Амалсан мөнгөнийхөө оронд хувьцаа өгөхийг эсэргүүцэв
УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн С.Ганбаатар нар өчигдөр Төрийн ордонд "Эрдэнэс-Таван-толгой" компанийн хувьцаа болон "Хүний хөгжил" сангаас олгох нэг сая төгрөгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд УИХ, Засгийн газар иргэдэд хувьцаа эсвэл нэг сая төгрөг авах сонголт бий болгосныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо 2008 оны сонгуулиар МАН, АН байгалийн баялгийг иргэн бүрт тэнцүү хуваарилна, мөн үүнээсээ гадна 1.5 сая төгрөг өгнө гэж амласан.
Гэтэл одоо аль нэгийг нь сонгуулахаар тулгаж байгаа нь иргэдийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэн УИХ-ын гишүүн Я.Батсуурьт хамтарч мэдээлэл хийх хүсэлт тавьсан байна. УИХ-ын гишүүн Я.Батсуурь "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааг нэг сая төгрөгийн оронд өгснөөр байгалийн баялаг шударга бусаар хуваарилагдана. Нэгдүгээрт, оюутнууд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаагүй хоцрох нь. Хоёрдугаарт, нэг сая төгрөг олгохын тулд иргэдэд өгөхөөр төлөвлөөд байсан "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааг худалдахаар шийдвэрлэснээр орлого багатай иргэд хувьцаа авах боломжгүй боллоо.
Тиймээс энэ шийдвэрийг өөрчлүүлэхийн төлөө хамтарч ажиллахыг Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон бусад байгууллагад уриалж байна. Оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудын эрх ашиг хөндөгдөөд байхад Монголын оюутны холбоо, ахмадын байгууллагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг зэрэг байгууллагууд дуугарахгүй байгаад гайхаж байна" гэсэн юм. Харин Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн С.Ганбаатар "Тавантолгой бол төрийн өмч биш ард иргэдийн өмч. Үндсэн хуульд газрын баялаг ард иргэдийн өмч гээд заачихсан байгаа. Харин төр өнөөдөр иргэдийн өмнөөс яаж зохицуулах тухай ярьж байгаа юм. Төр зохицуулалт хийхдээ нэг амлалтаа нөгөөгөөр нь таглах ёсгүй.
Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо 21 аймаг болон есөн дүүргийн иргэдтэй уулзаж үгийг нь сонсч байгаа. Иргэдийн хамгийн их ярьж байгаа зүйл бол намуудын мөнгөний амлалт. Намууд амласан мөнгөө өгөх ёстой гэдгийг хэлж байна. Энэ бол хариуцлагын асуудал.
Түүнчлэн 2008 оны сонгуулиас хойш ертөнцийн мөнх бүсийг үзсэн хүмүүст нөхөн олгуулахыг шаардаж байна.
Үүнээс гадна бух хүнд тэнцүү хэмжээгээр хуваарилах ёстой "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааг нийт иргэдэд үнэгүй өгөх ёстой. Ард түмний өмчийг өөрсдийн дураар үнэлж амалсан мөнгөө өгч байгаа мэт харагдах шийдвэрээ өөрчлөхийг шаардаж байна" гэсэн юм.
Тэрээр цааш ярихдаа "Иргэдэд мөнгийг бөөнөөр нь өгмөөр байна. Нэг сая төгрөгийг гурав хувааж өгнө гэдэг буруу шийдвэр. Бага багаар нь өгөхөөр өдөр тутмын хэрэглээнд үрэгдэж байна. Харин бөөнөөр нь өгвөл ашигтай зүйлд зарцуулж болно. Хэрвээ бөөнөөр нь өгөх боломжгүй байгаа бол иргэдээсээ уучлал гуйгаад өгч чадахгүй гэдгээ хэлээд хувьцаагаа өгөх хэрэгтэй" гэв.