Монгол хүн бүр тэрбумтан болно
-Иргэн бүрт газар өмчлөх эрхийн бичиг буюу сертификат өгье-
Тал, хангай, говь хосолсон Монгол эх орныхоо өргөн уудам газар нутагт эзэн нь болж төрсөн монголчууд бид бүгдээрээ тэрбумтан болох бололцоо бий. Чухамдаа асар уудам газар нутагтаа атга арвай шиг цөөхүүлхнээ амьдардаг монголчууд бид амин хувьдаа алга дарам газар өмчлөх төдийд тэрбумтан болох бололцоотой.
Хүн төрөлхтний түүх товчхондоо бол газар нутаг, тусгаар тогтнол, эрх чөлөө, эд хөрөнгийн төлөө тэмцлийн түүх байсаар ирсэн юм. Тэр тусмаа эх нутаг, газар шороо гэдэг ямар ч үндэстэнд хамгаас үнэтэй эд баялаг, эрх ашиг нь байсаар ирсэн, цаашид ч ийм байх болно.
Харин монголчууд бид энэхүү үнэт баялгаа жинхэнэ утгаар өмчлөх, эзэмших, үнэ цэнэтэй капитал болгон хувиргах бололцоог олж чадалгүй өнөөдрийн хорин нэгдүгээр зуунтай золгосон юм. Гэвч хөгжлийн эрин үе бүхэн өөр өөрийн боломж, бололцоог нээж байдаг жамтай. Энэ ёсоор Монгол Улсын иргэн бүрт газар өмчлөх эрхийг нь бүрэн дүүрэн өгөх нөхцөл, бололцоог өнөөдрийн төр засаг бүрдүүлэх түүхэн үүргийг хүлээгээд байна.
Монгол хүн хувьдаа өмч хөрөнгө, үйлдвэрлэл бизнестэй байх бололцоог Ардчилсан нам анх бүрдүүлсэн юм. Энэ бүхнийг дагаж эрх чөлөө, ардчилал монгол хүнд олдсон нь түүхэн үнэн. Харин одоо газар нутгийг нь Монгол Улсын иргэн бүртээ өмчилж өгье. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газар өмчлүүлэх тухай хуулиар энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй учраас эрх зүйн орчныг нь эрс өөрчлөх саналыг миний бие дэвшүүлж, энэ талаар та бүхэнтэйгээ санаа бодлоо хуваалцья гэж зорилоо.
УИХ-аар 2002 оны зургадугаар сарын 27-ны өдөр баталсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль иргэддээ эрхийг нь өгсөн мэт өнгөн дээрээ харагдавч үнэндээ маш олон болзол, нөхцөл тавих замаар иргэдээс эрхийг нь харамласан хууль болсон юм.
Газар өмчилж авах гэсэн иргэн нэг удаад үнэгүй газар авах, худалдаж авах, дуудлага худалдаагаар авах эрхтэй бол тус хуулийн
19.2.1-д зааснаар "Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгүүлэх",
19.2.2 "өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжүүлүүлэх",
19.2.3 "өмчилж авах газартаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлэх,
19.2.4 "газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх" зэрэг учрыг нь оломгүй олон үүрэг хүлээсэн байх жишээтэй. Зөвхөн баримт бичиг бүрдүүлэх явцыг л гэхэд хуулийн 14 заалт бүхий бүхэл бүтэн зүйл ангиар зохицуулсан айх жишээтэй. Дээр дурдсан үүргүүдээс иргэн хүн бие даан биелүүлж чадах нь хэд бол? Бүгдийг нь ёсчлон гүйцэтгэхийн тулд тухайн иргэн мэддэг, чаддаг хүнд нь хөлс, харамж, цаашлаад авлига өгөх шаардлагатай болж таарна. Үнэндээ иргэний газар өмчлөх эрхийг дааж давшгүй болзлоор боомилж, албан тушаалтанд авлига авах аятайхан шалтаг нээж өгсөн энэ хуулиар бид цаашид явж болохгүй. Ийм учраас миний бие УИХ-ын гишүүний хувьд иргэн бүрт газар өмчлөх эрхийн бичиг буюу сертификат олгоё гэдэг саналыг дэвшүүлж буй юм.
