Л.Гантөмөр: Хамтарсан үед олонхтой ойлголцох худлаа юм байна
УИХ-ын гишүүн,Ардчилсан намын бүлгийндэд дарга Л.Гантөмөртэйярилцлаа.
-Энэ хаврын чуулгандундаа орж байна. Сонгуулийн өмнөх жилийнхаврын чуулган утгаараа ажил хэрэгч,шахууажиллах ёстой байх.Чухал ямар хуулиуд хэр үр дүнтэй явж байна, таны хувьд ямар хуулиуд дээр илүү ажиллаж байна вэ, яагаад?
-Маш олон хууль хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Овоорсон ажил байна аа. Хүмүүс, сэтгүүлчид яагаад энэ чуулганаар ийм их ажил төлөвлөгөө вэ гэж асуудаг л даа. Зарим зүйлийг үнэхээр цаг хугацаанд нь хийж амжихгүй байна. Засгийн газраас түүхий хуулиуд их орж ирж байна. Түүнийг засаж янзлах, боловсруулах. бодлогыг нь зөв болгож гаргахад цаг их алдаж байна. Онцолж хэлэхэд, Эрүүл мэндийн хоёр хууль өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих, Сонгуулийн, Биржийн тухай, Компанийн тухай, Нэгдсэн төсвийн тухай хуулиуд байна. Миний хувьд илүү анхаарч, санаа тавьж ажиллаж байгаа хуулиуд бол Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд, Зээлийн мэдээллийн болон Нэгдсэн төсвийн тухай хуулиуд юм. Мэдээж хэрэг ,Сонгуулийн тухай хууль УИХ-ын гишүүдийн төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Тэгэхээс ч өөр аргагүй юм. Энэ хуулиудаар үндсэндээ тухайн салбарын бодлогын шинэчлэл, олон жил ужгирсан асуудлуудын шийдлийг гаргах зорилготой юм.Чуулганы үлдсэн хугацаанд шуурхай ажиллаж,батална гэж бодож байна.
-Эрүүл мэндийн болон Даатгалын тухай хуулийг өмнө нь шинэчилсэн найруулгаар баталж байсан санагдах юм, ийм хурдан өөрчлөх болов уу?
-Үгүй дээ, Эрүүл мэндийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Харин Эрүүл мэндийн даатгалын хуулийг ирэх хоёр долоо хоногт хэлэлцэнэ. Эрүүл мэндийн тухай хуульд орсон зарчмын шинэчлэл нь эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, Зохион байгуулалт удирдах байгууллагуудын эрх үүрэг, чиглэлүүдийг тодорхой болгож өгснөөрөө онцлогтой. Жишээлбэл, эрүүл мэндийн байгууллагууд удирдах зөвлөлтэй болж байгаа. Удирдах зөвлөлөөр асуудлаа шийддэг болох нь тэдний хараат бус тал руу хийж байгаа нэг томоохон алхам юм. Уг нь хоёр алхаад бүрэн биеийг нь даалгах байсан л даа, гэтэл бас тэгж чадахгүй байна. Гэхдээ дээрх өөрчлөлтийг хийснээр эмнэлгийн дарга нарыг солих, халах, үүрэг, зохион байгуулалт, хариуцлага гэсэн асуудлууд маш тодорхой болно. Өмнө нь ихэнх нь улс төрийн үүрэг даалгавраар тавигддаг ч юм уу, эс бөгөөс олон. жил ажилласан гэх мэт шалгуураар явдаг байсан нь олон муу үр дагавар чирдэг байсныг өөрчиллөө. Эрүүл мэндийн даатгалын хуулиар хийх бидний хүсэж байгаа зүйл бол байгууллагыг нь бие даалгах явдал юм. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын байгууллага даатгал төлөгч нарын мөнгийг эргүүлээд тэдний эмчилгээ, үйлчилгээнд л зарцуулах ёстой. Эмчилгээ үйлчилгээнд зарцуулна гэдэг бол үнэ тарифыг тогтоох болон түүний чанарын тухай асуудал.
Өөрөөр хэлбэл, ямар эмчилгээ, үйлчилгээ авна түүнд тохирсон мөнгийг даатгалын байгууллагаас төлөх ёстой. Гэтэл энэ чиг үүргийг өнөөдрийг хүртэл төрийн байгууллага хийж ирсэн. Нэг ёсондоо, Засгийн газар.Тэгэхээр Засгийн газар өөрөө эмнэлгүүдээ ч удирддаг, өгөх мөнгөө ч шийддэг. Энэ цаашаа явахгүй л д ээ. Даатгуулагчдын эмнэлгүүдийн, олон өвчтөний гээд олон эрх ашгийг хэн ч анхаарахгүй зөвхөн Засгийн газар өөрийнхөө төсөв мөнгөний чадамждаа тааруулаад, үзэмжээрээ асуудлаа шийдэж иржээ. Үүнийг өөрчлөе гэж бодож байгаа. Яагаад даатгалын байгууллагыг бүрэн бие даалгахыг зорьж байна гэхээр даатгалын мөнгийг жинхэнэ эзэнд нь хүргэж, зориулалтаар нь хэрэглэхэд л чиглэж байгаа юм. Засгийн газрын өргөн барьсан төсөлд хагас бие даасан хэлбэртэй буюу Засгийн газрын агентлагийн статустай байхаар тусгасан байна л даа. Бид ойрын үед ярилцаад асуудлаа шийдвэрлээд явахыг зорьж байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг ийнхүү бүрэн хийхгүйгээр муу нэр, бугшсан дадал, даатгалын мөнгө иддэг байдал өөрчлөгдөж засагдахүйнэ ээ.
