
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн найруулж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал дүгнэлт гаргах шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганмаа судалгааны үр дүн, санал дүгнэлтийг танилцуулав. Ажлын хэсэг иргэдийн бодит санал, байр суурийг тусгах зорилгоор Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүдээр (Сандэй плаза, Хархорин, Дүнжингарав, Нарантуул) ажиллаж, нийт 1,123 иргэнээс сэтгэл ханамжийн судалгаа авчээ.
Ажлын хэсэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, санхүүгийн эрсдэлгүйгээр чанартай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэв. Үүний хүрээнд эмч, эмнэлгийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаа, нийгмийн хамгааллыг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, хүн амын амьдралын хэв маягт нийцсэн, тэгш хүртээмжтэй тусламж үзүүлэх “Монгол Улсын өвөрмөц загвар”-ыг хуульчилж хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн дүгнэжээ.
Иймд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг шинэчлэн найруулж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.