25, 45 настай сонгогчид хуучин үнэмлэхээрээ санал өгч болно
УИХ-ын 2012 оны сонгуулиар иргэд иргэний болон цахим үнэмлэхээр санал өгөхөөр болсон. Сонгууль эхлэхэд 16 хоногийн хугацаа үлдээд байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний үнэмлэхээ гээсэн болон дахин ашиглах боломжгүй болсон иргэдэд энэ сарын 1-нээс өмнө лавлагаа өгч дууссан билээ. Харин лавлагаатай иргэдийн цахим үнэмлэхийг энэ сарын 10-н буюу өнгөрсөн ням гаригт хэвлэж дууссан. Одоогийн байдлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-наас тавдугаар сарын 1-н хүртэл лавлагаа авсан 38187 хүний цахим үнэмлэхийг хэвлэж аймаг, хороонд нь тараасан аж. Харин тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1-н хүртэл 58387 хүн лавлагаа авсан. Эдгээр хүмүүсийн цахим үнэмлэхийг хугацаандаа буюу өнгөрсөн ням гаригт хэвлэж дуусчээ.
Ирэх баасан гариг гэхэд цахим үнэмлэхүүдийг аймаг, сум, хороогоор дамжуулан цахим үнэмлэхээ авсан байх юм. Харин 25 болон 45 нас хүрсэн хүмүүсийн иргэний үнэмлэхний хугацаа дуусдаг. Иргэний үнэмлэхнийхээ хугацааг сунгуулаагүй иргэд сонгууль өгөх үү гэдэг асуудал сонгогчдын дунд төөрөгдөл үүсгээд байгаа юм. Тэгвэл эдгээр иргэд өөрийн оршин сууж байгаа тойргийн хорооны иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж, сонгуульд оролцох эрхээ нээлгэн, хуучин үнэмлэхээр санал өгч болох аж.
Үүнтэй холбогдуулан 2012 оны УИХ-ын тогтоол гарсан бөгөөд 2011 оны арванхоёрдугаар сарын 26-наас энэ сарын 1-н хүртэл хугацаанд иргэний үнэмлэхний хугацаа дууссан 25 болон 45 настай иргэд хуучин үнэмлэхээрээ санал өгөх эрхтэй юм байна.