Монгол хэлний тухай хуулийн төслийг өргөн барилаа
лсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.05.16/ Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Г.Батхүү, А.Бакей, Н.Энхболд, Л.Гантөмөр нар Монгол хэлний тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн барилаа.
Энэхүү хуулийн төсөл нь 9 бүлэг, 24 зүйлтэй агаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд албан хэргээ кирил монгол бичгээр хөтлөн явуулахаар тусгажээ.
Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
1.1. Хууль зүйн үндэслэл
Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж, 2010 онд УИХ-аас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.4.2-т “Монгол хэл, бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан.
2003 онд батлагдсан “Төрийн албан ёсны хэлний тухай хууль”-аар монгол хэлийг төрийн албан хэрэг хөтлөх, төрийн албан ёсны үйл ажиллагаанд хэрэглэх, орчин цагийн монгол хэлний хэм хэмжээ, нэр томьёог оноон тогтоох, баталж мөрдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд нэр томьёоны хэрэглээ болон хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй Төрийн хэлний зөвлөлийн эрх, үүргийг тодорхойлсон байна.
Мөн “Соёлын тухай хууль” болон “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д эх хэл, бичиг үсгийг үндэсний оюуны соёлын үнэт зүйлд хамруулж, “эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх” үүргийг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үндсэн чиг үүрэгт хамруулжээ.
“Төрийн албан ёсны хэлний тухай хууль” болон “Соёлын тухай хууль”, “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн зохицуулалтуудыг харьцуулж дүгнэхэд, 1/хэлийг зөвхөн төрийн болон дотоод, гадаадын байгууллагуудын хүрээнд хэрэглэх асуудлыг түлхүү зохицуулсан; 2/Төрийн хэлний зөвлөлийн чиг үүрэгт зөвхөн нэр томьёотой холбоотой асуудлыг эрхлэхээр зохицуулсан; 3/монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх төрийн цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хэм хэмжээ тогтоох, түүнийг батламжилж мөрдүүлэх зэрэг төрийн чухал чиг үүргийг зохицуулсан зохицуулалт байхгүй; 4/монгол хэлийг соёлын өв талаас нь түлхүү авч үзэж, хэлийг нийгмийн өдөр тутмын амьдралд хэрэглэх, сурч судлах, хамгаалж хөгжүүлэх асуудалд төдийлөн ач холбогдол өгөлгүй орхигдуулсан; 5/хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын үүрэг оролцоог тодорхой зохицуулаагүй; 6/хэрэгжилтэд хяналт тавих механизм ойлгомжгүй зэрэг олон сул тал ажиглагдаж байна.
1.2 Практик шаардлага
Хэл, бичиг үсэг нь хүмүүс хоорондын харилцааны үндсэн хэрэглүүр төдийгүй аливаа улс орон соёл, уламжлал, нэгдмэл байдал, тусгаар тогтнолоо хадгалан үлдэх чухал баталгаа юм. Орчин үед дэлхий даяаршихын хэрээр олон үндэстэн угсаатны хэл ядуурч, устаж үгүй болж байгаа талаар Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын холбогдох бусад байгууллага, эрдэмтэд, судлаачид анхааруулсаар байна.
Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан “Төрийн албан ёсны хэлний тухай хууль” нь хэлний талаар баримтлах төрийн бодлогын эрх зүйн үндсийг тавьж өгснөөрөө чухал алхам болсон хэдий ч хэл нь нийгмийн харилцааны үндсэн хэрэглүүр бөгөөд хэлийг тээгч, хэрэглэж хөгжүүлэгч гол субъект нь төр бус, ард түмэн болох үндсэн зарчмыг огоорсноос өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хэлний хэрэглээ, хамгаалал хөгжилтэй холбоотой олон асуудлууд бугшиж хуримтлагджээ.
Өнөөдөр монгол хэлтэй холбоотой олон тулгамдсан асуудал буй болсныг товч дурдвал:
- 1. Иргэдийн хэлний мэдлэг, боловсролын түвшин ихээхэн доройтож байна. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллагсад, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын монгол хэл, утга зохиолын боловсролын түвшин доройтсоноос албан бичгийн боловсруулалт, сонин сэтгүүл, радио, телевизийн хэл найруулгын төвшин 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулахад ихэд доошилжээ.