-Энэ салбарын хувьчлал ерөөсөө болохгүй нь уу?
-Яг одоо хувьчлал хийгээд үр дүн гарна гэдэгт бид итгэхгүй байна. Яагаад гэвэл хувийн хэвшлийнхэн өрсөлдөх чадвараар их сул байна шүү дээ. Аль ч салбарт ийм байна. Бүх л салбарт хувийн хэвшлийн компаниуд аль болохоор хичээгээд, өдөр шөнөгүй ажилладаг ч харамсалтай нь нэгдүгээрт, Монголын зах зээл өөрөө жижигхэн, хоёрдугаарт, Хятад гэж агуу том үйлдвэрлэгч манай хажууд байдаг. Гуравдугаарт, далайд гарцгүй гэх мэт олон нөхцөлөөс болоод манай бизнес эрхлэгчид сайн хөрөнгө оруулах чадвартай болохгүй их цаг алдаад байна. Эрүүл мэндийн салбарын хувьд эхний ээлжид даатгалын байгууллагаа биеийг нь даалгаад эхлэхээр эмнэлгүүд- хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Эмнэлгүүд яг хувийн хэвшлийнхэн шиг ажиллаж эхлэх байхгүй юу. Одоо байгаа тогтолцоо нь эмнэлгүүдийг цаг нөхцөөдөг, аргацаадаг, унтуулдаг учраас болохгүй байна гэж бид үзэж байгаа. Энэ салбар өөрөө тийм их ашигтай биш шүү дээ. Магадгүй хөрөнгө оруулалт хийгээд ч 20 жилийн дараа л ашигтай болж болно.Үүнийг харсан, сайн хөрөнгө оруулалт хийх чадамж суух юм бол бид заавал төрийн ба орон нутгийн өмчид байлгаад байх шаардлага байхгүй л дээ. Хувийн хэвшилдээ өгөөд л явах ёстой. Тэгэхдээ төрийн өмчид гээд Засгийн газар эмнэлэг мэдэхээ болих ёстой байхгүй юу. Ёр нь бусад салбарт ч тэр өмчийн эзэн нь засаг ч гэлээ тэр байгууллагын удирдлага бол бүрэн бие даасан байх ёстой.
-Зээлийн мэдээллийн сангийн хууль юу болж байна?
-Зээлийн мэдээллийн сангийн хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлдэж байна. Гол нь энэ хуулиар монголчуудад зээл авах боломжийг нэмэгдүүлэх юм.Тодорхой хэлбэл, Гантөмөр санхүүгийн хувьд хэр сахилга баттай хүн бэ гэдэг нь ил тод болно.Тэгэхгүй бол манай банк, санхүүгийнхэн хүнд үйлчлэхдээ зөвхөн хөрөнгийн баталгаа байна уу, үгүй юу гэдгээс цаашаа харж чадахгүй байна. Олон банкан дээр нэг барьцаа тавьчихдаг луйврын шинжтэй үзэгдэл яваад байдаг. Зээлдэгчид нэг банкан дахь зээлээ чанаргүй болгочхоод нөгөө банкнаас зээл авчихдаг.Тэгэхээр бид мэдээллийн сангаа зөв байгуулаад, сайн хөрөнгө оруулалт хийж чадах юм бол энэ нь цаашдаа монголчуудад зээлжих боломжийг илүү олгоно, ил тод байдлыг харуулна. Ингээд ирэхээр монгол хүмүүс санхүүгийн сахилга баттай болно гэж бид ойлгож байгаа. Наад зах нь цахилгаан, дулаан, телефон утасныхаа" мөнгийг цагт нь төлдөг, машин, орон сууцныхаа зээлийг цагт нь төлдөг болно шүү дээ. Энэ нь тухайн хүн хэр зэрэг итгэлтэй хүн бэ гэдгийг тодорхойлдог юм байна л даа. Түүнээс биш тэр хүнд том эдлэн газар, байшин барилга байна уу гэдэг гол биш. Энэ хуулийг бид энэ чуулганаар ямар ч байсан батална. Зээлийн мэдээллийн бие даасан байгууллага байгуулагдана. Гэхдээ энд хоёр асуудал байгаа юм. Нэгдүгээрт, бүх Монголчуудын зээлийн чадамжийг тодорхойлоход маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй.Тэрийгээ хийж чадах уу, үгүй юу.
