З.Бат-Отгон: Эртний Монголын гүн ухааныг судалснаар би орчлонгийн оршихуйн хуулийг олж мэдсэн
Монгол суу ухааны Манукол академи ТББ-ын ерөнхийлөгч З.Бат-Отгон
2014.06.17

З.Бат-Отгон: Эртний Монголын гүн ухааныг судалснаар би орчлонгийн оршихуйн хуулийг олж мэдсэн

Монгол суу ухааны “Манукол” академийн тэргүүн, доктор З.Бат-Отгон “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” нэртэй шинэ ном гаргажээ. Түүнтэй энэ номынх нь талаар ярилцлаа.

-Энэ номоо бичих санаа Танд хэзээнээс төрсөн бэ?

-Саяхан “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” гэдэг ном гаргалаа. Би физик, математикч мэргэжилтэй. Оюутан байх үеэсээ амьдралыг, хөгжил дэвшлийг болон орчлон хорвоог арай өөр нүдээр харж эхэлсэн. Гэтэл манай дэлхийд сайн сайхан зүйлсээсээ муу муухай нь илүү олон байв.

Жишээ нь, маш олон дайн самуун болж, хүмүүсийн цус нулимс урсаж, хагацал өнчрөл, зовлон зүдгүүр, өлсгөлөн гуйланчлал, ядуурал, хар тамхи, мансуурал, донтолт, биеэ үнэлэлт, харгислал, дарангуйлал, хүчирхийлэл гэх мэт амьдралд байж боломгүй муу муухай зүйлс энгийн үзэгдэл болсон. Түүнд хүмүүсийн бодол, сэтгэл хэтэрхий дассан учир ямар ч эмзэглэл, харуусал төрөхгүйгээр маш буруу амьдарч байгааг ажигласан. Тэгээд миний сэтгэл маш их шаналж, гутарсан.

Орчлонгийн оршихуйн үндсэн хуулийг би өөрийн эзэмшсэн физик, математикаас олоогүй.

Тиймээс хими, биологи, газар зүй, анагаах ухаан, хүн судлал, сэтгэл судлал гэх мэт шинжлэх ухааны тулгуур 20 гаруй салбар руу орж судалгаа хийсэн.

Бас л олоогүй.  Тэр үеэс би “Хүн төрөлхтөн яавал энэ их муу муухай зүйлсээс салах бол?” гэж их боддог болсон. Бас “Хүн төрөлхтний зөв, сайн сайхан оршин амьдрах арга, гарц нь юу вэ?” гэж эрж хайж эхэлсэн. Байгальд хамгийн төгс шийдэл, гарц гаргалгаа байдгийг санаад эрэл хайгуулаа байгалиас эхэлсэн. Энэ нь эцсийн эцэст орчлонгийн оршихуйн түгээмэл хууль гэж нэрлэгддэг орчлонгийн оршихуйн үндсэн хуулийг таньж мэдэх ажил болж хувирсан. 

Орчлонгийн оршихуйн үндсэн хуулийг би өөрийн эзэмшсэн физик, математикаас олоогүй. Тиймээс хими, биологи, газар зүй, анагаах ухаан, хүн судлал, сэтгэл судлал гэх мэт шинжлэх ухааны тулгуур 20 гаруй салбар руу орж судалгаа хийсэн. Бас л олоогүй.

Шинжлэх ухааны хамгийн сүүлчийн салбар болох синергетик нь шинэхэн учраас тийм өндөр түвшний шийдэлд хараахан хүрээгүй байна. Дараа нь философи руу орсон. Өрнө, дорнын гүн ухааныг бүхэлд нь уншиж судалсан. Бас олоогүй. Дараа нь будда, христос, ислам хэмээх гурван том шашны сургаал номлолоос олоогүй. Мөн эзотерикийг уншиж судалсан боловч бас олоогүй. Ингээд миний эрэл мухардсан.  

Ингээд би 2000 оны эхнээс монгол судлал руу орж судалгаа хийж эхэлсэн. Учир нь, нүүдэлчин монголчууд байгалийг илүү танин мэдсэн байдаг төдийгүй тэдний амьдрал нь байгальтай хүйн холбоотой байдаг. Ингэж монгол судлал руу орж, эртний Монголын гүн ухааныг судалснаар би орчлонгийн оршихуйн түгээмэл онол, үндсэн хуулийг олсон. Удаан хайсан эрлээ олсон. Түүнийгээ “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” ном болгон бичиж уншич та бүхэнтэй хуваалцаж байна.   

-Мөнх тэнгэрийг шинжлэх ухаантай хослуулж бичсэн гэсэн үг үү?

-Товчхондоо, тэгж ойлгож болно. Мөнх тэнгэр гэдэг зүйлийг шинжлэх ухааны онол, хууль, мэдлэгээр тайлбарлаж, баталж бичсэн. 

-Монголчууд бид Мөнх тэнгэр гэж ярьдаг ч яг юуг нь сайн мэддэггүй. Мөнх тэнгэр гэж яг юу юм бэ. Олон хүн танд энэ асуултыг тавиасай гэж бодож байгаа байх?

