Д.Л.Халханов: Гар урлаачдыг нэгтгэсэн сүлжээ байгуулах хэрэгтэй
Дорнод Сибирийн Соёл, Урлагийн Академийн шинжлэх ухаан хариуцсан захирал Д.Л.Халхановтай ярилцлаа.
- Хэрвээ жижиг, дунд үйлдвэрлэлд баримталдаг зарчмуудыг гар урлалын салбарт баримталвал хэр үр дүнтэй вэ?
Мэдээж үр дүнтэй. Гэхдээ тухайн хувь хүнээс ихээхэн зүйл шалтгаална. Гар урлалын чиглэлээр жижиг дунд бизнес эхэлж буй хүн эхлээд байгууллагаа албан ёсоор бүртгүүлж, дараа нь тодорхой судалгаанд үндэслэсэн бизнес төлөвлөгөө боловсруулах ёстой. Ингэхгүйгээр амжилттай бизнес хийнэ гэж байхгүй. Гэтэл өнөөдөр олон урлаач гэртээ ажилладаг бөгөөд ямар ч бүртгэлгүй.
- Тэгвэл бүх урлаачдыг хамарсан, үр өгөөжтэй маркетингийн ямар бодлого хэрэгжүүлвэл дээр вэ?
Соёлын өв, уламжлалыг зах зээлжүүлэх, барааны шинжтэй болгох асуудал Монгол, Оросын аль алиных нь хувьд тулгамдаад байна. Төрийн зүгээс далайцтай дэмжье гэхээр нөгөө л санхүүгийн асуудал гарч ирдэг. Хэрвээ тухайн урлаачийн бүтээл чанартай, өрсөлдөх чадвартай бол төрөөс заавал дэмжлэг авах гээд байх хэрэггүй. Хамгийн гол нь төр өндөр татвар тавьж, хэтэрсэн хяналт шалгалт хийж саад болохгүй байх хэрэгтэй. Өнөөдөр төр жижиг, дунд үйлдвэрүүдээс татвар авч, нийгмийн даатгал төлүүлж байгаа нь тэднийг ашиггүй байдалд хүргэж байна.
Гэхдээ мэдээж урлаачид бүх ажлыг ганцаараа амжуулах боломжгүй учир тэднийг ямар нэгэн зохион байгуулалтад оруулах шаардлага гарч байна. Миний бодлоор урлаачдыг нэгтгэсэн олон нийтийн байгууллага байвал зүгээр. Тэр байгууллага нь урлаачдаа мэдээллээр хангаж, хэрэглэгчдээ олоход туслах байдлаар ажиллах хэрэгтэй. Хаана ямар боломж байна, ямар үзэсгэлэн худалдаанд оролцож болох, татварын ямар асуудал байгааг хэлээд өгчихдөг болно. Заавал олон хүн ажилладаг, том бүтэцтэй байхын шаардлагагүй.
Ингэснээр гар урлалын салбарт ажилладаг хүмүүсийг холбосон сүлжээ бий болно. Өөрөөр хэлбэл сүлжээний маркетингийн бодлогыг хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй гэж би хэлэх гээд байна. Энэ байгууллага Засгийн газартай ойрхон ажилладаг байх хэрэгтэй.
- Гар урлалын тодорхой бүтээгдэхүүнээр жишээ аваад яръя л даа. Урлаач Монгол гэр хийдэг байлаа гэж бодъё. Зах зээлд амжилттай борлуулахын тулд ямар алхмуудыг хийх хэрэгтэй вэ?
Гар урлалын зах зээлийн сүлжээ
Мэдээж зах зээл хөгжсөн орны жишгээр бол бүх зүйл зах зээлийн судалгаанаас эхэлнэ. Хэнд юу хэрэгтэйг мэдэхгүй байж үйлдвэрлэл эхлэх нь утгагүй. Зах зээлд ямар эрэлт байгаа, ямар үнээр худалдаж болохыг тодорхойлох хэрэг гарна. Үйлдвэрлэл эрхлэх хүн эдгээрийг хамгийн түрүүнд судалж мэддэг. Судалгаа хийх арга замын хувьд мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авах, эсвэл мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Хэрэв тухайн урлаачид судалгаанд зориулах мөнгө хомс бол дээр дурьдсан олон нийтийн байгууллагын тусламжийг авч болно.
