Э.Энхбат: Жинхэнэ шалтгааныг олохын тулд таван удаа яагаад гэж асуу
Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтын Ерөнхийлөгч Э.Энхбат
2014.12.02

Э.Энхбат: Жинхэнэ шалтгааныг олохын тулд таван удаа яагаад гэж асуу

Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтын Ерөнхийлөгч Э.Энхбаттай ярилцлаа.

Үйлдвэрийн менежмент гэж юуг хэлэх вэ ?

Үүнийг ихэвчлэн олноор үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн дээр яригддаг.Үйлдвэрийн менежментийн гол зорилго нь үр ашигтай ажиллахад оршино. Өөрөөр хэлбэл өртөг багатай чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байдаг.

Чанартай бүтээл үйлдвэрлэхийн тулд сайн түүхий эд, технологи хэрэгтэй. Түүнийг авна гэдэг үнэтэй. Харин зардал гаргаад авсан тохиолдолд үүгээр хэрхэн чанартай, бүтээгдэхүүн гаргах вэ гэдэг нэг төрлийн урлаг юм.

Үйлдвэрийн менежмент гэдэг нь жижиг дунд үйлдвэрлэгч нарт хэрхэн хамаарагдах уу ?

Бараг үгүй. Учир нь жижиг дунд үйлдвэрлэгч нарын хувьд ихэвчлэн микро түвшний зах зээлд яригддаг учраас тийм ч сүртэй яригддаггүй.

Тэгвэл  жижиг дунд үйлдвэрлэгчдэд маркетинг, менежментийн зөвлөгөө өгөх хэлбэрээр зах зээлийг нь тэлэх боломж хэр вэ ?

Жижиг дунд үйлдвэрлэгчдэд маркетингийн зөвлөгөө өгнө гэдэг нь санхүүгийн хувьд хүндрэлтэй. Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” гэсэн төсөл бий. Тэр төслийн хүрээнд үйлдвэрлэгч, зөвлөгөө өгөгч компани болон төслийн мэргэжилтэн нар гуравласан гэрээг байгуулдаг.

Гэрээ байгуулсны үндсэн дээр зөвлөгөө өгөгч компанидаа үйлчилгээ үзүүлсний төлбөрөө тухайн төслийг хэрэгжүүлж байгаа банкнаас тодорхой хувийг нь буцалтгүй тусламжаар авчихдаг.  Харин гар урлал шиг микро түвшний хувьд үүн шиг төслүүдэд хамрагдах боломжгүй байдаг.

Мэдээж төсөл хэрэгжүүлэхэд тавигдах шаардлага нь компани байх, ажилласан жил зэрэг стандартууд байдаг. Харин хувиараа гар урлалийн бүтээгдэхүүн бүтээж байгаа хүмүүсийн хувьд бодлогын түвшин туслах хэрэгтэй. Одоо чинь дүүрэг болгонд Инкубатор төв, Хөгжүүлэх сангууд байдаг.

Тиймээс тухайн хүмүүст мөнгөн тусламжаас илүү техник буюу маркетингийн тусламж хэрэгтэй байдаг.  Ингэхийн тулд тухайн нэг Инкубатор төв аль нэг Зөвлөх үйлчилгээний компанитай гэрээ байгуулж сургалтын хэлбэрээр чиглүүлэх үйлчилгээг үзүүлэх ёстой юм. Ингэвэл тэр хүмүүст мөнгөн тусламжаас илүү хөрөнгө оруулалт болж чадна.

Тиймээс тухайн хүмүүст мөнгөн тусламжаас илүү техник буюу маркетингийн тусламж хэрэгтэй байдаг. 
Жижиг дунд үйлдвэрлэл тэр дундаа гар урлаачдын хувьд өөрсдийн гэсэн лого, шошго, сав баглаа боодолгүй учраас зах зээлийн хувьд тийм ч хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй гэсэн зүйл байгаа болов уу ?

Үүнд нэг нийтлэг тал ажиглагдаад байгаа юм. Ерөнхийдөө жижиг дунд үйлдвэрлэгч болон түүнээс доошхи хүмүүсийн хувьд сав баглаа боодлыг их өрөөсгөл ойлгодог. Зүгээр нэг лого хийлгээд, зурагтай сав гэж ойлгодог. Гэтэл жинхэнэ утгаараа сав, баглаа боодол, түүний дизайн гэдэг чинь хэрэглэгч, зах зээлээ судлахаас эхэлдэг. 

Манай гар урлалынхан энэ тал дээр нэлээд дутмаг. Жишээ нь эсгийгээр зөвхөн гэр хийгээд байх уу, эсвэл  байшин хийж үзэх үү. Бүр цаашилбал жуулчдад зориулж Эйфлийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө зэргийг хийвэл жуулчдын сонирхлыг татаж болно. Мэдээж жуулчдын хувьд тухай орны ёс заншил шингэсэн зүйлийг авах ч зарим хэсэг нь тодорхой бүтээлийг авдаг.

Нэг үгээр хэлбэл цуглууллаганы шинжтэй. Жишээ нь манай ерөнхийлөгч хаана ч очсон глобус авдаг. Үүн шиг авах зүйлээ тодорхойлсон хүмүүс тухайн зүйлээ эрж хайдаг. Тиймээс хэрэглэгчээ сайн судлаж тэдний хүсэл сонирхлыг татах бүтээлийг хийх хэрэгтэй.