- 2. Хүүхэд, залуу үеийнхний монгол хэлний чадвар ихээхэн доройтжээ. Хот, суурин газарт өсч, боловсрол эзэмшсэн хүүхдүүд уламжлалт монгол ахуйгаа мэдэхгүй, монгол ахуйг дүрсэлсэн зохиол бүтээл, үг хэллэгийг ойлгохгүй байх нь түгээмэл болсон. Байдал энэ хэвээр үргэлжилбэл монгол хэл, сэтгэлгээ устаж доройтох аюул бодитойгоор оршиж байна.
- 3. Иргэд дийлэнх мэдээллийг цахим орчин, телевизээс хүлээн авч байгаагийн зэрэгцээ мэдээллийн ихэнх нь гадаад агуулгатай байдаг нь ялангуяа хүүхэд залуучуудыг монгол хэл, сэтгэлгээнээс улам холдуулж байна.
- 4. Хотжилт, даяаршил хүрээгээ тэлж, амьдралын хэв маяг өөрчлөгдөж байхад боловсролын бүх шатанд монгол болон гадаад хэлний боловсрол олгох асуудлыг бодлогоор нарийвчлан зохицуулж чадахгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Бага, дунд сургуулийн монгол хэлний хичээлийн агуулга тогтворгүй, хүүхдэд ойлгомжгүй, уран зохиолын хичээлийн цаг ихээхэн багассан, хүүхдийг хөдөө орон нутгийн амьдрал, уламжлалт монгол ахуйтай танилцуулах иргэний боловсролын хичээл хангалтгүй, гадаад хэлний сургалтын талаар оновчтой зохицуулалтгүй байсаар байна. Илүү чанартай боловсрол олгох боломжтой хувийн сургуулиудад монгол хэлний бус, гадаад хэлний сургалтыг илүү шүтэж, зарим сургуулиудад хүүхдэд дунд ангид ортол нь монгол хэл заахгүй байх ноцтой жишээ ч байсаар байна.
- 5. Хэлний зөв бичих дүрэм, толь бичиг зохиох, батламжлах асуудлаар эрх зүйн тодорхой зохицуулалт байхгүйгээс хэлний зөв бичих дүрмийн нэгдмэл байдал алдагджээ. Өнөөдөр хэлний эрдэмтдийн зохиосон өөр өөр дүрмүүд, хориод төрлийн толь бичиг, тайлбар ном ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад зэрэгцэн хэрэглэгдэж байна. Энэ нь монгол хэл цаашид оршин тогтнож хөгжихөд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйл юм.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/92 тоот тушаалаар “Монгол хэл бичих зүйн журамласан толь бичиг”-ийг боловсруулах ажил хийгдэж байгаа ч уг тушаал нь энэ ажилд оролцоогүй бусад эрдэмтэд өөр дүрмээр, өөр толь бичиг зохиох эрхийг хязгаарлаж чадахгүй юм.
- 6. Их, дээд сургуульд элсэх, төрийн албанд ороход олон жилийн турш монгол хэлний шалгалтаас илүү гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг чухалчилж ирсэн нь эх хэлнийхээ үнэ цэнийг огоороход хүргэсэн нэгэн шалтгаан мөн. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны зарим тушаалаар энэ байдлыг залруулах алхам хийгдсэн ч асуудлыг хуулиар зохицуулах нь илүү тогтвортой үр дүнд хүргэх ач холбогдолтой юм.
- 7. Гадаад хэлний хэрэглээ өргөнөөр нэвтэрч буй өнөө үед шинэ үг, шинжлэх ухааны болон бусад нэр томьёог монгол хэлэнд буулгах ажил системтэйгээр хийгдэхгүй байгаа нь монгол хэлийг эвдэх нэгэн том аюул болж байна.