Ардчилсан нам 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэн бүрт "Эрдэнийн хувь" олгох саналыг анх дэвшүүлж, миний бие үүнийг хэрэгжүүлэх арга замыг "Баян Монгол" төслийн хүрээнд дэлгэрүүлэн задалж, иргэд сонгогчдоороо хэлэлцүүлэн дэмжлэг авсан билээ. Энэ талаарх үзэл бодлоо дэлгэсэн "Монгол хүн бүр саятан болно" егүүллээ "Өдрийн сонин"-ы 2008 оны ... сарын ...-ны өдрийн дугаарт нийтлүүлж байсныг уншигчид санаж буй биз ээ.
"Баян Монгол" корпораци нь Монгол Улсын стратегийн орд газруудыг түшиглэн байгуулагдах бөгөөд иргэн бүртээ хувьцаа олгож, ингэснээр монгол хүн бүр хувь-цааны ногдол ашгаасаа саяар тогтохгүй хөрөнгө эзэмшинэ гэж бичиж, ярьж байхад зарим нь хэзээ ч бүтэхгүй гэж шүүмжилж, зарим нь сайхан санаа хэмээн хүлээн авч байлаа.
Цаг хугацаагаар шалгагдан ялсан үнэн гэвэл энэ санаа маань биеллээ олж, өнөөдөр иргэн бүр стратегийн ердөө нэг орд Тавантолгойн ордоос л гэхэд 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болоод байна. Тэгвэл үүний адилаар иргэн бүрт газрын сертификат эзэмшүүлэх санаа маань биеллээ олох боломжтой юм.
Газрын сертификатыг эзэмшсэнээрээ иргэн бүр өөрийн өмчийн газартай болж байна гэсэн баталгаа юм. Энэхүү сертификатаар газраа сольж авах ба иргэн хүсвэл үнэт цаасны адилаар хөрөнгийн зах зээл дээр арилжих, мөн бэлэглэх, өвлүүлэх боломжтой байх юм.
Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн болон үнэт цаасны цоо шинэ зах зээл бий болно. Гэхдээ хамгийн гол утга агуулга нь гэвэл газар өмчлөх эрхийн бичгээр дамжуулан иргэн бүр газрын эзэн болж, үүгээрээ хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох, зээлийн барьцаа, визны| баталгаа болгох зэргээр эдийн засгийн баталгаагаа хангадаг байх юм. Энэхүү эрхийн бичиг урт хугацаанд хүчинтэй, үнэ нь үргэлж өөрчлөгдөн хэлбэлздэг амьд үнэт цаас гэсэн үг. Үүний үнэ цэнийг өсгөх асуудал нь газрын үнэ цэнийг нэмэгдүүлэхээс шууд хамаарна. Тухайн газар нутагт дэд бүтэц тавих, хөгжлийн бүс бий болгох зэргээс хамааран газрын сертификатын үнэ өсөн нэмэгдэж байх юм.
Өнөөдөр Монгол Улсад газрыг төр өөрөө эзэмшиж, төрийн нэр дор эрх мэдэл бүхий шунахай хүмүүс түүнийг худалдан хувьдаа ашиг орлого олдог увайгүй байдал үүгээр цэгцлэгдэх учиртай. Монгол Улсын иргэд эх орон, газар шорооныхоо эзэн нь байх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг газрын сертификатаар дамжуулан баталгаажуулах ёстой юм. Газар нь эзэнтэй, эзэн нь иргэд өөрсдөө байх тэр цагт л газрыг худалддаг, хулгайлдаг төрийн дээрэм зогсоно.
Барилгын компаниуд л гэхэд барилга барих газраа зөвхөн сертификатаар сольж авдаг болно. Жишээлбэл, 1000 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн газрыг 1000 ч юм уу тодорхой тооны сертификатаар сольж авах ба эдгээр сертификатаа хууль, журмын дагуу иргэдийн rap дээрээс буюу хөрөнгийн зах зээл дээрээс худалдаж авсан байх ёстой.
Ингэснээр төр засаг газар худалддаг наймаачны үүрэгтэй байхаа больж, тухайн газарт төлөвлөлт хийх, төлөвлөсөн төслийн зориулалтаар тухайн газрыг сертификатаар сольж олгох, бүртгэх үүргийг л төр гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, төр засаг газрыг эзэмшдэг биш зөвхөн төлөвлөдөг, иргэд хуулийн этгээд хоёрын хооронд дамжуулдаг, бүртгэдэг үүрэгтэй болно. Энэ бол Монголд анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа зүйл боловч АНУ, Англид нэгэнт амжилттай хэрэгжсэн бодлого юм. Англид шинэ газрыг иргэддээ ваучерээр дамжуулан өгч байсан бол АНУ ахмад дайчдадаа газар авах эрхийн бичиг өгч байсан туршлага бий.
