2012.06.13

"Шинээр оюутан болж буй залуус хувьцаагаа сургалтын төлбөрөөр сольж болно

Стратегийн болон томоохон орд газруудаас монголчууддаа хишиг хувь хүртээх ажлыг 2010 оноос эхлэн явуулж байна. 


Энэ хүрээнд, иргэн бүрт 1.5 сая төгрөгийг өгөх учиртай. Үүнээс 500 мянган төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр, сая төгрөгийг бэлэн бусаар өгч эхэлсэн. Бэлэн бус хэлбэрээр мөнгө олгохыг Хүний хөгжил сангийн тухай хуульд зааж өгсөн. Тухайлбал, боловсролын төлбөрт, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, орон сууц худалдан авах төлбөр, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр гэх зэргээр үйлчилгээ авах эрхтэй байгаа юм. Эдгээрээс боловсролын үйлчилгээгий төлбөрийг ихээр олгож байна. Ингээд ХХҮГ-ын ахлах мэргэжилтэн Д.Ганчимэгээс энэ талаар тодрууллаа.

-Хүний хөгжил сангаас хэчнээн оюутан эх орны хувь хишгээ сургалтын төлбөр хэлбэрээр авсан бэ?
-2010-2011 оны хичээлийн жилд 133647 оюутны сургалтын төлбөр буюу 66.8 тэрбум төгрөгийг сургуулиуд руу ХХС-аас шилжүүлсэн. 109 их дээд сургууль хамрагдсан байна. 2011-2012 оны хичээлийн жилд өнөөдрийн байдлаар нэр нь баталгаажсан 103037 оюутны сургалтын төлбөрт 50.7 тэрбум төгрөгийг ХХС-аас шилжүүлсэн. Үлдсэн оюутнуудын нэрсийг тулган шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа. Баталгаажих юм бол тэр даруй
мөнгө шилжин орох юм.

-Зөвхөн өдрийн ангийн оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр хувь хишгээ хүртэж байсан. Тэгвэл бусад оюутнуудын хувьд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувиа хүртэх боломж бий юу?
-Нэг зүйл тодруулж хэлэхэд, 2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн зөвхөн өдрийн ангийн суралцагч, оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэж байсан бол энэ оны хичээлийн хичээлийн жилд буюу 2011-2012 оны хичээлийн жилд их дээд сургууль коллежийн өдөр, оройн, эчнээ ангийн бүх оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувиа хүртэх боломжтой болсон.

Ингээд хамгийн сүүлд сая засгийн газрын 116 дугаар тогтоолоор иргэн өөрийн эзэмшсэн хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах ажлын бүртгэл судалгаа явагдаж байна. Шинээр оюутан болж байгаа залуусын хувьд сая төгрөгөө бэлэн мөнгө хэлбэрт шилжүүлчихээд, сургалтын төлбөр хэлбэрээр хүртэхийг хүсч байна гэвэл өргөдлийн маягтыг бөглөх шаардлагатай.

-Шинээр оюутан болж байгаа хүүхдүүд хувьцаагаа төлбөрт шилжүүлнэ гэвэл ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Юуны өмнө бэлэн мөнгөөр худалдах өргөдлөө бусад иргэдийн адил бөглөж, сум, хорооны нийгмийн ажилтанд өгөх ёстой. Түүнээс цааш зохицуулалтуудыг өргөдлийн дагуу хийх юм.

-Хоёр жил дараалан оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөгийг өгсөн байгаа. Зарим нэг сургуулийн хувьд ирэх жил дахин 500 мянган төгрөгийг өгнө гэж байсан?
-Зарим оюутнуудын хувьд 2010-2011 оны хичээлийн жилд 500 мянган төгрөгөө оюутны төлбөр хэлбэрээр хүртээд мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 8040 төгрөг хүртсэн байгаа. Үүнийг бид сая төгрөгөөс хасч тооцно. Ингэхээр цаана нь 491960 төгрөг үлдэж байгаа. Энэ үлдсэн 491960 төгрөгийг 2011-2012 оны хичээлийн жилийн сургалтын төлбөртөө шилжүүлэн авч байгаа.

Харин хоёр жил дараалан сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутнуудын хувьд цаана нь хүртэх хувьцаа үлдэхгүй юм. Хэрэв нэг жил сургалтын төлбөр хүртээд цаана нь 491960 төгрөг үлдсэн тохиолдолд тухайн оюутан хувьцаа хэлбэрээр хүртэх үү, сургалтын төлбөртөө зарцуулах уу, Засгийн газарт нэрлэсэн үнээр зарах уу зэрэг сонгох эрх нь иргэнд нээлттэй байгаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.