1000 сурагч Үндэсний түүхийн музейтэй танилцана
Сонгинохайрхан дүүргээс гурвантаа УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дүүргийнхээ хүүхэд багачууд болоод нийт иргэддээ зориулж олон ажлыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Үүний нэг нь тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн мянган сурагчдад удахгүй болох хүүхдийн баярыг тохиолдуулан Монголын Үндэсний түүхийн музейтэй танилцах боломжийг олгоод байна.
Энэ өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг дэх Ерөнхий боловсролын бүх сургуулиудын олон зуун сурагч өөрийн өвөг дээдсийн бахархам сайхан түүхтэй танилцах бөгөөд өнөөдөр эхний хоёр зуун хүүхэд музейг үзэж сонирхлоо.
Энэхүү арга хэмжээний үеэр сурагчид Монгол үндэснийхээ түүхэн өв соёлтой танилцахын зэрэгцээ, хичээлийн танхимд багшаар заалгасан түүх, нийгмийн ухааны хичээлийн мэдлэгээ бататгаж, эх оронч үзэл төлөвшихөд ач тус болох юм.