2012.07.17

Д.Тэрбишдагва: Цэцийн шийдвэрийг гартал гурван гишүүн тангаргаа өргөхгүй

Энэ удаагийн сонгуулиар 11 суудал авч, УИХ-д бүлэг байгуулах боломжтой болсон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийнхэн зарим зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэжээ. Тухайлбал, парламент дахь эвслийн бүлгийг УИХ-ын гишүүн Д.ТЭРБИШДАГВА ахлах болсон байна. Түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.
-"Шударга ёс" эвсэл УИХ дахь бүлгээ байгуулжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл өнгөрсөн сонгуульд амжилттай оролцож УИХ-д 11 суудал авсан. Энэ нь бүлэг байгуулах хэмжээний суудал шүү дээ. Хэдийгээр УИХ-ын дарга сонгогдсоны дараа албан ёсоор бичгээ өгч, бүлгээ зарладаг ч ажил явуулах үүднээс бид зарим алхмыг хийлээ. Өөрөөр хэлбэл, бүлгээ байгуулж, дарга, дэд даргаа сонголоо. Бүлгийн даргаар би ажиллах бол дэд даргаар Н.Батцэрэг гишүүн ажиллахаар сонгогдсон.

-АН-ын дарга Н.Алтанхуяг "Шударга ёс" эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулна гэж мэдэгдсэн. Танайх ямар нэгэн шийдэлд хүрсэн үү?

-Энэ жилийн сонгууль их өвөрмөц боллоо. Аль нэг хүчин олонхи болж чадаагүй учраас олон суудалтай нам, эвсэл өөр нам, эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулах ёстой. Энэ агуулгаараа АН-ынхан аль нам, эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулах вэ гэдэг саналаа гаргана. Бидний хувьд хэлэлцээр хийхэд бэлэн. АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэлтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Үүнийг албан ёсны мэдэгдэл гэж ойлгож байгаа. Ийм учраас манай нам, эвсэл уг саналыг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна. Мэдээж үүний тулд хэлэлцээрийн ширээнд сууж тодорхой тохиролцоонд хүрэх ёстой. Одоогоор бид ажлын хэсэг байгуулахаар бэлдэж байна. Дахин МАНАН төрөхгүй байх л гэж бодож байна.

-СЕХ-ноос нэрийг нь Ерөнхийлөгчид айлтгасан ч танай эвслийн гурван гишүүн /О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар/ тангаргаа өргөөгүй. Хэзээ өргөх юм бэ. Эсвэл Н.Энхбаяр даргыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан СЕХ-ны шийдвэрийг Цэцэд нягталтал хүлээх үү?

-Би УИХ-ын чуулган дээр СЕХ, СЕХ-ны дарга хариуцлагагүй ажилласан гэдгийг цохон тэмдэглэсэн. Маш олон будлиан гарсныг огтхон ч шийдээгүй шүү дээ. Зөвхөн хэвлэлээр л жишээ авъя. Ямар байдалтай сурталчилгаанууд цацагдаж байв. Гудамжинд байсан самбарын тоог санахад илүүдэхгүй байх. Мөнгө, төгрөг тараасан гээд илэрхий баримттай зүйл олон байсан шүү дээ. Ийм байхад хариуцлага тооцоогүй  мөртлөө МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшсэн нэр хүндтэй, олонд танигдсан, эх оронч улстөрчдийг СЕХ хассан нь өөрөө шударга бус үйл ажиллагаа.

Бид үүнийг нь засч, залруулахыг шаардсан. Харамсалтай нь бидний үгийг сонсоогүй. Тиймээс өөр арга байгаагүй учраас Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэцийн шийдвэр гартал нөгөө гишүүдээ хүлээлгэж байгаа. Үндсэн хуулийн Цэц шударга үнэний төлөө зөв шийдвэр гаргах юм бол эхнээсээ нэрийн жагсаалтад орсон хүмүүсээ /Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар/ оруулчих юм бол дараагийн бэлтгэгдсэн гурван хүн маань нэрээ татахад бэлэн байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.