Д.Даваажав: Олонхи урлаачийн хувьд бүтээлээ олонд хүргэх, сурталчлах боломж маш хомс
Хөгжмийн зэмсэг урлаач Д.Даваажав
2014.11.20

Д.Даваажав: Олонхи урлаачийн хувьд бүтээлээ олонд хүргэх, сурталчлах боломж маш хомс

Хөгжмийн зэмсэг урлаач, "Уянгацогт Амгалан" компаний захирал Д.Даваажавтай ярилцлаа.

- Та хэзээнээс хөгжмийн зэмсэг урлаж эхэлсэн бэ?

Би 1996 оноос эхэлж морин хуур болон бусад ардын хөгжмийн зэмсэг урлаж эхэлсэн. Монголын нэрт хөгжмийн зэмсэг урлаач, УГЗ Байгальжав багшид шавь орсноор өдийг хүртэл хөгжим урлахын зэрэгцээ энэ эрдэмд суралцсаар байна.

- Нэг морин хуурыг хэдий хугацаанд ямар өртгөөр хийдэг вэ?

Бүтээлийг борлуулах сувгууд

Нэгдүгээрт энэ бол авдар сав хийхтэй адилгүй. Үйлдвэрийн бус урлагийн бүтээл гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүх үе шатыг гар аргаар хийдэг учраас яг тийм хугацаанд хийнэ гэсэн юм байхгүй. Тухайн хуураасаа шалтгаалаад янз бүр. Нэг морин хуурыг жил хийх тохиолдол ч бий. Манай багшид хоёр жил гаруй урласан хуур ч бий. Яагаад гэвэл хийх явцад янз бүрийн санаа төрдөг, тэрийгээ нэмдэг. Тиймээс морин хуур, ялангуяа мастер хөгжмийн зэмсэгийг хийх тодорхой хугацаа гэж байхгүй. Харин сургалтын зориулалттай, харьцангуй энгийн хийцтэй хууранд их хугацаа ордоггүй.

- Таны хийж буй бүтээл ямар түвшинд үнэлэгддэг вэ?

Үнэлэмжийн хувьд морин хуур, ер нь хөгжмийн зэмсэг гэдэг маань зах зээлийн хувьд авч үзвэл энгийн бараа бүтээгдэхүүнээс эрс ялгаатай. Худалдан авагчид нь өөрийн бэл бэнчиндээ тааруулаад хуураа авдаг. Тэгээд ч манай ард түмэн морин хуурыг дээдэлдэг учраас авахыг сонирхсон хуураа доогуур үнээр авъя гэж зүтгэдэггүй.

Үнийн бодлогын хувьд би өөрийнхөө бүтээлийг тэнгэрт тултал үнэлэхийг хүсдэггүй. Уян хатан байх зарчмыг баримталдаг. Тухайлбал хүүхдийн морин хуур гэхэд хамаагүй үнэтэй байлгаж болохгүй. Яагаад гэвэл өндөр үнэ ирээдүй хойчийн маань морин хуур сурах гэсэн хүсэл эрмэлзэлд саад болно. Хуурын доод үнэ 180 мянга байдаг. Гэхдээ цэцэрлэгийн насныханд зориулсан хуурын тухай яриагүй байна. Түүнээс дээш бол хийц, хэр зэрэг хөдөлмөр шингэснээсээ хамаараад ямар ч үнэтэй байж болно. Мастер морин хуур дуугаралтаараа ялгаатай. Тиймээс ийм төрлийн хууранд хүмүүс мөнгө хайрладаггүй.

Бүтээлийг захиалагчид

Гэхдээ олон улсын түвшинтэй харьцуулахад Монголд гар урлалын бүтээгдэхүүний үнэлэмж доогуур. Олон улсын үзэсгэлэнд оролцоод  хэрэв гадагшаа зах зээлтэй болчихвол илүү өндөр үнээр худалдаж болох юм байна гэдгийг ойлгосон. Хятадад л гэхэд морин хуурыг жинхэнэ ёсоор нь үнэлж чаддаг. Тэгэхээр хөгжмийн урлаг өндөр хөгжсөн барууны орнуудад бүр ч өндөр үнэлж таарна даа.  Гэхдээ манайд тааруу үнэлж байна гээд тэнгэр хадсан үнэ тавиад байж болохгүй. Ард иргэдийнхээ боломжид тааруулаад хийж  л байх ёстой.

