Д.Очирбат: Шинжлэх ухаан техник өндөр хөгжчихөөд байхад бид 30-40 жилийн өмнөх багажаар эмчилгээ хийж байна
Төр засгаас шинэ бүтээн байгуулалт хийх, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байгаа. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэх хүмүүс монголчууд бид. Тиймээс эрүүл хүн л ажил эрхэлж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чадна. Иймээс иргэдийн эрүүл мэндийн манаанд зогсох салбараа шинэчлэхээр болж, хуульд нь өөрчлөлт, шинэчлэл хийж эхэллээ. Удахгүй Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг парламентаар хэлэлцэх юм байна. Энэ талаар Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа.
-Эмнэлгийн салбараа шинэчлэх алхам эхэлж байна. Салбарын хувьд ямар бодолтой байна вэ?
-Ардчилал зах зээлийн замд шилжсэнээс хойш Эрүүл мэндийн салбарт огт шинэчлэл хийгээгүй явсаар өнөөг хүрсэн байгаа. Хэрэглэж буй багаж тоног төхөөрөмж нь 30-40 жилийн өмнөх техник. Мэс заслын багаж нь ч хүртэл адилхан. Гэтэл өнөөдөр дэлхийн бүх улс ийм техник хэрэгслээ аль эрт жагсаалаас гаргаж, орчин үеийн хүчин чадал сайтай багажаар үзлэг оношилгоо хийж байна. Ерөнхийдөө шинжлэх ухаан, техник, технологи өндөр хөгжчихөөд байхад 40 жилийн өмнөхөөрөө байж, иргэдийн эрүүл мэндэд санаа тавина гэдэг хэцүү.Тийм ч учраас дотооддоо бус гадаадад очиж эмчилгээ хийлгэж байна шүү дээ.Техник хэрэгсэл нь байвал бусад орныг зорих шаардлагагүй л болно. Иймээс л салбарын шинэчлэл хийхээр төр засгаас шийдвэр гаргасан хэрэг.
-Саяхан Эрүүл мэндийн тухай хууль батлагдсан.Харин одоо даатгалтай холбоотой хуулиа оруулж ирнэ гэсэн?
-Тийм. Эрүүл мэндийн тухай хууль нь тус салбарын эцэг хууль нь л даа. Энэ ч утгаараа түрүүлэн баталсан юм. Одоо бусад дагалдах хууль журамд нь өөрчлөлт оруулах ажил эхэлнэ.Үүний эхнийх нь Эрүүл мэндийн даатгалын хууль. Өөрчлөлт, шинэчлэл хийх ажлын хэсэг хууль боловсруулах ажлаа дууссан гэхэд болно. Ирэх долоо хоногт хэлэлцүүлэгт оруулчих байх. Иргэд яагаад энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон юм бэ гэсэн асуулт тавих болов уу. Өнөөдөр даатгуулсан иргэддээ үйлчилгээ нь хүрч чадаж байна уу,татвар төлөгч хүссэн эмчилгээ, оношилгоогоо хийлгэсэн эсэх гээд олон зүйл бий. Магадгүй хүн бүр чадахгүй байна гэсэн гомдол гаргана.Тэгвэл үүнийг л сайжруулах, иргэд хүссэн эмчилгээгээ хийлгэдэг байх, өвчнөө бүрэн эмчлүүлэх боломжоор хангах зорилгоор хуульд нь өөрчлөлт оруулж байгаа юм.
-Өнөөдөр даатгал өгдөг хүнээсээ илүү өгөхгүй байгаа нь их. Харин Засгийн газар бүх хүнээ даатгалд хамруулах бодлого баримталж байгаа?
-Энэ бол хамгийн зөв алхам гэж боддог. Даатгалгүй иргэд эмнэлгийн үйлчилгээ авахад маш хүндрэлтэй.Үүнээс болж хувийн хэвшлийн төлбөртэй эмнэлэгт үзүүлдэг. Уул уурхайн хөгжиж, ашигт малтмалаасаа өндөр ашиг хүртэх гэж байна. Ийм цаг үед 2.8 сая иргэнээ бүрэн даатгалд хамруулах хэрэгтэй. Мөн салбараа шинэчлэн, ард түмнээ эрүүл байлгах талаар анхаарч, аваад явчих боломжтой. Хятад, Орос шиг хэдэн зуун сая, тэрбумаар тоологдох хүн амтай биш. Ийм боломж уг нь бий шүү дээ.Ер нь, Засгийн газраас зөв бодлого гарган, хууль эрх зүйн орчинг нь сайжруулаад өгчихвөл асуудал гарахгүй. Тодруулбал, уг хууль шинэчлэгдсэнээр даатгалын шимтгэл төлөгч та дансандаа ийм мөнгөтэй учир ийм тусламж үйлчилгээ, эмчилгээ хийлгэж болно, ийм үйлчилгээ авахад тэдэн төгрөг гэсэн мэдээлэл авах боломжтой болох юм. Өнөөдрийн хуульд ийм заалт байхгүй, даатгалын байгууллага ч энэ талаар нээлттэй мэдээлэл өгч чадахгүй байгаа. Үүнийг л нээлттэй болгох шаардлагатай байна.