Хоёрдугаарт, хувь хүний нууцлалыг хадгалах хамгаалах асуудал байгаа. Итгэлтэй байх ёстой, жишээлбэл Гантөмөрийн тухай мэдээллийг хэн хүссэнд нь өгөхгүй. Өгөх, эсэхийг нь надаас асуухгүй хийж болох уу, үгүй юу гэсэн ийм асуудлууд байгаа. Нөгөөтэйгүүр бүх монголчуудын зээлийн сахилгын асуудал учраас тэр мэдээллийн бааз гуравдагч этгээдэд шилжихгүй байх талаар хамгаалалт хийгдэх ёстой гэдэг ч юм уу, шийдэх асуудлууд байна. Үүнийг бид ойрын үед шийднэ. Ардчилсан намын бүлэг саналаа өгчихсөн, Ардын намын бүлэг саналаа ирүүлсэн байгаа ч одоогоор өөр тодорхой саналтай хэдэн гишүүн байгаа тул харж байна. Ер нь бол энэ хуулийг гаргахад Банкнуудын холбоо маш их санаачилгатай ажилласан. Тэгж байгаа шалтгаан нь зээлийн ерөнхий гаралт тодорхой хэмжээнд очоод зогсчих аюул бий. Яагаад гэвэл зээл хүсэж байгаа хүмүүсийн сахилга батыг мэдэхгүй учраас банкнууд бүгдээрээ энэ талаар ярилцаад ийм байгууллагатай болъё гэж байгаа юм билээ. Ойрын хоёроос гурван жил дорвитой ажил хийгээд үзье.Тэгэх юм бол итгэлцэл гэдэг чухал зүйл хэлбэрших юм гэж үзээд Банкнуудын холбоо сайн ажиллаж байгаа.
-Нэгдсэн Төсвийн тухай хуулиар орон нутагт эрх мэдэл олгож төлөвлөгөөг сааруулна гэсэн. Хэр бүтэмжтэй байна даа?
-Төсвийн нэгдсэн хуулийг ярьж эхлэх гэж байна. Гол үндэслэл нь орон нутагт эрх мэдэл олгох, яамдуудын болон агентлагуудын төсвийн захиран зарцуулах эрхийг хумих, нэг үгээр хэлбэл эрх мэдлийг задлах ажлуудыг хийхээр зорьж байна. Үүн дээр гишүүд болон эмзэглэж байгаа хүмүүс ч байна. Анхан шатанд буюу орон нутагт мөнгө төгрөгөө төвлөрүүлж чадах уу, үгүй юу гэх мэт олон асуудал бий. Гэхдээ эрх мэдэл өгнө гэдэг нь төвлөрүүлсэн хэмжээгээрээ зарцуул гэсэн үг биш. Энэ бол хууль нь.Тэртэй тэргүй одоо өгч байгаа татаас, төсвийн хэмжээ буурахгүй. Зөвхөн тэр мөнгөөрөө юу хийхээ өөрсдөө шийдье гэдэг асуудал байгаа. Урьд нь Засаг дарга нарын хариуцлагагүй үйл ажиллагаа байсан. Үүний хажуугаар Засгийн газар бүх зүйлийг хийж чадна гэж итгэсэн. Харамсалтай нь тийм боломж огт байдаггүй юм байна.
-Их хурлын гишүүд ороннутгийн ажилд оролцох ньэлбэг, Засаг дарга нартхэтэрхий нөлөөлдөг, дарамталдаг талбайдаглдаа.
-Ихэнх гишүүд эрх мэдлийг доош нь өгөхгүй бол гадаах жагсаал, цуглаан зогсохгүй гэдгийг ойлгож байна.Тэгээд ч УИХ, Засгийн газар бүхнийг чаддаг байгууллага биш шүү дээ. Бидэнд хийх ажил, шийдэх асуудал зөндөө үлдэнэ.Тэгэхдээ орон нутагт оруулах хөрөнгө оруулалтад бид оролцоод яах юм бэ гэсэн бодлогыг барьж байгаа гишүүдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж л байна. Их хурал нэгдсэн төсвийн хуулиа баталдгаараа батлаад өгнө. Гол нь дотор нь байгаа жагсаалтыг нэг бүрчлэн батлахаа болъё, орон нутгийн иргэдийн хурал батлаад яваг.Түүнээс гадна худалдан авалтад өөрчлөлт хийнэ. Одоогийн өргөн барьсан концепцоор засаг дарга нарт эрх шилжүүлэхээргүй юм билээ. Худалдан авалтын том агентлагтай болъё гэсэн санал орж ирсэн. Энэ агентлагийн салбарууд дээр худалдан авалт хийдэг байя гэсэн байна лээ. Миний бодож байгаагаар бол худалдан авалтын тодорхой бүтэц байж болно. Гэхдээ тухайн орон нутагт байгаа, тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүсийн баг тэр худалдан авалтаа мэддэг, шийддэг байвал туйлын зүгээр.
Тэр улсууд нь дандаа авилга, хээл хахуультай холбогддог ч гэх юм уу, бүгд арын хаалганы компаниар ажил хийлгэнэ гэж би хувьдаа харахгүй байна л даа. Ажлыг зөвхөн Засаг даргын Тамгын газар, төрийн байгууллага хийх албагүй. Худалдан авалтыг мэргэжлийн хувийн компаниудыг оролцуулж, эсвэл зөвлөх компаниар шалгаруулж явуулбал ажлын байр ч гэсэн нэмэгдэх боломжтой. Засгийн газар худалдан авалтыг өөрсдөө шалгаруулаад явуулахдаа, хяналт тавихдаа буруутаад байгаа байхгүй юу. Хэн нэгэн худалдан авалтын компани шалгаруулаад, өөр нэгэн этгээд хяналт тавиад төсөвт өртөгтөө шингээд явбал төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил гэж би хувьдаа харж байгаа юм. Тэгэхгүй бол зам тавиад хоёр жилийн дараа сэтэрч унадаг, гүүр бариад хэдэн жилийн дараагаас ганхаж эхэлдэг. Ийм бүтэлгүй, чанаргүй хөрөнгө оруулалтууд цаашдаа төсөв болоод улсын эдийн засагт улам л хүндрэл учруулна.