Төр иргэдээсээ газрыг нь харамлаж, булааж ирснийг, энэ бүрт Ардчилсан нам тэмцсээр ирснийг саяхны үйл явдлууд нотолно. 2002 онд эрх баригчид газрын хуулийг батлахдаа тариалангийн газрыг тариаланчдад биш аж ахуйн нэгж, компаниудад хувьчлахаар тусга-сан байсныг Э.Бат-Үүл тэргүүтэй Ардчилсан намын гишүүд бид эсэргүүцэн тэмцэж, энэ шийдвэрийг нь өөрчлүүлж байсан юм. Мөн 2006 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд тусгалаа олсон "гэр бүлийн хэрэгцээний газрыг иргэнд нэг удаа үнэгүй өмчлүүлэх" заалтыг УИХ дахь Ардчилсан намын бүл-гийн гишүүдийн санаачилгаар 2008 оны тавдугаар сард нэмж оруулсан юм. Нэг үгээр бол Ардчилсан нам иргэдийнхээ газартай, өмчтэй байх эрхийн төлөө улс төрийн тавцанд тууштай тэмцэж ирсэн. Энэ удаад Ардчилсан нам иргэн бүрийнхээ эрх чөлөөг эдийн засгийн баталгаатай болгож, иргэддээ газар нутгийг нь өмчлүүлэх болно. Үүнд миний бие өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэдэгтээ ч итгэлтэй байна. Учир нь 2004 онд Ардчилсан намаас дэвшүүлсэн "Хүүхдийн мөнгө", 2008 онд дэвшүүлсэн "Эрдэнийн хувь"-ийн санаачлагчийн нэг нь миний бие байсан бөгөөд нийгмийнбаялаг шударга хуваарилалтыг бий болгоход чиглэсэн дээрх санаачилгууд маань бүгд биеллээ олсонд би урамшиж байдаг юм. Тийм ч учраас энэ удаад иргэн бүртээ газар өмчлөх эрхийн сертификат олгох санаачилга маань хууль батлагчид болон ард иргэдийн дэмжлэгийг авна гэдэгт итгэлтэй байгаа хэрэг.
Энэхүү итгэлийг маань улам баталгаажуулсан бас нэг үйл явдал саяхан болж өнгөрснийг дурдах нь зүй болов уу.
Сонгуулийн дүн гарсны дараахан Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Нүхт орчимд иргэд газар өмчилж авахаар тэмцэж, хэдэн өдөр бужигналаа. Газар өмчлөх эрхийнхээ төлөө иргэд төрийн шийдвэр гарах, хууль батлагдахыг хүлээж найдахгүйгээр дайралт тэмцэл хийхэд ч бэлэн байгааг дээрх үйл явдал надад ойлгуулсан юм.
Хэдийгээр үүний цаана сонгуулийн ялагчдыг гутаах гэсэн хатгаас явж байсан ч газар өмчлөх, хувьчлах үйл явцыг зохицуулж ирсэн авлигалжсан шударга бус тогтолцоог иргэд удаан тэвчихгүй, төрийн дараа дараагийн шийдвэрт нөлөөлөхүйц хувьсгалд бэлэн гэдгийг л харууллаа. Ерэн онд эхлүүлсэн ардчилсан хувьсгалын төгсгөлийн үе шат нь газрын төлөөх хувьсгал юм байна гэдэг үнэтэй санаа, оноог энэ үйл явдал бидэнд өгч байна. Монгол хүн бүрт оршин суух газраа сонгох, гадаадад зорчих, орон сууцаа, малаа, үйлдвэр, аж ахуйн газраа хувьчлан авах эрхийг Ардчилсан нам өгсөн. Өнөөдөр газраа өмчлөх эрхийг нь сертификатаар дамжуулан өгөх цаг нь болсон байна. Энэ бол ард түмэн Ардчилсан намд өгч буй захиалга. Үүнийг биелүүлж чадах эсэхээр Ардчилсан намын түүхэн үүрэг хэмжигдэх болно.
Монгол хүн бүр уудам сайхан эх орондоо тэрбум төгрөг байтугай өндөр үнээр хэмжигдэх газрын эзэд болцгоож эрүүл энх, элбэг хангалуун, эрх чөлөө дүүрэн байх болтугай.