Хүний хөгжил сангийн хөрөнгийг яаралтай бүрдүүлэхийг засгийн газарт үүрэгдлээ
МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин бүлгийнхээ хурлын талаар мэдээлэл өглөө. Тус намын бүлэг гурван асуудал ярилцжээ. Монгол Улсын санхүүгийн байдал ямар байгаа талаар Сангийн сайд Д.Хаянхярваагийн мэдээллийг сонссон бол Улсын бүртгэлийн газрынхнаас цахим үнэмлэхийг нэхжээ. Мөн орон нутгийн сонгуулийг Их хурлын сонгуультай хамт явуулах боломжийг ч эрэлхийлсэн байна. Ө.Энхтүвшин даргын хэлж байгаагаар зарцуулагдах төсөвт санаа зовох хэрэггүй гэнэ. Хүний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх талаар багагүй асуудал байгаа аж. Тиймээс тус сангийн хөрөнгийг яаралтай бүрдүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр болжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшингийн мэдээллийн дараа түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Иргэний цахим үнэмлэхийг хэвлэж тараах ажлыг Ц.Нямдорж сайд албаар саатуулж байгааг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг мэдэгдсэн. Үүнд та тайлбар өгөх үү?
-Манай намын удирдах албан тушаалд байсан хүнийг бүртгэлийн газрын даргаар тавьсанаас шалтгаалж ажил цалгардсан мэтээр иргэд ташаа ойлголт аваад байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ ажлыг санаатай саатуулж байгаа гэдэг нь худлаа. Цахим иргэний үнэмлэхний ажил ид явж байгаа.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ямар шийдэлд хүрсэн бэ?
-Бүлгээс Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах ямар ч боломжгүй гэж үзсэн. АН-ын зүгээс аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ынхтай хамт хийгээд, сум, дүүргийнхийг тусад нь намар явуулах хувилбар дэвшүүлсэн. Гэхдээ ямар байдлаар хийхийг хоёр намын бүлэг хуралдаж шийдвэрлэнэ.
-Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тогтоолын төслийг нэр бүхий гишүүд өргөн барьж, ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг шаардсан. Энэ талаар бүлгийн байр суурь ямар байгаа вэ?
-Хэлэлцэх асуудлын дараалал, хугацааг өмнө нь шийддэг дэгтэй. Дараалалд байхгүй учраас хэлэлцэх боломжгүй.