-Ингэхэд та уул уурхайн салбараас үүдсэн өнөөгийн байдал, зөрчил маргааныг хувьдаа юу гэж бодож байна вэ? Оюутолгойн гэрээ батлагдаж, ажил явж байх нь хэрэгтэй гэж би боддог.Тавантолгойн талаар Засгийн газраас оруулж ирсэн саналыг дэмжих нь ч, эсэргүүцэх нь их байна.
-Оюутолгойн хувьд холбогдох сайдуудад болон Засгийн газарт нэмэлт хэлэлцээр хийх үүргийг УИХ-аас өгсөн байгаа тул анхаарал тавьж ажиллаж байгаа гэж ойлгодог. Хамгийн гол нь 51 хувийн асуудлыг хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэдэг байдлаар шийдээч ээ. Энэ байдлаараа зэсийн үнэ өндөр байх юм бол хөрөнгө оруулалтаа дөрвөөс таван жилийн дотор нөхөх боломжууд харагдаж байна гэдгээр бид асуудал тавьсан.Таван толгойн хувьд УИХ тогтоолоо гаргачихсан. Засгийн газар ажлаа хийж байгаа. Бидний тогтоол биелээсэй л гэж би хувиасаа хүсдэг. УИХ-ын тогтоолыг олон талаас нь ярьж байж гаргасан болохоор биелэх хэрэгтэй. Гэхдээ энэ тогтоолд хот байгуулах тухай зүйл ороогүй. Хот байгуулах асуудлыг Засгийн газар ярьж байгаа юм билээ.Тэгэхээр хөрөнгө оруулалтыг яаж хийх, зохион байгуулах, газар нутгийг хуульчлах уу. гэдгийг Засгийн газар ярих ёстой байх. Ер нь бид Оюутолгой, Таван толгойг түшиглэсэн хоттой болох хэрэгтэй. Тэгж байж тэнд урт удаан хугацааны сайн амьдрал бий болно. Одоо ажиллаж байгаа долоогоос найман мянган эрэгтэй ганц биеийн, бараг цэргийн* амьдралаар амьдарч байна шүү дээ. Гэтэл тэнд гэр бүлээрээ байж, хүүхдүүд нь сургууль соёлд сурдаг, эрүүл мэндийн байгууллагууд нь байдаг гэх мэт , амьдрах бүхий л боломжийг хангасан хотын зохион байгуулалтад ороход том төслүүдийн үр шим гарах байх гэж бодож байна. Тухайлбал, Эрдэнэтийг л харахад зэсийн нэг уурхайг дагуулаад барьсан хот хичнээн сайхан болсон билээ. Цаашид тордох юм бол сайхан хот шүү дээ. Ийм дөрвөөс таван хотын асуудал манайд байна аа. Үүний нэг нь Оюутолгой,Таван толгойн бүтээн байгуулалттай холбогдон байгуулагдах учиртай.
Төмөр замаа эхлүүлэх шийдвэр гарсан байна билээ. Дэмжихээс аргагүй, зүй нь бол төмөр зам түрүүнд нь байх учиртай дэд бүтцийг заавал барьж байж олборлох ажлыг хийхгүй юм бол байгалийг талхлах асуудал үнэхээр харамсалтай зүйл болжээ. Бид нэг үе дэд бүтэц, стандарт шаардахгүйгээр уул уурхайг явуулдаг байсан шүү дээ. Гэхдээ тэр үед манай бүтээгдэхүүнүүд хямдхан, олон улсын зах зээлд гаргаж мэддэггүй, түүхий эдийн үнэ их доогуур байлаа, Тэгээд ч дэд бүтцээ тавиад хий гэхээр чадвартай хөрөнгө оруулагч байхгүй байсан шүү дээ. Гэтэл одоо дэд бүтэц нь өөрөө бизнес болжээ. Авто зам, төмөр зам, цэвэршүүлэх, ачиж буулгах төвүүдээ барьж байгуулаад ашиглах бодлогыг Засгийн газар цаашдаа баримтлах байх. Мөн энэ асуудал Таван толгой дээр нэн тэргүүнд яригдах болов уу гэж бодож байна. Өнөөдөр төсөвт экспортоосоо 20 тэрбумыг олж байгаа тул ачаад байя гэдэг биш, замаа тавьчихвал бүр 20 биш 200 болох юм байна гэж бодож ажиллах хэрэгтэй. Мөн байгаль орчны нөхөн сэргээлт, унаган төрх нь өөрөө бас ямар үнэтэй юм бэ гэдэг дүгнэлтээ гаргаад явах ёстой гэж хардаг.
