2012.05.01

Сая төгрөгийг энэ долоо хоногт олгоно

“Хүний хөгжил сан”-гаас өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж олгохоор болсон билээ. Тэдэнд бэлнээр олгох энэхүү мөнгийг энэ оны хоёрдугаар улирал буюу дөрөв, тав, зургаадугаар сард тус бүр 330 мянган төгрөгөөр олгогдохоор “Хүний хөгжил сан”-гийн дэвтэр дээр бичилт хийгдсэн.
 
Уг нь энэ сарын 23-наас эхлэн олгож эхэлнэ гэж байсан мөнгөний сураг тасарчихсан байсан боловч энэ долоо хоногт олгоно гэсэн албаны эх сурвалжийн таатай мэдээлэл байна. Энэ талаар ХХҮГ-ын мэргэжилтэн хэлэхдээ “Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг бэлнээр олгохтой холбогдуулан Монгол Улсын иргэнд хишиг хувь хүртээх журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Тодруулбал, сая төгрөг авах эрх бүхий дээрх иргэдэд мөнгийг нь энэ оны хоёрдугаар улиралд багтаан олгохоор болсон байгаа. Уг нь бидний урьдчилан тооцож байснаар энэ сарын 20-оос эхлэн дээрх иргэд мөнгөө авч эхэлнэ гэж байсан боловч зарим шалтгааны улмаас ажил түр саатаад байна.
 
Тухайлбал, ажлын байр маань Хан-Уул дүүрэгт нүүж ирсэн төдийгүй зарим сум, хороодоос иргэдийн хүсэлт гаргасан материалыг авч дуусаагүй байна. Бид бүх материалаа нэгтгэж байж Сангийн яам руу явуулна. Улмаар тэндээс бүх материалыг нягталсны дараа санхүүжилтыг олгох ёстой. Тиймээс иргэд өөрсдөө энэ асуудал дээр шаламгай хандаж, дүүргүүдийн ХХҮХ шуурхай ажиллах шаардлагатай байна. Гэхдээ ирэх долоо хоногоос хэтрэхгүй мөнгийг олгож эхлэх болов уу.

Ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөг авах нь худлаа боллоо гэж айж байгаа тухай яриа байсан. Ер нь манайхан аливаа асуудлын учрыг бүрэн ойлгоогүй байж бусдын ам дамжсан ярианаас буруу ташаа ойлголт авдаг. Тэгвэл Сангийн яаманд санхүүжилт нь бэлэн болчихсон, төсөв мөнгө нь бүгд байгаа.
 
Тиймээс ямартай ч энэ ондоо ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөгөө гурав хувааж, бэлнээр авах болно. Бид энэ долоо хоногоос сая төгрөгийг олгож эхлэхдээ дөрөвдүгээр сарын мөнгийг нь тооцож олгоно” хэмээсэн. Тэгэхээр энэ долоо хоногт “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөг авдаг байсан банкаараа дамжуулан дээрх мөнгийг авах боломжтой болж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.