2014.11.28

Л.Дамдинсүрэн: Манай зах зээл дэндүү жижигхэн

Сийлбэрч Л.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

- Та өөрийн уран бүтээлийн талаар яриач?

Би гэр төдийгүй бүх төрлийн модон сийлбэр хийдэг. Дүрслэх урлагийн дунд сургууль төгсөөд сийлбэр хийж эхэлсэн. Анх таван жилийн өмнө бүтэн сийлбэртэй том гэрийг тавилгын хамт хийж байсан.

Гэр хийнэ гэдэг маань бусад төрлийн сийлбэртэй харьцуулахад нүсэр хөдөлмөр ордог. Ялангуяа бүтэн сийлбэртэй гэр хийхэд гар урлалын хэд хэдэн төрлийн урчууд оролцдог. Тухайлбал эхлээд бэлдэцээ гаргахад мужааны ажил хийх хэрэгтэй болно. Дараа нь жинхэнэ сийлбэрийн ажилдаа орно. Мөн гэрийн металл чимэглэл хийхийн тулд дарханы ур чадвар шаардагдана. Түүнчлэн оёдолчин хэрэг болно гэх мэт.

Л.Дамдинсүрэн

Сүүлийн үед “каркасан гэр” гэж нэрлээд буй баганагүй гэр хийдэг болсон. Ийм гэрийг голдуу зөөхгүй, суурин байхаар хийдэг. Урлаач болгоны хийсэн гэр хийц, чимэглэлийн хувьд өөр өөр давтагдашгүй байдаг. Эрт дээр үеэс уламжилж ирсэн элементүүд дээр бүтээлчээр сэтгэж, төрөл бүрээр зохиомжилж дэглэх боломжтой. Жишээ нь энэ гэрийг эрдэнийн чулуу шигтгэж чимэглэсэн нь маш өвөрмөц болсон. Модернист маягаар орчин үежүүлэх боломж ч бий. Заримдаа бүр Хүннүгийн үеийн хийцээр урласан ч болмоор юм шиг санагддаг.

Өвөрмөц хийж чадвал захиалагчийн сэтгэлд илүү нийцдэг тал ажиглагддаг. Түүнээс гадна гэрийг зориулалтын байдлаар нь олон хэлбэр, хийцтэй хийдэг. Тухайлбал шашны зан үйлийн, хүлээн авалтын, хүндэтгэлийн, ахуйн гэх мэт.

- Гэр урладаг хүн олон байдаг уу?

Сүүлийн үед олширсон. Өвөрхангайн Бат-Өлзий, Уянга суманд бүр ч олон бий. Зарим нь гэрийн сийлбэрийг машинаар хүртэл сийлдэг болчихсон байна лээ. Гадагш нь гэр гаргадаг хувийн компаниуд хүртэл байна.

- Та хийсэн бүтээлээ хүссэн үнээрээ борлуулж чаддаг уу?

Миний хувьд болж байна л гэж боддог. Гэхдээ би гадуур худалдаанд бүтээлээ тэр болгон тавьдаггүй. Голдуу шууд захиалгаар сийлбэр хийдэг. Байнгын захиалагчид ч бий. Захиалга тасардаггүй. Гэрийн тавилга, мал, амьтны дүрс ихэвчлэн хийлгэдэг. Захиалагчтайгаа үнээ тохирдог. Илүүг хийж борлуулъя гэхээр зав гардаггүй.

- Ямар хүмүүс захиалга өгдөг вэ?

Гэр орноо тохижуулъя гэсэн нэг хэсэг хүмүүс байна. Адилхан сийлбэр, дархны ажил хийдэг хүмүүс ч бий. Нэг хэсэг нь зөвхөн чимэглэл, бэлэг дурсгалын зориулалтаар хийлгэдэг байхад, нөгөө хэсэг нь чимэглэлийн зэрэгцээ ахуйд хэрэглэж болохоор бүтээл захиалдаг. Сүрэгт нь байсан хайртай мориныхоо дүрсийг хийлгэе гэж ирдэг хүмүүс олон. Зургийг нь бариад ирдэг.

- Урландаа хэдүүлээ ажилладаг вэ?

Хоёр шавьтайгаа ажилладаг. Шавь нар голдуу хөрөөдөх, харуулдах, лакдах гэх мэтийн мужааны ажил хийдэг. Нарийн юмаа мэдээж би өөрөө хийнэ.

- Та компани байгуулсан уу?

Үгүй.

- Жижигхэн ч гэсэн компани байгуулаад, үйл ажиллагаагаа өргөжүүлээд орлогоо нэмье гэсэн бодол байдаг биз дээ?

Л.Дамдинсүрэнгийн ур ухаан шингэсэн бүтэн сийлбэртэй 8 ханатай гэр

Байлгүй яахав. Гэхдээ санхүүгийн асуудал хэцүү. Хажуугаар нь байнгын захиалганд баригддаг болохоор өргөжүүлэх хугацаа гарахгүй байна. Уг нь хэрэгтэй багаж нэмээд авчихвал бүтээмж нэмэгдэх боломж бий.

- Гадагшаа бүтээлээ борлуулъя гэж оролдож үзсэн үү?

Санаа байлгүй яахав. Угаасаа манай зах зээл жижигхэн шүү дээ. 10 морин хуур хийчихвэл зарагдах гэж нэлээн хугацаа орно.

Миний хувьд Өвөрмонголд хоёр сар ажиллаж үзсэн. Тэнд бол хэдэн арваар бус, хэдэн мянган ширхэгээр нь ярьдаг. Хийхдээ голдуу элдвийн тоног төхөөрөмж ашигладаг. Гар оролцох нь ховор. Тэгсэн мөртөө эрэлт байнга байдаг. 10 мянган цар үйлдвэрлэхэд тэр дороо борлох жишээтэй. Манайд бол хэдэн жил болно доо.

- Сийлбэрийн зах зээлд өрсөлдөөн хэр байна вэ?

Одоо Монголд юм хийдэггүй хүн гэж ховор болчихож. Бүгд л ямар нэг хийж борлуулахыг хичээнэ. Өрсөлдөөн ширүүн байна. Тэгэхээр сайн материал сонгохоос эхлээд бүтээлээ чанартай, давтагдашгүй өвөрмөц хийж чадахгүй л бол хүн авахгүй шүү дээ. Хийсэн хаалга нь ачаад очихын хооронд салаад уначихвал ичгэвтэр биз дээ?

- Сийлбэрээс олсон орлого таныг санхүүгийн асуудлаас чөлөөлж чадаж байна уу?

Хангалуун амьдарна гэхэд ч хаашаа юм. Өөрөө өөртөө болоод л байна. Хийсэн зүйл маань талх шиг борлогдохгүй. Хэрэв том зах зээл байсан бол мэдээж өөр хэрэг.

- Бизнесийн ухаанд суралцая гэж оролдож байв уу?

Зарим нэг зүйл судалж үзсээн. Ер нь орчин үед бизнесийн ухаанд бага ч болов суралцах хэрэгтэй болчихоод байна.

- Таны цаашдын зорилт, төлөвлөгөө юу вэ?

Би бараг 30-аад жил сийлбэр хийчихлээ. Байнга захиалгаар хийдэг болохоор өөрийн гар дээр үлдсэн бүтээл гэж ховор. Тиймээс юу хийж сурснаа үзүүлэх зорилгоор үзэсгэлэн гаргая гэсэн бодол байгаа. Зарж борлуулалгүй нухацтай сууж нэг хэсэг сийлбэрээ хийнэ. Сийлбэрийн бүх төрлийг харуулах зорилготой.