Үр хөндөлтийг хязгаарлах хуультай болъё
Өнөөдөр" сонин "Үр хөндөлтийг хязгаарлая" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Монгол Улс 1989 оноос үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор үр хөндөлт арилжаа наймаа шиг газар авлаа. Улаанбаатарын өнцөг булан бүрт "үүрээ зассан" эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд үр хөндөлт хийж амьдардаггүй гэж үү. Үр хөндөлтийг хангалуун амьдрах арга болгосон эмч нар "Үр хөндүүлэх эсэх нь хувь хүний эрхийн асуудал. Орчин үедийм мэс ажилбар хийх багаж хэрэгсэл нь боловсронгуй болсон, хүний эрүүл мэндэд аюулгүй" гэх мэтээр хувийн бизнесээ хаацайлж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 12.4 мянган эх үр хөндүүлжээ. Үүний 8214-ийг Улаанбаатарт хийсэн байна. Гэвч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газраас гаргасан энэ тоо бодит амьдралд нийцэхгүй байгаа юм. Нийгмийг цочролд оруулахгүй, анхаарал татахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд эмнэлгүүд үр хөндөлт хийсэн тоогоо дарж мэдээлдэг нь үнэн. Ганцхан үнэн мэдээллийг энд өгүүлъе. Орхон аймагт 2009 оноос өмнө үр хөндөлт жилд 55-аас дээш гардаггүй байж. Бодит мэдээлэл авахын тулд аймгийн Нэгдсэн эмнэлгээс хувийн хэвшлийн эмнэлгүүддээ үр хөндөлт хийх зөвшөөрөл өгч, үйл ажиллагаагаа үнэн зөв мэдээлэхийг хүсжээ. Үр дүнд нь 2010 онд 460 эх үр хөндүүлснийг мэдэв. Харин он гарсаар эхний хоёрхон сард энэ тоо 260 гараад байгаа тухай тус эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжил нэгтнүүддээ ярихыг сонссон билээ. Монголд үр хөндөлт ямар хэмжээндхүрснийг гэрчлэх ганц үнэн тоо энэ. Нийтийг хамарсан ядуурал, төрийн муйхар бодлогоос болж үр хөндөлт газар авлаа. Үүний үр дүнд Монгол Улс хөгжихгүй, хүн ам өсөхгүй. Харин үр хөндөлтөөр амьдардаг эмч нар л хийх ажилтай байх юм. Тэд үр хөндөхийн тулд тангараг өргөсөн гэж үү.Үр хөндөлтийг хязгаарлах хууль гаргах нь манай хэлэлцүүлгийн гол зорилго. Тийм ч учраас УИХ-ын зарим гишүүнд "Үр хөндөлтийг хязгаарлахыг та дэмжиж байна уу?" гэсэн асуулт тавьсан юм.
Г.Баярсайхан: Монголчууд бидний сул тал бол бид цөөхүүлээ
-Би үр хөндөлтийн асуудалд хоёр өнцгөөс хандаж яримаар байна. Нэгдүгээрт, улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Монголчууд бидний хамгийн сул тал бол цөөхүүлээ. Нөгөө талаас монголчуудыг агуу үндэстэн гэдэг. Өргөн уудам газар нутаг байгалийн арвин баялгаа ашиглаад баян амьдарна гээд хүний хүчин зүйлийг тоодоггүй. Тийм биш. Бид олуулаа байж хүчтэй байх юм. Нэг жишээ хэлэхэд, ОХУ 143 сая хүн амтай. 2010 онд өмнөх жилийнхээсээ хүн ам нь нэг саяар буурчээ. ОХУ жилд хоёр сая үр хөндөлт хийдэг. Энэ үзүүлэлтээрээ манай хойд хөрш дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл монголчууд хүн амынхаа тоотой харьцуулахад ОХУ-д хийж байгаа үр хөндөлттэй зэрэгцэх хэмжээнд явж байна. Ингэж үр хөндөлтийг чөлөөтэй тавина гэдэг Монгол Улсын хувьд галаар наадаж байгаа хэрэг.
-Үр хөндөлт хүн амын өсөлтөд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэж хэлдэг хүн байдаг юм билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Сүүлийн үед Монголын хүн амын өсөлт буурч байна. Монголчууд бид 1990 оноос хойш 600.000 иргэнээ үр хөндөлтөөр хөнөөлөө гэж үздэг. Би үүнд харамсаж явдаг. Энэ байдлаараа 10, 50, 100 жилийн дараа монгол үндэстэн юу болохыг бодох хэрэгтэй. Энэ газар нутагт монгол угсаатан цөөнх болох вий гэхээс болгоомжилж байна. Тэгвэл бидний хойч үе, үр хүүхдүүд өнөөдрийн эрх баригч биднийг сайнаар хэлэхгүй шүү дээ. Энэ тал дээр үндэсний эрх ашигт нийцсэн эрүүл мэндийн, хүн ам зүйн бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
-Энэ чинь эхийн эрүүл мэндэд ч халгаатай мэс ажилбар шүү дээ.
