Говь-Алтай аймагт Эрүүл мэндийг дэмжих төв , халдвартын эмнэлэг хүүхдийн ордны шав тавилаа
2011.06.06

Говь-Алтай аймагт Эрүүл мэндийг дэмжих төв , халдвартын эмнэлэг хүүхдийн ордны шав тавилаа

Дэд бүтэц сул хөгжсөн, нийслэлээс алслагдсан, «Хөгжлөөс гээгдэж үлдсэн нутаг» хэмээн нэрлэж байсан Говь-Алтай аймагт өнөөдөр бүтээн байгуулалт ид өрнөж, иргэдийн сэтгэл санаа ч өөдрөг байна. Говь-Алтай аймагт Монгол ардын намынхан өргөн  бүрэлдэхүүнтэй ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг бодлого гаргах түвшинд хүргэх, асуудлыг газар дээр нь  шийдвэрлэхийг зорьж байгаа. Тийм учраас тус аянд Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Р.Раш, Д.Хаянхярваа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Хууль зүйн дэд сайд В.Удвал Байгаль  орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан нар оролцож, зургаан салбар уулзалт зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Халиун, Жаргалант, Бигэр зэрэг сумдад ажиллаж сумын иргэдтэй уулзаж ахуй байдалтай нь газар дээр нь танилцлаа. Алтайчууд бодлого, шийдвэр гаргадаг албан тушаалтнуудыг хөдөөгийн аж амьдралтай танилцуулж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхэд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.Үнэхээр ч эрх мэдэл бүхий сайд дарга нар нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, иргэдийн гомдол санал, хүсэлтийг хүлээж авч байлаа. Нөгөөтэйгүүр алс хол баруун хязгаарт бүтээн байгуулалт ид өрнөж байна.

 

Говь-Алтай аймагт Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн салбар сургууль байрладаг. Дөч гаруй жилийн түүхтэй, мянга гаруй оюутантай тус сургуулийн хичээлийн шинэ байрны өргөтгөлийн барилга барихаар шав тавилаа. Алтайн баруун хязгаар нутагт нийтдээ дөрвөн тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хичээлийн байрыг нь өргөтгөж, оюутны байр шинээр барих юм. Үүнээс гадна Говь-Алтай аймагт Эрүүл мэндийг дэмжих төв, халдвартын эмнэлэг, Хүүхдийн ордны шав тавилаа. Мөн энэ үеэр Говь-Алтайгаас Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай зам барих ажлын нээлт болж, алтайчуудын магнайг тэнийлгэв. Говь-Алтай аймгийн хувьд хамгийн бэрхшээлтэй асуудал дэд бүтэц, эрчим хүч. Улаанбаатараас алслагдсан, төвийн эрчим хүчний системд холбогдоогүй тус аймгийнхан нийслэлтэй засмал замаар холбогдох эх суурь тавигдаж байгаад баяртай байна. Үүнээс гадна энэ сарын 15-нд Тайширын усан цахилгаан станц нээлтээ хийнэ. Эрчим хүчний асуудал үндсэндээ шийдэгдэж, зам тавихаар хөрөнгө оруулалт хийж байгаад Говь-Алтайнхан баяртай байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Алтай хотын иргэдтэй уулзахдаа «Та бүхэнтэй уулзахад өөдрөг сайхан байна. Бүтээнэ, хийнэ, бид чадна» гэсэн итгэл дүүрэн үг сонсож, бас үргэлж шинийг хийж бүтээх урам зоригтой байгаад талархаж байна. Ядарч, зүдэрч байна гэсэн үг ганцыг ч сонссонгүй.

Харин хөгжил өөд тэмүүлж, хийж бүтээж байгаа хүмүүстэй уулзлаа» хэмээн хэлсэн юм.Үнэхээр ч алтайчууд ажилсаг, бас бүтээлч ард түмэн гэдгээ Ардын намынханд харуулж чадлаа.«Өлслөө, цангалаа» гэж үглэх хүн олдсонгүй. Иргэдийн уулзалтын үеэр «Бэлэн мөнгөний амлалтаа зогсоож, бүтээн байгуулалт амлаж эхлэх хэрэгтэй байна. Мөнгө тараах гэж зовж байснаас амласан байр байшин, зам харгуйгаа засвал бидэнд үлдэх зүйл их. Хүн сансарт нисгэж байсан Монгол Улс өнөөдөр хиймэл дагуул нисгэх цаг болсон.Тийм байтал бид хүний амьдрал, аймаг орон нут-гийн хөгжлийн эх болсон тог цахилгаан, ундны ус, зам харилцааныхаа асуудлыг шийдэж эхэлж байна. Дээрх асуудлуудыг  цогцоор нь шийдчихвэл алтайчууд бидэнд өөр асуудал, зовлон бэрхшээл алга гэцгээж байсан юм. Говь-Алтай аймаг нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа хоёрдугаарт ордог том аймаг.

Энэ аймагт Дэлхийн Улаан номд Монгол Улсын нэрийн өмнөөс орсон 20 гаруй төрлийн ховор сонин амьтан бий. Хэдийгээр нийслэлээс алслагдсан, зам харгуй муу ч гэсэн өнөөдөр байгаа сул талаа тэд дараа хөгжих давуу тал гэж үнэлж байна. Говийн аймгууд ашиг хонжоо харсан нинжа нарын хөлд талхлагдаж,  газрын хөрсөө орвонгоор нь эргүүлсэн.Тэгвэл алтайчууд бусдаас сургамж авч, хариуцлагатай уул уурхайг бодит байдлаар нь хөгжүүлэхийг зорьж байна. Дэд бүтцээ шийдэж, орон нутгийн удирдлагатай хатуу чанд гэрээ байгуулж, ажлын байр бий болгох, бас нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, нөхөн сэргээлтээ хийж чадах тийм л компанитай хамтарч ажиллана хэмээн ярьцгааж байсан юм. Ийнхүү Алтай нутагт хийсэн Ардын намын «Ард түмнээ сонсъё» аян тун амжилттай өндөрлөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.