Гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажил ирэх сараас эхэлнэ
2011.04.19

Гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажил ирэх сараас эхэлнэ

Бог мал төллөж байгаатай холбогдуулан мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг 5 дугаар сарын 1-нээс эхлэн богино хугацаанд чанартай хийж дуусгахыг Улсын Онцгой комиссын хуралдаанаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Дамдиндорж нарт даалгалаа.

 

Хэнтий, Сүхбаатар аймагт тарьсан шүлхийн вакцины дархлааны хүчдэл сул байгаа шалтгааныг тогтоох зэрэг судалгааны ажлыг 4 дүгээр сарын 20-наас эхлэх болсон байна.Мөн шувууны томуу өвчний дээжийг Дэлхийн мал эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын бүсийн лавлагаа лабораторид илгээж онош баталгаажуулах, зэрлэг шувуудын дунд тандалт, судалгаа хийн, сэжигтэй тохиолдолд яаралтай  арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Улсын Онцгой комиссын хуралдаанаар мөн Улаангом, Даланзадгад хотын дулааны станцын өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонссон байна.1 дүгээр сарын 17-20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дулааны станцад гарсан гэмтлийг 1 сарын дотор зассаны дүнд станц ямар нэгэн сааталгүй ажиллаж байгаа тухай Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар танилцууллаа.

 

Харин Увс аймгийн Улаангом хотын дулааны станцад байдал өөр байна. Салбарын яам, агентлаг тодорхой арга хэмжээ авч байгаа бөгөөд зуух, дулааны сүлжээний хянах хэмжих хэрэгсэл, хамгаалах клапан байхгүй зэрэг олон хүндрэл гарч байна.Иймээс халаалт зогсохоос өмнө үүнийг шийдэж ажилд оруулах, шаардлагатай засвар, үйлчилгээ хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад даалгалаа.2011 оны 1 дүгээр сарын 17-нд Увс аймгийн “Увс-Дулааны станц”-д гарсан техникийн гэмтлийн улмаас Улаангом хот хөлдөхдөө тулж аваарийн байдалд шилжсэн юм.

 

Станцыг хувьчлалаар авсан компани нь хүлээсэн үүргээ биелүүлж чадалгүй орон нутагт их хэмжээний хохирол учруулж, станцын үндсэн тоноглолын техник, ашиглалтын дүрмийг ноцтой зөрчиж байгаа тухай өмнө нь Засгийн газрын хуралдаанаар яригдсан. Компанийн эзэмшилд байгаа газар доорх шугам, сүлжээ болон станцыг орон нутгийн өмчлөлд эргүүлэн авах талаар судлахыг хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгосныг хэрэгжүүлэхийг Онцгой комиссын дарга, Шадар сайд М.Энхболд анхаарууллаа.

 

Станцыг хэвийн ажиллуулахад шаардлагатай 370 сая төгрөгийг өмнө нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байсан юм. Одоогоор Ховд аймгийн дулааны станцын хэвийн ажиллагаа доголдоход хүрээд байгааг Эрчим хүчний газрын дарга мэдээлэлдээ дурджээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.