БНХАУ-д гарч байгаа халдварт өвчин манайд илрээгүй
2011.04.19

БНХАУ-д гарч байгаа халдварт өвчин манайд илрээгүй

БНХАУ-ын зарим мужид Тромбоцитопени дагалдсан халтай чичрэгт хам шинж буюу шинэ вирусээр үүсгэгдсэн өвчин гарч хурдацтай тархаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ нь шинэ өвчин, шинэ вирусийн халдвар гэсэн албан ёсны мэдээлэл, сэрэмжлүүлгийг улс орнуудад өгөөгүй  байгаа юм.Энэ өвчний талаар Улсын Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн манай улсад тархаж болзошгүй байгаа учир урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авахыг Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

 

Хачигаар дамждаг энэ өвчний халдварыг газар тариалан эрхэлдэг, 50-иас дээш насны эмэгтэйчүүд илүү авсан бөгөөд уулархаг газруудад өвчлөл илүү их бүртгэгджээ.3 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл дэгдэж, 4-8 дугаар сард оргил үедээ хүрдэг энэ халдвар хүнээс хүнд дамжаагүй нь БНХАУ-д хийсэн судалгаагаар тодорхой болсон байна.Өвчний нууц үе 1-2 долоо хоног бөгөөд 38-40 хэм хүртэл халуурч бие сулрах, хоолонд дургүй болох, толгой, булчин өвдөх, захын тунгалгийн булчирхай томорч хөндүүрлэх, суулгах, хэвлийгээр өвдөх, зүрхний цохилт цөөрөх, арьсаар тууралт гарах, ходоод, гэдэснээс цус алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.Мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтөөс гадна цус алдаж, цусанд натрийн хэмжээ эрс багасвал нас барах аюултай. Одоогоор тусгайлсан эмчилгээ байхгүй ч онош тодортол доксациллин гэх мэт антибиотик хэрэглэж болох юм байна.

 

Хачигт хазуулахгүй байх нь энэ өвчнөөс сэргийлэх гол үндэс бөгөөд Эрүүл мэндийн сайдын албан даалгавар гаргаж бүх шатны эмнэлгийн байгууллагад хүргэх, өвчний тархалт, халдвар авахгүй байх зөвлөмжийг иргэдэд өгөх, урд хөршид зорчсон иргэдээс асуумж авч, хил гарах гэж байгаа бол анхааруулга өгч байхыг Онцгой комиссын хуралдаанаас холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн БНХАУ-д гарч байгаа шинэ халдварт өвчнүүдийн тухай мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтмол авч байхыг Эрүүл мэндийн сайдад даалгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.