой.

Ер нь чулуу урлалын бүтээлийг гадаадад үнэлэх үнэлэмж нь хамаагүй өндөр. Тэр тусмаа гараар урласан бүтээлийг сайн таньдаг учраас үнэлэмж нь арай өөр. Энэ нь үйлдвэрийн аргаар хийсэн бүтээлтэй харьцуулахад миний бүтээлийн давуу талыг илэрхийлж буй хэрэг.

Харин манайхны хувьд худалдан авах чадвар тааруу. Хэдий авах сэтгэл байв ч чаддаггүй. Монголд би бүтээлээ харьцангуй бага үнээр худалдаг. Жишээ нь энэ зурагт байгаа шатар 1.5 саяын үнэ хүрнэ.

-Хэрэглэгчдэд ямар арга замаар худалдаалж байна вэ. Шууд гар дээрээс худалдаалах эсвэл аялал жуулчлалаа дагаад зарж борлуулж байна уу?
Ер нь чулуу урлалын бүтээлийг гадаадад үнэлэх үнэлэмж нь хамаагүй өндөр.

Миний хувьд бүтээлээ Цагаан сар, Наадам, Шинэ жилийн үеэр төрөл бүрийн үзэсгэлэн худалдаагаар дамжуулаад борлуулна. Өөр нэг арга зам нь захиалгаар бүтээлээ хийнэ. Гэхдээ захиалга өдөр бүр зарагддаг шиг эрэлт хэрэгцээгээр орж ирэхгүй.

Сардаа нэг, хоёр заримдаа ямар ч захиалгагүй сар ч байна. Захиалга өгдөг хүмүүс маань интернэт болон лавлах утсаар дамжуулаад холбогддог. Захиалгын хувьд улирлын чанартай. Дүн өвлөөр бол хүн тэр болгон чулуу сонирхохгүй. Харин цагаан сар, наадам дөхөх үед хэрэгцээ шаардлага гарч ирдэг. Тэр үед л цөөн тооны захиалгууд орж ирдэг.

-Таны бүтээл дунд ямар төрлийн бүтээл түлхүү байна вэ. Зүгээр нэг бэлэг дурсгал гэхээс илүү ахуйн хэрэглээнд ашигладаг ч юм уу ?

Байлгүй яахав. Чулуу гэдэг чинь олон сая жилийн настай зүйл. Тиймээс зүгээр нэг үнэтэй зүйлээ хараад байлгүй түүнийгээ ашигладаг байх хэрэгтэй гэж би боддог. Жишээлбэл миний бүтээл дунд лааны суурь эсвэл арц уугиулагч болгоод ашиглах бүтээл хүртэл байдаг.

Тэгэхгүй бэлэгдлийн маягтай л зүйл урлаад байвал хүн авахгүй. Тиймээс хэрэглэгчдээ судалж байж гэмээн сая бүтээлээ хийдэг. Би хувьдаа аль болох хүний хийгээгүй загвар, стилийг сонгон авч урлангаа баяжуулдаг. Тэгэхгүй нэг л загвар хуулбарлаад байвал хэнд ч хэрэггүй.

Таны хувьд зарж борлуулахад хүндрэлтэй зүйл байна уу. Жишээ нь бүтээгдэхүүний сав баглаа боодол зэргээс шалтгаалах ч юм уу?

Таны хэлж байгаа шиг сав баглаа боодол маш чухал. Гэхдээ маш үнэтэй байдаг. Миний бүтээл чинь зүгээр нэг цаасаар ороочихдог эд биш загвар дизайны хувьд өнгөлөг, зарим нь тунгалаг байх шаардлагатай байдаг. Тиймээс тэр болгон сав баглаа боодол дээр анхаарал тавиад байж чаддаггүй.

Гэхдээ миний хийсэн хөөрөгний яг адилхан нь Улсын Их дэлгүүр, Алтай центр гэх томоохон газруудад 4-5 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл би чулуугаа 280 мянган төгрөгөөр авлаа гэхэд ихдээ л 700 мянган төгрөгөөр борлуулдаг. Гэвч яг үнэндээ 5 сая төгрөгийн хөөрөг миний хийсэн хоёр яг адилхан байдаг.

Чулуун шатар

-Танд ямар нэгэн дэлгүүр, лангуу бий юу ?

Байхгүй

-Мэдээж гар урлаачдын хувьд цэвэр бүтээлээ рүүгээ илүү анхаарлаа хандуулдаг. Түүнээс үүдээд хэрхэн зарж борлуулах вэ гэдгээ орхигдуулдаг талтай. Үүн дээр танд хүндрэлтэй зүйл байна уу ?

Тийм зүйл байгаа. Миний хувьд цэвэр бүтээлдээ ихэнх цагаа зарцуулдаг. Харин зарж, борлуулах ажлыг манай гэр бүлийн хүн гүйцэтгэнэ. Гэхдээ ийм зүйл байдаг. Аль нэг байгууллагын гадна талын тохижуулалт эсвэл томоохон хөшөөний тендер байлаа гэхэд гар урлалтай ямар ч хамаагүй компани авчихдаг. Тэгчихээд над руу утасдаад хийгээд өгөөч гэдэг. Тэгж хийсэн бүтээл гэвэл зөндөө.

-Жишээ нь ?

Нийслэлийн 365 жилийн ойд зориулсан Улаанбаатар зочид буудлын урд байрлах ”Мэлхийт хөшөө”-г би хийсэн. Тухайн үед сонгон шалгаруулалтаар чулуу урлалтай ямар ч хамаагүй компани сонгогдчихоод над руу утасдаад хийлгэж байсан юм.

”Мэлхийт хөшөө” болон Монголбанкны гадаах чулуун арслан

Өөр нэг нь Монгол банкны үүдэнд дэх арсланг мөн хийж байлаа. Тэр үед “Зураг урлал” ХХК-ны захирал Төрийн шагналт зураач Д.Болд тендерийг аваад надаар 15 саяар хийлгэсэн. Гэтэл Монголбанкны хөшөөнд зориулж төсөвлөсөн мөнгө нь 38 сая төгрөг байх жишээтэй.

Ер нь чулуугаар бүтээл урлаад түүнийгээ зарж борлуулсан мөнгө нь амьдрал ахуйд тань хэр хүрэлцээтэй байдаг ?

Нэг талдаа сарын тогтмол орлогогүй учраас хүндрэлтэй. Захиалга тогтмол үед орлого гайгүй, байхгүй бол тэгээд л таг зогсчихно. Улирлаар нь авч үзвэл зун, намартаа гайгүй, өвөл зогсонги байдалд орчихно. Эргээд хавраас нь гайгүй болчихдог.