-Та сая хэд хэдэн хот байгуулбал гэлээ.Том газар нутагт хэтэрхий тархай бутархай байгаа нь хөгжил авчрахгүй.Төвлөрүүлэх нь зүйтэй байх, үлдсэн нь тэр чигээрээ үлдэг. Ийм хотуудын ажил юу болж байна ...
-Нефтийн том ордыг түшиглээд Дорнодод том хот байгуулж болж байна. Дорнодыг дагасан газар тариалангийн бүс хүн амьдрахад таатай тийм газар болно. Мөн Оюутолгой, Таван толгойг түшиглэсэн том хотууд байгуулах нь зүйтэй. Түүнчлэн Хархориноо том хот болгох хэрэгтэй. Хархорин гарцаагүй төрийн бодлогоор тордож босгох ёстой хот. Баруун талдаа Ховд, Увс гэдэг ч юм уу, тэр бүсэд. Чадахгүй юм аа гэхэд Хөвсгөлөө аялал жуучлалын асар том хот болгох хэрэгтэй. Хөвсгөл нуурыг тойруулаад яг л Швейцарь шиг хотыг байгуулах юм бол дэлхийн баячууд тэнд ирж амьдрахад дуртай байна шүү дээ.Тэнд газар, үйлчилгээ үнэтэй болно.Тэр сайхан далайг хүн амьдрахад ашиглах, хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь бохирдуулж, устгахад ашигла гэж байгаа юм биш.Тойрч сайхан харж баясаад, уснаас нь уугаад бусад улсын нэгэн адил монголчууд байгалийн сайханд амьдарч сурах ёстой. Ийм хэдэн хотыг (гаралтай бодлогоор "байгуулчихмаар л байгаа юм.
-Парламентхоёртанхимтайболох талаар асуумааргүйбайна. Дөнгөж ярьж эхэлж байгаа тул. Харин түүний өмнө Засаг захиргааны нэгжийн тухай хуулийг шинэчлэн найруулах ёстой байх. Энэ талаар сүүлийн үед чимээ анир алга болж. Гурван зуу гаруй сумыг сайхан болгоно гэж юу байхвэ, харин цөөрүүлэх, нэгтгэхээс эхлээд хиймээр санагдах юм.
-Засаг захиргааны нэгжийн асуудал үнэхээр явахгүй байна. Учир нь аймаг болгоны төлөөлөл УИХ-д сууж байгаатай холбоотой. Би асуудлыг өөр талаас нь ярьж байна. Сумдыг цөөлөх бус томруулах хэрэгтэй юм. Нэг сум алга болох бус хоёр сум нийлээд том сум болох хэрэгтэй. Бүр нэрээ нийлүүлээд ч авсан болно. Мэдээж хэрэг томруулснаар таны хэлээд байгаа төвлөрөл бий болно. Энэ бодлогыг ингэж тайлбарлаад явуулмаар байна. Ингэвэл автозам, шугам сүлжээ, дэд бүтэц сэргэнэ. Хуучин байсан сангийн аж ахуй ,нэгдлийн багтаамжийг харахад Монголд 150-иад том засаг захиргааны нэгж байгуулагдах боломж байгаа. Эдгээр нь өөрөө өөрийгөө тэжээгээд явчих. төдийгүй Монголыг хөгжүүлэх гол цэгүүд болох боломжтой. Гэтэл одоо байгаа 330 гэдэг тоо бол үнэхээр дээд-зэргээр тарамдуулж байгаа юм. Хэчнээн их мөнгөтэй байсан ч 330 сумыг тэжээгээд аваад явна гэх юм бол ерөөсөө хөгжихгүй. 100 тэрбум доллар хийсэн ч үр дүн яг адилхан байна. Сумынхаа дотуур байр, Тамгын газрыг халааж чадахгүй тийм улс хэвээрээ л байна. Тэгэхээр арай илүү нээлттэй бодлого явуулаад орон нутагт эрх мэдлийг шилжүүлээд, нэгдэж томрох юм бол тэр хэмжээгээр та нарын төсвийг нэмнэ гэсэн бодлогоо зарлавал өөрсдөө нийлж чадна гэж бодож байна. Бэлчээр томроно, цус сэлбэнэ. Мал нь бэлчээргүй болж, хүн нь цус ойртож галзуу солиотой хүний тоо нэмэгдээд байдал түгшүүртэй байгаа шүү дээ. Сум, багаа томруулах бодлогыг ард түмэн дэмжиж л таараа.Улаанбаатар хотод суудаг атлаа би тэр сумынх гэж худлаа онгирдог хүмүүс манайд их бий. Сумандаа ч очдоггүй хүмүүс тэнд байгаа нутгийнхан, аж ахуйн нэгжийг боддоггүй, улсынхаа эрх ашгийг бодохгүйгээр эсэргүүцээд байдаг.