-Тэнгэрийн сургаалд болон монгол суу ухаанд “Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх гэрлийн эрчим хүчний дээд нэгдэл” гэж сургадаг. Эндээс Мөнх тэнгэр бол гэрэл, гэрлийн энергийн нэгдэл болох нь маш тодорхой харагдана. Монгол судлал руу орж, эртний Монголын гүн ухааныг судалснаар би орчлонгийн оршихуйн түгээмэл онол, үндсэн хуулийг олсон. Удаан хайсан эрлээ олсон. Түүнийгээ “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” ном болгон бичиж уншич та бүхэнтэй хуваалцаж байна.   

Өөрөөр хэлбэл, Мөнх тэнгэр гэдэг бол цахилгаан соронзон физик, гэрлийн буюу оптикийн физик, атомын физик, цөмийн физик, квант физик гэсэн үг. Цаашилбал, синергетикийн онол, хууль, мэдлэг. Тэгэхээр Мөнх тэнгэр бол сүсэг бишрэл, шашин шүтлэг огтхон ч биш. Гагцхүү шинжлэх ухааны дээд онол, дээд мэдлэг, монголчуудын орчлонг бүхлээр нь бүрэн танин мэдсэн дээд шинжлэх ухаан юм. Чухамхүү үүнийг л уг номонд дэлгэн өгүүлсэн.

-Мөнх тэнгэр, монгол суу ухаан хоёр яаж холбогдох вэ?

-Нэг талаас, судалгаа маань монгол суу ухаан гэсэн шатнаас мөнх тэнгэрийн ухаан гэсэн дараагийн дээд шатанд ахисан гэсэн үг. Нөгөө талаас, мөнх тэнгэрийн ухаанаас монгол суу ухаан соёолж, ургаж гарсан гэсэн үг. Нэг ёсондоо, монгол суу ухааныг төрүүлсэн эцэг ухаан нь мөнх тэнгэрийн ухаан.

-Тэгэхээр таны судалгаа улам хүрээгээ тэлээд, гүнзгийрч байна гэсэн үг үү?

-Тиймээ. Миний судалгаа дараагийн түвшиндээ шилжсэн. Хэрвээ орчлон хорвоог нэг гэр гэж үзвэл түүний тооно нь Мөнх тэнгэр. Орчлонгийн орой бол Мөнх тэнгэр. Тиймээс өвөг дээдэс маань “Оройн дээд Мөнх тэнгэр бий, орчлонг чиглүүлэгч мөнхийн хүч бий” гэж итгэлтэй хэлдэг байж.

Энэ нь Мөнх тэнгэр бол орчлонгийн төр–орчлонгийн глобаль удирдлага гэсэн утгыг илэрхийлнэ. Мөн орчлон хорвоог нэг гэр гэж үзвэл тэр гэр доторх бүх амьдрал гагцхүү Мөнх тэнгэрийн хуулиар буюу Мөнх тэнгэрийн зарлигаар явагддаг юм байна. Монголчууд тэр хуулийг танин мэдээд, түүгээр улсаа бадраан хүчирхэгжүүлж Их Монгол Улсыг байгуулжээ.

Бидний өвөг дээдэс ингэж орчлон гэрийг бүхэлд нь бүрэн танин мэдэж, тэр мэдлэгээ дэлхий гэр, улс гэр, өрх гэртээ хэрэглэснээр тэнгэрлэг, агуу оршиж ирсэн байна. Мөнх тэнгэрийн ухааныг улс гэрт хэрэглэсэн нь монгол суу ухаан.

Тэгэхээр Мөнх тэнгэрийн ухаан бол орчлон гэрийн оршихуйн ухаан, харин монгол суу ухаан бол улс гэрийн оршихуйн ухаан. Мөнх тэнгэрийн ухаан ч, монгол суу ухаан ч хоёулаа байгалийн ухаан төдийгүй тэнгэрийн ухаан. Чухамхүү ингэж орчлонгийн буюу тэнгэрийн оршихуйн онол, хуулиудыг баримталж оршин амьдарсан монголчуудыг тэнгэрлэг монгол гэж нэрлэдэг байжээ.  

-Та Мөнх тэнгэр бол орчлонгийн орой гэж хэллээ. Тодруулж тайлбарлаач?

-Газрын нэг үндэснээс өвс ургамал ургадгийг бид мэднэ. Тэгвэл Мөнх тэнгэр гэдэг тэнгэрийн нэг үндсээс орчлонгийн бүх үзэгдэл юмс соёолон дэлгэрч, салаалж мөчирлөж, цэцэглэн дэлгэрдэг юм байна. Тиймээс Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх зүйлсийг өөрөөсөө үүсгэсэн, эргээд орчлонгийн бүх зүйлийг өөртөө хураан нэгтгэдэг.

Чухамхүү энэ бол супер нэгдэл. Шинжлэх ухааны сүүлчийн тулгуур онол нь супер нэгдлийн онол гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэрхүү супер нэгдэл нь монголчуудын танин мэдсэнээр Мөнх тэнгэр байжээ. Өвөг дээдсийн маань орчлонг бүхлээр нь танин мэдсэн энэ мэдлэг өнөөгийн монголчууд төдийгүй дэлхийн танин мэдэхүйд ялангуяа, шинжлэх ухааны танин мэдэхүйд нэн чухал. Тиймээс уг номыг англи, орос, япон хэл рүү хөрвүүлж, хэвлэж, түгээхээр ажиллаж байна.