- Хөгжмийн зэмсгийн урлал таньд, таны гэр бүлд хангалттай орлого авчирч чадаж байна уу? 

Морин хуур бол тэнгэрлэг хөгжим. Н.Багабанди ерөнхийлөгчийи үед морин хуурын соёлыг түгээх зарлиг гарч хүмүүс энэ хөгжмийг сонирхох нь ихэссэн. Гэртээ морин хуур залчих юмсан, хүүхдээ сургах гэсэн хүмүүс олширсон. Урлаачид сайн хийж л чадвал зах зээл бий гэж бодож байна. Худалдан авагчийн санаанд нийцсэн зүйл хийж байж цаашаа явна. Хүний нүд хуурсан юм хийчихээд рекламдаад байх нь утгагүй биз дээ?

Орлогын хувьд овойж оцойгоод байгаа юм байхгүй ч болж л байна. Захиалга тогтмол ирдэг.

Түүний бүтээлийн санд морин хуураас гадна ятга, шанз, лимбэ, аман хуур, цуур, хун хуур зэрэг ардын хөгжмийн зэмсгийн 10 гаруй төрөл бий.

- Бүтээлээ борлуулахад ямар бэрхшээл байдаг вэ?

Ерөнхийдөө урлаач биеэ даагаад бүтээлээ хийгээд явбал олонхи тохиолдолд мэдээллээс хоцордог. Тухайлбал хаана ямар үзэсгэлэн худалдаа, уралдаан тэмцээн болж байгааг мэддэггүй. Тэгэхээр урлаачдыг мэдээллээр хангаж, борлуулалтыг дэмжиж байхаар үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй байна.

Миний хувьд Чингэлтэй дүүргийн бизнес Инкубатор төвтэй хамтарч ажиллахаас өмнө хоёр жил тутамд болдог Олон улсын морин хуур урлаачдын наадмаас өөр арга хэмжээ мэддэггүй байсан. Харин одоо уг төвийн бойжигч болсноор мэдээлэл түгээх, бүтээлээ сурталчлах тал дээр том өөрчлөлт мэдэрсэн. Интернет, гар утсаар мэдээллээ авдаг. Аливаа үзэсгэлэн дээр бидний танилцуулга тараагдаж байна гэдэг бол маш хэрэгтэй зүйл.

Ингээд бодохоор олонхи урлаачийн хувьд бүтээлээ олонд хүргэх, сурталчлах боломж маш хомс. 

- Дэлгүүр, үзэсгэлэн худалдаанаас гадна ямар нэгэн суваг ашигладаг уу?

Урлангийн ажилчдын тоо

Интернет гэж нэг сайхан юм гарч ирсэн. Саяхан Фэйсбүүкт нэг хуудас нээсэн. Манай эхнэр голдуу хариуцаж ажиллуулдаг. Гэхдээ бид интернет технологийг зөвхөн хэрэглээний түвшинд л ашиглаж байна шүү дээ. Миний хувьд интернетэд суух зав гардаггүй. Гэхдээ сүүлийн үед хүмүүст мэдээлэл хүргэх нь хамгийн чухал гэдгийг улам ойлгож эхэлсэн. Хөгжим авахаар ирсэн хүн болгонд би тухайн зэмсгийн талаар маш дэлгэрэнгүй тайлбарладаг.

- Та хэзээнээс ажилчинтай болсон бэ?  

Ноднин болтол би гэртээ ганцаараа л хуураа хийдэг байсан. Жилийн өмнөөс найзтайгаа хамтарч эхэлсэн. Өнгөрсөн зун СУИС-ын оюутнуудыг дадлагын журмаар цалин өгч ажиллуулсан. Албан ёсоор гэвэл саяхнаас ажилчин авсан.

Одоохондоо бид бүтэн байгууллагын шинж хэлбэртэй болж амжаагүй байна. Би л гэхэд ажилчиддаа зааж сургах, захиалган дээрээ ажиллах гэх мэтээр олон ажлыг зэрэг амжуулах хэрэг гардаг. Тэгэхээр миний хөгжмөө урлах цагаас хомсолдог. Гэхдээ үйл ажиллагаа маань өргөжинө гэж найдаж байна. Юм жижгээсээ эхэлдэг шүү дээ.