Энэ бол хар амиа бодсон, худлаа л гарал үүсэлдээ ач холбогдол өгдөг хүний дүр эсгэж байгаа хэрэг. Сумынхаа ирээдүйд огт найддаггүй хотод суудаг тэр хүмүүс эсэргүүцэхээ болих хэрэгтэй. Ер нь сумууд томрох, нэгдэх, эвсэх, бие даах ажлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй. Хуулийг нь хийгээд өгвөл явчихна л даа. Ухаантай шүү ээ, манай ард түмэн чинь. Цус ойртож байгааг бүгд мэдэж байгаа. Сумын Засаг дарга хөөрхий заримдаа өөр сумаас бэр буулгах гээд явж байдаг. Өөр багаас эхнэр авах гэхээр хамаатан болох гээд бардаг. Хоёр гурван сумын Засаг дарга нийлээд үдэшлэг хүртэл зохион байгуулж байна шүү дээ. Энэ бол цус ойртоод ямар ч аргагүй болсны илрэл. Тэгэхээр бид хүн ам зүй, хүнийхээ хөгжил, генийг бодох хэрэгтэй. Энэ парламентын хугацаанд хийнэ гэдэгт би итгэхгүй байна. Цаашдаа сонгуулийн систем нь пропорциональ буюу хувь тэнцүүлдэг болоод, улс төрчид эх орноо гэж 80-90 хувь нь боддог, намаа, нутгаа, өөрийгөө гэдэг нь 20 хувь болсон үед л энэ бодлого дороо гарна. Яг одоогийнх шиг бүгд жалга жалгатайгаа зууралдчихсан, сонгогдсон тойргийнхоо эзэн, дарга нь, бүх зүйлийг шийдэгч нь, шүүмжлэлд өртөхөөс зугтаадаг, айдаг байдалтай байхад хэцүү гэж бодож байна.
-УИХ-ын нэгэн бүрэн эрхийн хугацаа болгонд Сонгуулийн хууль ярих юм. Энэ удаа холимог систем хийлээ гэхэд дараагийн парламент гарахаараа өөрчилбөл яах вэ. Ингээд байхаар яаж парламентын төлөвшил тогтох вэ?
-Энэ бол парламентын бүрэн эрхийн асуудал л даа. Нөгөөтэйгүүр улс төрийн нам хариуцлагатай болж чадахгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Ер нь улс төрийн систем, тогтолцоо, эдийн засгийн харилцаа, улс орны нийгмийн байдал, орон нутгийн бие даах байдал гэдэг ч юм уу энэ яриад байгаа зүйлсийг санаачилж, зохион байгуулж, уриалж байлдан дагуулагч нь улс төрийн намууд шүү дээ. Намууд нь өөрсдөө Засгийн ажлаасаа давж чаддаггүй, Засаг нь хоёр толгойн асуудлаасаа салж чаддаггүй ийм байдалтай байгаа учраас байр суурь тодорхойгүй байна. Байнга өөрчлөгдөж, өөрчлөгдөхдөө дандаа ухарч байдаг, заримдаа бүр бүтэн зуунаар, мянганаар ухрах гээд үзчихдэг л дээ. Энэ байдлыг сайжруулах ганц гарц нь улс төрийн намууд өөрсдийгөө хөгжүүлэх л хэрэгтэй. Манай нам ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай ажилладаг, яавал Монгол Улсыг хөгжүүлэх сайн санал гаргагч байж чадах вэ, ямар бүтэц зохион байгуулалттай байвал дандаа идэвхтэй манлайлагч байж чадах вэ гэдгийг тойрч суугаад ярих хэрэгтэй шүү дээ. Улс төрийн намууд үүрийн хурлаараа тойрч суугаад ярилцдаг байдал өдрөөс өдөрт хумигдаад байна. Манай Ардчилсан намын хамгийн давуу тал нь 1990 оны эхээр хоорондоо дарга цэрэг гэлтгүй бодлогоо ярьдаг, мэтгэлцдэг, маргадаг, муудалцдаг, бие биенээ шүүмжилдэг байсан юм. Гэтэл одоо зөвхөн дарга нар бодлого ярьж, гишүүд биелүүлдэг хандлага руу яваад байгаа. Ардын намаас сураад байгаа юм. Ингээд муу зүйлээ нэг нь нөгөөдөө зааж сургаж, сайн нь өдрөөс өдөрт багасаад байх юм бол таны хэлдгээр дөрөв дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон гишүүд нь хүссэнээ хийдэг өөрийнхөө өнцгөөс ханддаг зүйл рүү явах гээд байна.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг яг одоо хэлэлцэж байгаа. Ер нь хамтарсан Засгийн газрын талаарх таны дүгнэлт?
-Засгийн газар анх байгуулагдахдаа хорвоогийн бүх асуудлыг шийднэ гэсэн хэтэрхий өндөр түвшинд амлалт өгсөн байгаа. Харамсалтай нь тэр хийхээр шийдсэн ажлууд нь амжихгүй байна. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүнийг таван мянган долларт хүргэнэ гэсэн байхгүй, жил бүр 60 мянган ажлын байр бий болгоно, цалин тэтгэвэр тэтгэмжийг гурав дахин өсгөнө гэсэн байхгүй. Мөн эрх мэдлийг орон нутагт ард түмэнд шилжүүлж өгнө гэсэн, байхгүй. Энэ ажлууд үндсэндээ хэрэгжихгүй болохоор яах юм бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж байгаа юм. Бүлэг Засгийн газрын ажилд хангалтгүй гэсэн дүгнэлт өгсөн. Цаашид хэрхэн засаж залруулах дүгнэлтээ бид хараахан гаргаагүй байна. Минийхээр энэ Засгийн газрыг илүү хурдтай, хариуцлагатай ажиллуулах механизм бодож олохгүй бол хэтэрхий назгайрчихлаа гэж харагдаад байна. Бас хэтэрхий найзан дундаа орчихлоо. Анх өөр намын хүмүүс учраас юм хийчихье гэсэн хүсэлтэй, бие биенээсээ хариуцлага нэхэх маягтай байснаа сүүлдээ хэтэрхий хариуцлагагүй болсон. Ийм сайн цаг үед найзан дундаа ажлаа цалгардуулаад явах юм бол үнэхээр их зүйлээ алдана л даа.