-Би эмч мэргэжилтэйн хувьд эхийн эрүүл мэндийг бодохгүй байж болохгүй. Арван эх үр хөндүүлэхэд нэг нь цаашид ураг тээх чадваргүй болдог гэсэн статистик үзүүлэлт бий. Тэгвэл эх хүн хоёр дахь удаагаа үр хөндүүлэхэд үр тогтоох чадвар нь 30 хувь буурдаг. Дээр нь эмнэлгийн дотоод халдвар авч болно. Мэс ажилбар учир эхийн амь насанд ч халтай. Нөгөө талаас эхийн хэвлийд тогтсон ургийг хэзээнээс хүн гэж тооцох вэ гэдэг нь дэлхий даяар маргаантай байдаг асуудал л даа. Би хувьдаа эхийн хэвлийд үр тогтсон цагаас амьдрал эхэлж байна гэж ойлгодог. Эхийн хэвлийд ураг бойжих есөн сарын хугацаанд ээжийгээ сонсдог, баярлахад нь баярладаг, хөдөлдөг, хөгжим сонсдог. Жирэмсэн үедээ хөгжим их сонссон эхээс төрсөн хүүхэд эелдэг сайхан хүн болж төлөвшдөг. Тэгэхээр энэ эхийн хэвлийд амьдрал байдгийг харуулсан хэрэг мөн биз дээ. Буддын шашинд хүн болж төрнө гэдэг зүүний үзүүрт будаа тогтохын адил ховор тохиол гэдэг. Христ, мусульман, буддын шашинд хүний амьдрал эхийн хэвлийд үр тогтсон цагаас эхэлж байна гэж ойлгодог. Тэгэхээр бид ч гэсэн энэ өнцгөөс нь харах хэрэгтэй.
-Лалын шашинтай орнуудад л үр хөндөлтийг хориглосон байдаг гэх хүн бий.
-Тийм биш. Ирланд,'Полъш, БНСУ, Аргёнтин, Мальта зэрэг орон үр хөндөхийг хориглосон байдаг. Энд ардчилсан, тоталитар дэглэмтэй, исламын шашинтай орнууд баян, ядуу гэсэн зааг ялгаа байхгүй. Дэлхийн 77 улсад үр хөндөхийг хорьсон байдаг. Үр хөндөлтийг хориглоно гэхээр манайхан хүний эрхийг зөрчсөн болно гэдэг. Хамгийн түрүүнд хэлдэг үг хүний эрх шүү дээ. Хүний эрхээс гадна үндэсний эрх ашиг гэж илүү том эрх ашгийг мартаж болохгүй. Хүний эрхээс гадна эхийн амь нас, эрүүл мэнд, эхийн хэвлийд бойжиж буй шинэ иргэний хувь заяаг бодох ёстой. Хүний эрхийг давж сэтгэх ёстой.
-Гэхдээ бид үр хөндөлтийг бүр мөсөн хориглох бус, хязгаарлах тухай ярьж байгаа?
-Хязгаарлах нь зөв л дөө. Эхийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах эмчийн заалтаар, эсвэл хүчирхийллийн золиос болсон тохиолдолд жирэмслэлтийг зогсоох нь зүйтэй. Үүнээс гадна олон хүүхэдтэй эхчүүдэд төрөөс дорвитой дэмжлэг үзүүлэх ёстой. Манайд үр хөндөлтийг хориглож байсан үе бий. Тэгэхэд эх, үрсийг дэмжсэн өргөн цар хүрээтэй бодлого хэрэгжүүлж байсан. Хүн ам ч өссөн. Тэгвэл одоо үр хөндөлтийг хязгаарлах цаг нь болсон. Эрүүл мэндийн сайдын гаргасан үр хөндөлттэй холбоотой тушаалыг би олж үзсэн л дээ. Үр хөндөлтийг хумих бодлого барьж байгаа юм билээ. Үүнийг улам нарийсгаж, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байна. Төрийн буруу бодлогын улмаас эрүүл мэндийн салбар хүртэл гажиж эхэллээ. Тэр нь юу гэвэл, зөвхөн үр хөндөлт хийхийн тулд эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулж байна. Улаанбаатарт эмэгтэйчүүдийн 120 эмнэлэг байна гэдэг. Тэр эмнэлгүүд ажиллаад л байдаг. Төрөлт нэмэгдэх биш тэр хэмжээгээр буурч байна шүү дээ. Бид хүн ам цөөтэй үндэстэн учир үүнийг ухамсарлаж, үр хөндөлтөд өөр өнцгөөс хандах ёстой гэж хэлмээр байна.