- Гар урлал, аялал жуулчлалын сектор хоёр хэрхэн үр дүнтэй харилцан хөгжих боломжтой вэ?
Гадны жуулчид хоёр зорилгоор тухайн оронд ирдэг. Нэг бол байгалийн сайхныгэж, эсвэл соёлын өв, уламжлалтай танилцахын тулд. Соёлын өв, уламжлалыг төрөл бүрийн үзэсгэлэн, баяр ёслол, яармаг, янз бүрийн урлагийн бүтээлээр дамжуулж харуулдаг. Жуулчин буцах үедээ ямар нэгэн бэлэг дурсгалын зүйлийг ойр дотныхондоо бэлэглэх, эсвэл гэртээ тавих зорилгоор худалдаж авдаг. Түүнд Хятадаас авчирсан хуванцар эд зүйл хэрэггүй. Түүнд Монгол хүний гараар бүтсэн оригинал бүтээгдэхүүн хэрэгтэй.
Гар урлалын бүтээгдэхүүн гэдэг маань урлагийн болоод танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой. Тэгэхээр гар урлалын бүтээгдэхүүнийг зах зээлжүүлнэ гэдэг бол түүнийг танин мэдэхүй, гоо зүйн талаас нь сайн сурталчлан, таниулах хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл та морин хуур хийдэг байлаа гэж бодоход морин хуурын талаар кино хийх, ном бичих зэргээр төрөл бүрийн мэдээллийн сувгаар мэдээлэл өгөх хэрэгтэй гэсэн үг. Ялангуяа гадны хэрэглэгчид рүү чиглэсэн мэдээллийн ажлыг түлхүү хийх хэрэгтэй.
Гар урлалын бүтээгдэхүүнийг интернетээр дамжуулан сурталчлах, борлуулах арга замууд
Ядаж морин хуур яаж хийдэг, ямар нарийн ухаан шаарддаг, морин хуурын түүх, морин хуураар дэлхийн ямар сонгодог бүтээлийг тоглодог талаар нэвтрүүлгийг гадаад хэл дээр хийгээд цацаж болно. Морин хуур ямар дуу авиа гаргадаг, яаж мал, амьтныг тайвшруулдаг зэргийг ч таниулах хэрэгтэй. Морин хуур үүссэн үлгэр домгийг ч бас орчуулчих хэрэгтэй. Ингэснээр тухайн гар урлалын бүтээгдэхүүний имидж бүрдэнэ. Тодорхой имиджтэй бүтээгдэхүүний борлуулалт үргэлж сайн байдаг.
Өнөөдөр хамгийн үр дүнтэй, хэрэглэхэд хялбар мэдээллийн суваг бол интернет. Интернетэд гар урлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах боломж маш их.
- Оросын үндэсний тоглоом болох матрёшка ямар замаар том бренд болов?
Хамгийн анх матрёшкаг өөр оронд хийдэг байсан бөгөөд 19 дүгээр зууны сүүлээр Оросод орж ирсэн гэж үздэг. Матрёшкаг анхнаасаа орлого багатай энгийн ард иргэдэд зориулж хийдэг байсан. Авч явахад авсаархан мөртөө дотроо олон ширхэгтэй. Эхэндээ зөвхөн хээ угалз зурдаг байсан бол сүүлдээ алдартай хүмүүсийн хөргийг зурдаг болсон. 20 дугаар зуунд гадныхан Оросод олноор ирдэг болсноор матрёшкаг бренд болгох шаардлага гарсан. Оросод матрёшканы үйлдвэрийн газар гэж байхгүй. Тэгсэн атлаа том бренд болсон. Миний бодлоор Зөвлөлт засгийн үед зорилготойгоор бренд болгосон. Төрөл бүрийн үзэсгэлэн зохион байгуулах, мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг байсан. Чихрийн цаасан дээр хүртэл бий. Одоо зах зээл дээр 100 рублийн матрёшка байхад 100 мянган рублийн матрёшка ч байна.