Тэгэхээр бид одоо яах вэ гэдэг асуудал байна. Монгол Улсын хувьд алдах зүйл их бий. Муу ёрлоход хаашаа юм 2012, 2013 онд Хятадын эдийн засаг хямраад эхэлбэл яах вэ. Дэлхийн эдийн засаг гэдэг чинь дандаа сайнтай муутай, савлагаатай, цаг үеэсээ болоод янз бүр л байдаг шүү дээ. Тэгэхээр энэ алтан боломжийг зөв ашиглахын тулд Засгийн газрын гишүүд өдөр шөнөгүй, хурдтай ажиллах хэрэгтэй. Ер нь хоёр уурхайн асуудлаа шийдвэл, бидний ажил боллоо гэсэн дүр зураг байна л даа. Тиймээс бид ул суурьтай алхмуудыг хийнэ л гэж хувьдаа боддог. Гишүүдийн зарим нь анхнаасаа хариуцлага тооцно гээд алхмууд хийгээд эхэлж байна шүү дээ. Засгийн газрыг яаж сайн ажиллуулах талаар өөр өөрсдийн бодсон бодол байгаа байх. Бүлэг ч гэсэн нэгдсэн шийдвэр гаргана гэж бодож байна.
-Үндсэндээ Засгийн газрын асуудал мухардалд орсон гэсэн дүгнэлтийг та хийж байна. Гарц нь шахаж шаардаж сайн ажиллуулах, эсвэл Ардчилсан нам гаръя гэсэн санаа хэллээ. Хэрвээ гарахаар бол сонгууль дөхөөд ирмэгц хариуцлагаас мултарч, амиа аврах гэсэн оролдлого гэж ард түмэн ойлгох байх. Сөрөг хучин үргэлж нэмэх оноотой байдаг.
-Бид энэ Засгийн газарт байгаад амиа хоохойлоод байж болно л доо. Ер нь таван сайдаа эргүүлээд татдаг улс төрийн хүчин хорвоо дээр байдаггүй л байх. Байсныг би мэдэхгүй. Засагт байсан, байгаагүйгээс сонгуульд ямар нэгэн дүн ирнэ гэдэгт би итгэхгүй байна. Засгийг яаж сайн ажиллуулах вэ гэдэг талаас нь бодмоор байна л даа. Дандаа сөрөг хүчин ялж байсан гэдэг өрөөсгөл ойлголт. Жилээс жилд эрх барьж байгаа хүчний дараагийн сонгуульд авдаг суудлын тоо харьцангуй нэмэгдээд л байгаа. 2004 оны сонгуулиар авсан суудлын тоо, 2008 оныхоор авсан тоо харьцуулалтгүй нэмэгдсэн шүү дээ. Энэ нь монголчууд улам л консерватив болж байна гэдгийг харуулж өгч байна. Ер нь дэлхийн сонгогчид савладаггүй шүү дээ. Ихэнхдээ консерватив байдаг.Тэгэхээр бидэнд Засаг бариад ажил хийх боломж байна. Үүнээс татгалзаад сайн дураараа гарах нь сонгуульд зориулагдсан гэвэл миний үзэж буйгаар худлаа л даа. Засгаас гарснаар нэр хүндээ өсгөж, сонгуулийн оноо цуглуулна гэдэгт би үгүй гэж хэлнэ. Гэхдээ ийм хариуцлагагүй нөхцөл байдлыг цааш нь үргэлжлүүлэх үү гэвэл үгүй. Гарц нь зөв томъёологдох хэрэгтэй гэж хэлмээр байна. Манайхнаас ч гаръя гэж байгаа. Гэхдээ сонгуульд зориулагдсан үг биш гэдгийг дахин хэлмээр байна. Гарахдаа мэдээж ямар ажлыг Засгийн газраар хийлгэх хэрэгтэй гэдгийг тодорхой болгож зарлах хэрэгтэй. Зарлана.Тухайлбал, нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын даатгал, боловсролын асуудлыг шийднэ, ийм болгоно, хэвлэлийн эрх чөлөөг ийм байдалд нь хадгалах, төсвийн зарцуулалтыг ийм түвшинд барина, орон нутагт эрх мэдлийг ингэж шилжүүлнэ, шүүхийн шинэтгэлийг ингэж хийнэ гээд.
-Нэг их үүрэг хариуцлага оногдуулчхаад гарах гээд байгаа юм биш үү?
