Д.Очирбат: Сургууль эмнэлэгтэй байх уу, эсвэл эмнэлэг сургуультай байхуу гэдгийг шийдвэрлэнэ
2011.05.05

Д.Очирбат: Сургууль эмнэлэгтэй байх уу, эсвэл эмнэлэг сургуультай байхуу гэдгийг шийдвэрлэнэ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбатаас Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар цөөн асуултад хариулт авлаа. 

-Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж байгаа. Өмнөх хуулиасаа юугаараа ялгаатай вэ, онцлог нь юу байна?

-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээд явж байна. Ер нь өмнөх хуулиасаа нэлээд олон зүйл заалт өөрчлөгдсөн байгаа.Тухайлбал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусламж үйлчилгээний төрлүүд болон үйлчилгээний байгууллагын чиг үүргийг тодорхой болгож байгаа.Түүнчлэн, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрх, бүтцийн асуудлыг тодотгож өгсөн.Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагууд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, магадлан итгэмжлэлтэй холбогдолтой зөвшөөрлийн асуудлуудыг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн эрүүл мэндийн санхүүжилт, эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангах, нэмэлт болон төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлэх, олсон орлогыг эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тоног төхөөрөмж, эм хэрэгсэл худалдан авах, засвар үйлчилгээнд зарцуулахад бүрдүүлэх боломжтой талаас илүүтэй тусгасан байгаа.Түүнчлэн, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтны нийгмийн баталгааны асуудал хамгийн чухлаар тавигддаг.Тэр дундаа хөдөө, орон нутагт ажиллаж байгаа ажилтнууд маш их ачаалалтай ажилладаг.Тиймээс нийгмийн баталгаа буюу цалингийн тусгай сүлжээтэй байх, ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарах үед нь мөнгөн хуримтлал тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг нэн тэргүүнд шийдэх чухал заалтууд орсон. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын асуудал хурцаар тавигддаг.Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг стандартын дагуу мөрдөх, үүнд хяналт тавих асуудлыг оруулсан. Мэдээж, эрүүл мэндийн байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгосон. Нэгэнт л хүний эрүүл мэнд, амь настай холбоотой болохоор нэлээд хатуу, чангаар тавьж өгсөн.

-Эрүүл мэндийн тухай хуультай холбоотой гомдол нэлээд гардаг шүү дээ.Тухайлбал, улсын болон хувийн эмнэлэг гэж гадуурхлаа. Гэтэл хувийн эмнэлэг нь иргэдэд илүүтэй эмчилгээ, сувилгаа үзүүлдэг.Тэгсэн атлаа төрөөс дэмжих тал дээр хангалтгүй гэх мэт асуудлыг хөнддөг. Энэ бүхэн хуульдаа хэрхэн тусгагдсан бэ?

-Одоо бол хувь хувьсгал гэж ялгахгүй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг аль ч салбар чиглэлээр үнэхээр иргэддээ хүрсэн, хамгаалсан үйлчилгээг хүргэх ёстой. Мөн эрүүл мэндийн даатгалын тухай хуульд санхүүжилтийг тэгш эрхтэй хүртэх талаар илүүтэй тусгаж өгнө. Мөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн долоон үйлчилгээнээс доошгүйг үзүүлдэг байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, улсын томоохон эмнэлгүүдийн үйлчилгээг аймаг, дүүргийн эмнэлгүүд үзүүлдэг болъё. Эдгээр үйлчилгээг авахын тулд улсын эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж байна.

-ЭМШУИС дэргэдээ эмнэлэгтэй байх уу, үгүй юу гэдэг талаар гишүүд нэлээд маргаан үүсгэсэн.Тэгэхээр сургууль дэргэдээ эмнэлэгтэй байх бололцоотой юм байна гэсэн ойлголт төрөөд байгаа юм?

-ЭМШУИС нь Боловсрол юм уу, Эрүүл мэндийн яаманд харьяалагдаж байгаа юм уу.Тэгэхээр энэ хоёр яамны аль, аль нь манайд харьяалагдана гэсэн байр суурьтай байна лээ. Гэхдээ энэ талаар нэлээд ярилцсан.Тэгэхээр БСШУЯ-нд боловсролын асуудал нь, харин эрүүл мэндийн асуудал  нь эрүүл мэндийн салбартаа байя. Эмнэлэг сургуультай байх уу, сургуулийн дэргэд эмнэлэгтэй байх уу гэсэн асуудал гарсан. Гадны туршлагаас судлахад энэ чиглэлийн томоохон сургуулиуд дэргэдээ эмнэлэгтэй байдаг. Ер нь цаашдаа зайлшгүй шаардлагатай байх асуудлын нэг.Тухайн сургуульд суралцаж байгаа оюутнууд өндөр төвшинд бэлтгэгдэж, газар дээр нь туршлага судлах боломж бололцоо нь бүрэн нээлттэй болно. Гэтэл өнөөдөр эрүүл мэндийн чиглэлээр төгсөөд ажиллах оюутнуудад үнэндээ дадлага хийх газар олдохгүй. Нэг үгээр хэлбэл, ад үзэгдсэн байдалтай байна.Тэгэхээр цаашид энэ талаар нэлээд яригдана. Тогтолцоогоороо бол сургууль нь дэргэдээ эмнэлэгтэй байдаг. Манай зарим улстөрчид томоохон эмнэлгийнхээ дэргэд сургуультай байх мэтээр ойлгоод байдаг.Тэгэхээр энэ хоёрын ялгааг сайн ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр хувь хувьсгал гэлтгүй эмч, сувилагч бэлтгэдэг сургуулиуд бий.Тэдэнд дэргэдээ эмнэлэгтэй байх асуудал нь нээлттэй болно гэсэн үг үү?

-Энэ талаар одоо яг цав тохирсон юм алга. Гэхдээ хэлэлцэж, шийдвэрлээд боломжтой гэж үзвэл болохгүй юмгүй.