-Хэвтэж эмчлүүлэхэд арав хоног л байдаг. Энэ нь, бүрэн эмчлэх хугацаа биш гэсэн яриа бий?
-Би үүнтэй санал нэг байдаг. Арав хоногт бүрэн эмчилгээ хийлгэх боломжгүй. Мөн эмчилгээ хийлгэж байгаа хүнд бүрэн оношилгоо хийдэггүй. Зөвхөн заасан хоногт л хэдэн тариа, эм өгсөн болоод л гаргадаг. Иргэд дахин өөр газар хэвтэх гэхээр нь эмчилгээ хийлгэсэн байна гээд хүлээн авдаггүй гэсэн гомдол ч бий. Нэгэнт даатгалаа төлчихсөн л бол бүтэн жил үзүүлж, оношлуулж болно. Хуучны зарчмаа халах цаг нэгэнт болжээ. Ийм ч учраас тухайн өвчтөнг бүрэн төгс эмчилж, оношлох талаар хуульчилж өгөх бодолтой байгаа.
-Бүтэн жилийн хугацаанд эмнэлэгт үзүүлээгүй, хэвтээгүй бол урамшуулал олгох тухай ярьж байсан. Ийм боломж бий юу?
-Нэгэнт даатгалаа төлчхөөд түүнийгээ ашиглаагүй бол ийм боломж олгох нь зүйтэй гэж үздэг. Яагаад гэвэл тухайн хүн эрүүл мэнддээ анхаарал тавьж чадсан учир даатгалынхаа тодорхой хэсгийг буюу 20-30 хувийг нь эргүүлэн авах боломж бүрдүүлье гэж байгаа юм.
-Эрүүл мэндийн салбарынхны багаж, тоног төхөөрөмж тааруу гэж та хэлсэн.Тэгэхээр төсвөөс өгч байгаа хөрөнгө тийм ч хангалттай биш байна уу?
-Жил бүр парламентаар төсөв хэлэлцэх үед тус салбарт хуваарилдаг мөнгийг огт хасаж байгаагүй. Харин ч нэмж тусгадаг. Гэтэл бодит амьдрал дээр төсөвлөсөн хөрөнгө юунд зарцуулагдаад байна гэдэг нь хачирхалтай.Тоног төхөөрөмжөө солихгүй, эмч нарынхаа цалинг нэмэхгүй, мэргэшүүлэхэд нь ч анхаарахгүй явсаар. Ер нь, бодлогын залгамж халаа гэж огт байхгүйтэй холбоотой юм болов уу даа. Миний бодлоор сайдаар томилогдож буй хүмүүс дөрвөн жилийн дараа суудлаа өгнө гэсэн бодолтой байдаг учир төсвийг юунд ч хамаагүй цацаад, дур зоргоороо аашилдагтай холбоотой гэж үздэг.
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл гэж 90 гаруй тэрбум төгрөгийг жилдээ цуглуулдаг.Үүнийг захиран зарцуулах, хяналт тавих зорилготой газар бий болно гэсэн?
-Тийм. Агентлагийн хэмжээнд биш юм гэхэд газар байгуулах байх. Ерөнхийдөө шинээр бүтэц бий болох юм.
-Аж ахуйн нэгжүүд ажилчдаа даатгалд хамруулах сонирхолгүй байдаг. Дийлэнх нь, тогтсон ажилчингүй болохоор төлөх боломжгүй гэдэг тал бий?
-Мөнгө төлөх сонирхолгүй болохоор л тогтсон ажилчин авдаггүй, сар ажиллуулаад халдаг юм билээ. Иймэрхүү маягаар татвараас зугтдаг байгууллагыг хаах хүртэл арга хэмжээ авдаг болох нь зүйтэй.Үүнийг хуульд нарийвчлан тусгах шаардлагатай.