- 8. Гудамж талбай, байгууллагын нэр хаягийг гадаад хэлээр бичих, нэрлэх явдал хэт түгээмэл болж, энэ нь хот суурин газарт ирсэн малчин хүнд харь оронд яваа мэт ойлгомжгүй байдал үүсэх хэмжээнд хүртэл даамжирчээ. Гудамж зам, талбай, байгууллагын нэр хаягийг монгол хэлээр бичих тухай “Төрийн албан ёсны хэлний тухай” хуульд заасан байдаг ч хэрэгжүүлэх механизмыг уг хуульд нарийвчлан тусгаагүй, хариуцлагын механизм ойлгомжгүйгээс уг ажил хэрэгжихгүй хэвээр байна.
- 9. Монгол хэл, соёл оршин тогтнож, хөгжихөд ийм бодитой сорилт бэрхшээл хуримтлагдаж байхад хэлний хэрэглээ, хамгаалал, хөгжлийн асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих асуудлаар эрх зүйн тодорхой зохицуулалт байхгүй, хариуцсан төрийн байгууллага, хариуцлага, хяналтын тогтолцоо байхгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна.
Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Хуулийн төсөл дараах агуулга бүхий нийт 9 бүлэг, 24 зүйлтэй. Үүнд:
Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл
Энэ бүлэгт хуулийн нийтлэг үндэслэл буюу хуулийн зорилт, хууль тогтоомж, үйлчлэх хүрээ, нэр томьёо, хуулийн үндсэн зарчмыг тусгасан.
Хоёрдугаар бүлэг. Монгол хэлийг хэрэглэх
Монгол Улсын нутаг дэвсгэрт аливаа үйл ажиллагаа, албан бичиг хэргийг монгол хэлээр хөтлөн явуулахтай холбоотой харилцааг энэ бүлэгт тусгалаа.
Гуравдугаар бүлэг. Бичиг үсэг сонгон хэрэглэх
Энэ бүлэгт кирил болон үндэсний монгол бичиг үсэг, латин үсгийн хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулсан.
Дөрөвдүгээр бүлэг. Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичиг
Энэ бүлэгт Монгол Улсын хэмжээнд зөв бичих нэгдмэл дүрэм, толь бичиг хэрэглэх асуудлыг тусгайлан зохицуулсан.
Тавдугаар бүлэг. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үүрэг
Энэ бүлэгт монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой харилцаанд Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллага, хуулийн этгээд болон иргэдийн хүлээх үүргийг тусгасан.
Зургаадугаар бүлэг. Хэлний бодлогын үндэсний зөвлөл
Энэ бүлэгт монгол хэлийг хэрэглэх, хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр төрийн бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан дүрэм, толь бичиг, нэр томьёоны орчуулгыг батламжлах эрх мэдэл, чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүтэц зохион байгуулалт, эрх үүргийн асуудлыг зохицуулсан.
Долоодугаар бүлэг. Эрх бүхий судалгааны байгууллага
Энэ бүлэгт монгол хэлний дүрэм, толь бичиг зохиох, нэр томьёо орчуулах онцгой эрх бүхий судалгааны байгууллагын статус, чиг үүргийг тодотгон тусгасан.
Наймдугаар бүлэг. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар тусгасан.
Есдүгээр бүлэг. Бусад зүйл
Хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг заасан.
Хуулийн төсөл батлагдсанаар үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар
Хуулийн төсөл батлагдсанаар монгол хэлээ хэрэглэх, хамгаалан хөгжүүлэх төрийн бодлого зохицуулалт боловсронгуй болж, түүнийг хэрэгжүүлэх төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг, хариуцлага, хариуцлагын механизм тодорхой болно. Ингэснээр монгол хэл, соёлын оршин тогтнол, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлсийг арилгах нөхцөл бүрдэнэ. Хууль батлагдсанаар шинэ байгууллага байгуулагдахгүй, улсын төсөвт их хэмжээний дарамт, ачаалал үүсэхгүй болно.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль
Монгол хэлний тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Боловсролын тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн боловсруулсан болно. Уг хууль батлагдсанаар Төрийн албан ёсны хэлний тухай хууль хүчингүй болно.