-Үгүй дээ. УИХ дээр хийх ажлууд байгаа юм. Энэ ажлаа зарлаад бид хийх учиртай. Би тэгж харж байна. Хийх ажлуудаа тодорхой болгоод ярьж хэлэлцээд явбал бид чинь 27-уулаа олон байна шүү дээ.Тэгэхээр асуудлаа хумъя, 66-г ярихаа болъё гэж байгаа юм. Үлдсэн гурван чуулганаар энэ асуудлаа шийдье гэдгийг товлоод түүнийгээ хийгээд явъя гэвэл энэ хоёр бүлэг арай эрүүл саруул, уужим амьсгалах ёстой юм. Одоо бол хоёулаа давчуу байна шүү дээ. Хоёулаа Засгийн газрын ажлыг нуруун дээрээ үүрчихсэн учраас эрүүл саруул сэтгэдэг хүний тоо нь их цөөхөн байна. Ядаж манай манай бүлгийн зургаан гишүүн тэр Засгийн газрын ажил хийгээд юун УИХ-ын бодлогод оролцох. Бид арай эрх чөлөөтэй болж, тодорхой зүйлийг зорилгоо болгоод ажиллавал үр дүнтэй юм болов уу гэж харж байна. Мэдээж үүнийг сонсож, уншсан хүн бултах аргаа л хайж байна гэж хэлэх нь бий л байх. Нөгөө талаас эрүүл саруулаар улс төрийг хардаг хүмүүс бол тэр нь зөв дөө гэж хэлэх нь ч бий. Энэ бол миний байр суурь. Бүлгийнх биш шүү дээ. Хүн болгон нь л өөр өөрийнхөөрөө бодож байгаа. Бид засгаас хүмүүсээ татаад дандаа шүүмжилдэг хүмүүс болмоор байна гээгүй. Энэ ажлыг хийнэ гэдэг дээрээ тохироод хийх юм бол заавал өдөр шөнөгүй шүүмжлээд муу хэлж, зохион байгуулалттай популизм хийх шаардлагагүй. Үүнийг та нар хий, бид УИХ дээр хийе гэдэг асуудлаа яриад засгаас гарч болно. Засгийн газраас гишүүдээ татах гэдэг нь эрх мэдлээс сайн дураараа татгалзаж байна гэсэн үг шүү дээ. Энэ бол муу хүний хийдэг алхам биш л дээ.
-Татүрүүнихчухаласуудлыгхөндлөө л дөө. Хамтарснаасүүдээд итгэл үнэмшил,намуудынманлайлал,төлөвшил шинэчлэл байхгүй болж байна гэж.
-Тусдаа байх юм бол улс төрийн намуудын манлайлал улс орны ирээдүйн төлвийг харсан чиг баримжааг алдуулахгүй шүү дээ. Одоо бол гишүүд өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйл дээрээ ажиллаад байна л даа. Парламент нэгдсэн зохион байгуулалттай байхаараа хамгийн хүчтэй байдаг. Бид засгаас гарсан ч гараагүй ч өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдэх, реформ хийх зүйл дээр ажиллана. Гэхдээ илүү төвлөрч, эрх баригчидтай ойлголцож ажиллах боломж сөрөг хүчинд байдаг шүү дээ. Засагт хамтарсан үед олонхтой ойлголцох, өөрийнхөө санаа бодлыг ойлгуулах гэдэг худлаа юм байна.
-Ардчилсан хүчний холбоо болон Таны " Нэг ардчилал" клуб намын даргаа огцруулах асуудал тавьж байгаад өвлийнҮЗХ-аас хойш нам жим болсон. Сонгууль ойртоод ингэчхэвүү?
-МАХН нь Ардын нам болоод хуваагдаад үзэлцэж байхад бид заавал нам дотроо үзэл бодлын уралдаан зарлаад байх шаардлага байхгүй гэж ний нуугүй хэлэхэд би хувьдаа бодсон.Тэр улстай барьцаж байгаа юм шиг бид хоорондоо уралдаан зарлах дараагийн асуудал. Гэхдээ үүнийг зүгээр орхиогүй шүү дээ. Засгаас гарах асуудлыг намынхаа Үндэсний зөвлөлдөх хороонд тавьсан. Харамсалтай нь үгүй гэж хэлсэн. Засагтаа байна гэсэн манай намын төв байгууллагын шийдвэр. Намын эрх барьж байгаа дээд байгууллагын шийдвэрийг гишүүд бид дагахаас өөр аргагүй шүү дээ. Нам шийдвэр гаргасан байхад маргааш нь даргаа солино гэж ярих нь үнэхээр жудаггүй улс төр. Асуудал шийдэгдээгүй гээд гонгиноод явах шаардлагагүй. Нэгэнт манай намын олонх энэ засаг байдгаараа байг гэсэн тохиолдолд бид цөөнх болоод л явна. Нам дотроо цөөнх гээд намаа муулаад яваад байх сонирхол, совесть бидэнд байхгүй. Харин Засгийн газрын тухайд бол УИХ-ын гишүүний хувьд ярина. Буруу ажиллахад нь шүүмжилж, гишүүдээ хүртэл татах тухай ярих л болно. Ийм эрх мэдэл бидэнд бий.Түүнээс биш намын даргаа шүүмжлээд байх эрхийг манай намын байгууллагын хурлаар үндсэндээ "үгүй" гэчихсэн шүү дээ.