Цахим үнэмлэх дахин авахад хугацаа шаардлагатай
Цахим үнэмлэх олгохтой холбоотой асуудал иргэдийг төөрөгдүүлж, хэрхэн яаж авах талаар мэдээлэл хангалтгүй байгаа. Сонгуулиас өмнө олгогдох ёстой байсан цахим үнэмлэхийг гар дээрээ авсан иргэн цөөхөн бий.
Тиймээс цахим үнэмлэх олгох болон, иргэний шинэчилсэн бүртгэлтэй холбоотой зарим асуудлын талаар Нийслэлийн бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга Н.Наранцэцэгээс мэдээлэл авсан юм. Одоогоор иргэний шилжилт хөдөлгөөн, бүртгэл журмын дагуу хэвийн явагдаж байгаа.
Хэрвээ хуучин үнэмлэхтэй иргэн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн тохиолдолд хаягийн шошгыг ар дээр нь наалгасны үндсэн дээр харьяа дүүргээс цахим үнэмлэхээ авах боломжтой. Харин цахим үнэмлэх дахин авах болон шилжилт хөдөлгөөн хийлгэж байгаа хүмүүс цахим үнэмлэх авахаар бүртгүүлсэн эхний ээлжийн иргэдийн дараа авах юм байна.
Эхний ээлж гэдэгт нь 2011 оны 12 дугаар сараас 2012 оны тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд лавлагаа авсан иргэд багтаж байгаа юм. Одоогоор нийтдээ 80 гаруй мянган иргэнд цахим үнэмлэх олгохоор хэвлэлтэд өгөөд байгаа аж.
Хэрэв орон нутгаас шилжин ирж байгаа бол үйлчилгээний хураамж 6000 төгрөг, нэг хувь цээж зураг шаардлагатай. Нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжих бол 3500 төгрөг бэлнээр хураалган шилжүүлгээ хийлгэж болох аж.