Үр хөндөлтийг хязгаарлах хуультай болъё
2011.04.21

Үр хөндөлтийг хязгаарлах хуультай болъё

Өнөөдөр" сонин "Үр хөндөлтийг  хязгаарлая" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Монгол Улс 1989 оноос үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор үр хөндөлт арилжаа наймаа шиг газар авлаа. Улаанбаатарын өнцөг булан бүрт "үүрээ зассан" эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд үр хөндөлт хийж амьдардаггүй гэж үү. Үр хөндөлтийг хангалуун амьдрах арга болгосон эмч нар "Үр хөндүүлэх эсэх нь хувь хүний эрхийн асуудал. Орчин үедийм мэс ажилбар хийх багаж хэрэгсэл нь боловсронгуй болсон, хүний эрүүл мэндэд аюулгүй" гэх мэтээр хувийн бизнесээ хаацайлж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 12.4 мянган эх үр хөндүүлжээ. Үүний 8214-ийг Улаанбаатарт хийсэн байна. Гэвч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газраас гаргасан энэ тоо бодит амьдралд нийцэхгүй байгаа юм. Нийгмийг цочролд оруулахгүй, анхаарал татахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд эмнэлгүүд үр хөндөлт хийсэн тоогоо дарж мэдээлдэг нь үнэн. Ганцхан үнэн мэдээллийг энд өгүүлъе. Орхон аймагт 2009 оноос өмнө үр хөндөлт жилд 55-аас дээш гардаггүй байж. Бодит мэдээлэл авахын тулд аймгийн Нэгдсэн эмнэлгээс хувийн хэвшлийн эмнэлгүүддээ үр хөндөлт хийх зөвшөөрөл өгч, үйл ажиллагаагаа үнэн зөв мэдээлэхийг хүсжээ. Үр дүнд нь 2010 онд 460 эх үр хөндүүлснийг мэдэв. Харин он гарсаар эхний хоёрхон сард энэ тоо 260 гараад байгаа тухай тус эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжил нэгтнүүддээ ярихыг сонссон билээ. Монголд үр хөндөлт ямар хэмжээндхүрснийг гэрчлэх ганц үнэн тоо энэ. Нийтийг хамарсан ядуурал, төрийн муйхар бодлогоос болж үр хөндөлт газар авлаа. Үүний үр дүнд Монгол Улс хөгжихгүй, хүн ам өсөхгүй. Харин үр хөндөлтөөр амьдардаг эмч нар л хийх ажилтай байх юм. Тэд үр хөндөхийн тулд тангараг өргөсөн гэж үү.Үр хөндөлтийг хязгаарлах хууль гаргах нь манай хэлэлцүүлгийн гол зорилго.Тийм ч учраас УИХ-ын зарим гишүүнд "Үр хөндөлтийг хязгаарлахыг та дэмжиж байна уу?" гэсэн асуулт тавьсан юм.

С.Бямбацогт: Үр хөндөлтийг хязгаарлах нь зөв

-Үр хөндөлтийг хязгаарлахыг хуульчилж хорих эсэх нь шийдэхэд түвэгтэй асуудал. Яагаад гэвэл үр дагавар  нь хүний  эрүүл мэндэд хохиролтой ч гэсэн хөндүүлэх болсон шалтгаан нь яах аргагүй амьдралаас урган гарсан хүсээгүй жирэмслэлтийн үр дүн байдаг. Амьдрал ядуу, гэмт хэргийн золиос болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үр хөндүүлэх нь байж болох асуудал. Харин өөр бусад тохиолдолд үр хөндөлтийг хязгаарлах, зохицуулах нь зөв. Үр хөндүүлэх болсон шалтаг шалтгааныг судалж байгаад хүний эрхийг зөрчихгүйгээр энэ асуудлыг шийдэх ёстой байх.Үр хөндөлтийн өнөөдрийн замбараагүй байдлыг цэгцлэх, хязгаарлахыг дэмжиж байгаа. Харин ор тас хориглож болохгүй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.