Зах зээлээ судлана гэхээр тухайн нэг гар урлаачдын хувьд нэлээд хүндрэлтэй. Ер нь үүнийг хэн судлах хэрэгтэй вэ ?

Ер нь манай аялал жуулчлалын газраас жуулчдаас сэтгэл ханамжийн судалгаа авах хэрэгтэй. Яг үнэндээ жуулчдын хувьд маш сэтгэл хангалуун бус буцдаг. Тиймээс үүнийг багцаар нь харж судлах нь зүйтэй.  Ингэхдээ “Манай оронд ирээд юу нь таалагдаж байна вэ, түүн дотроо зочид буудал, гадаад, дотоод тээвэр, хоол, үзвэр үйлчилгээ, бэлэг дурсгал гэх мэт бүх талаар нь судлах хэрэгтэй. Үүн дотроо бэлэг дурсгал дээрх судалгааг нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдэд тайлагнаснаар гар урлаачдын хувьд зах зээлээ илүү өргөнөөр харах боломжыг нээж байгаа юм.

Жишээлбэл зарим жуулчид зорчиж ирсэн тээврийн хэрэгслийнхээ сувенирийг авах нэлээд дуртай. Хэрвээ онгоцоор ирсэн бол сууж ирсэн онгоцны марктай адилхан онгоцыг бэлдээд хийчихвэл зарагдана. Манайхан сүүлийн үед нэлээд сайжирж байгаа ч судалгаагүй үйлдвэрлээд байгаа юм.

Зүгээр нэг дэлгүүр хэсч байгаад тэр байхгүй байна гээд түүнийг нь хийчихдэг. Гэтэл нөгөө нь зарагддаггүй. Үүн дээр нэг жишээ хэлэхэд савхин бээлий хийдэг хүмүүс савхиар л бээлийг хийдэг. Харин дэлхий нийтийн хандлага бол бээлийний ар тал нь ноос эсвэл ноолуураар хийдэг. Тэр нь шоотой, цэцэгтэй гэх мэт хувилбараар хийж болж байгаа юм.

Нэг үгээр хэлбэл хэрэглэгч бол өөрт таалагдсанаа л авдаг.
Гар урлалын бүтээлийг үр дүнтэй борлуулахад ямар гарцууд байна вэ ?

Үүн дээр хэлэхэд дахиад судалгаа хэрэгтэй. Гар урлалын бүтээгдэхүүн аль сувгаар түлхүү зарагдаж байгаа мэдэх. Жишээ нь зочид буудал дээр үү эсвэл хөдөө юу гэх мэтээр гол борлуулалтын сувгаа мэдсэнээр нийлүүлтээ ихэсгэх боломжтой.

Нөгөө талаар хэрэглэгч чанартай бүтээгдэхүүн авахын тулд шаардлага тавьж эхэлдэг. Энэ нь бар код, паспортын асуудал. Гар урлалын бүтээгдэхүүн байнгын шинэ төрлийн бүтээл гардаг учраас үргэлж бар код авна гэдэг хүндрэлтэй. Түүнийг авахдаа нэг төрлийн бүтээгдэхүүнд 100 мянган төгрөгөөр авдаг. Гэтэл энэ нь жижиг гар урлаачдын хувьд тэр болгон бүтээгдэхүүндээ бар код авна гэдэг хэцүү.

Манай гар урлаачдын бүтээлийг дотоодод үнэлэх үнэлэмж нь нэлээд доогуур байдаг. Харин жуулчдын хувьд хавьгүй өндөр үнэлж худалдан авдаг гэх ялгаа бий. Үүнийг хэрхэн тогворжуулах вэ ?

Дотоодод бол хэрэггүй учраас тоохгүй байна. Гол нь хэрэгцээний асуудал юм. Түүнээс биш монгол хүн хийсэн болохоор муу гэж байгаа юм биш. Харин чанарын хувьд олон улсын түвшин хүрэх нь чухал байна. Жишээ нь хэрэглэгч монголдоо үйлдвэрлэсэн кофе ууя гэж бодоход дотоодын кофе нь 3000 төг, харин Бразилаас орж ирсэн кофе 5000 төгрөгийн үнэтэй. Хэрэглээд үзэхэд монголынх нь амт муутай, харин нөгөөх нь амт сайтай.

Гэтэл би монголд үйлдвэрлэсэн болохоор амт муутайг нь авна гэдэг хэрэглэгч нэг ч байхгүй. Нэг үгээр хэлбэл хэрэглэгч бол өөрт таалагдсанаа л авдаг. Харин ямар үед үндэсний үйлдвэрлэлийг дэмждэг гэвэл тухайн хоёр кофе амт буюу чанарын хувьд яг адилхан үед л эх оронч сонголтыг хийнэ. Үүнийг олон улсын чанарт хүрэх гээд байгаа юм.

Өөр нэг нь бид гар урлалын бүтээлийг олноор худалдаж аваад хэрэглэх хэрэгцээ байхгүй улмаас тоодоггүй байх. Дээр нь нэмээд хэлэхэд өөрийн бүтээлийнхээ үнэлэмжийг борлуулагчаас нь асуух нь чухал. Тухайн борлуулагчаас миний бүтээл яагаад зарагдахгүй байна вэ гээд асуухад загвар муу гэдэг. Яагаад загвар нь муу байна гэх мэтээр асуух хэрэгтэй. Үүн шиг жинхэнэ шалтгааныг олоход таван удаа яагаад гэдгийг асуу гэсэн дүрэм байдаг. Үүнийг ч гэсэн ашиглаад үзэх хэрэгтэй.