Цаасан дээрхийг ажил болгогч
2012.06.12

Цаасан дээрхийг ажил болгогч

МАН-аас УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржийг нэр дэвшүүлээд буй билээ. Ганц мандаттай ч олон нэр дэвшигчидтэй товчхондоо бол гал авалцсан тулаан болно гэж улс төрийн хүрээнийхэнд томьёологдоод буй энэ тойрогт МАН-ынхан нэлээд чамбай улстөрчөө илгээсэн.

Тэр нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржийн хувьд АН-ынхан хамтарсан засгаас гарахад л энэ салбарыг толгойгоороо хариуцаж авсан бөгөөд барилга, дэд бүтэц, төмөр зам гээд улс эх орны хөгжилтэй холбоотой ч зогсонги байдалд ороод байна гэсэн хатуухан шүүмжлэлд өртөөд байсан чухал асуудлуудыг гацаанаас гаргаж чадсан гэдгээрээ яах аргагүй гавьяатан. Тухайлбал, тэрбээр салбарын сайд болсон даруйдаа "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг бодитой эхлүүлж, иргэдэд зургаан хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсний зэрэгцээ шинэ зууны их бүтээн байгуулалтын нэг болох шинэ төмөр замыг хөдөлгөж чадсан хэмээн ард түмнээс магтаалын үг сонсоод буй юм.

Мөн аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох, Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх буудлын ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ нийслэл болон Алтай хотын ундны усан хангамжийг нэмэгдүүлэх, сайжруулах зэрэг томоохон ажлыг хийчихээд буй юм. Ингэснээр түүнийг хамтран ажлладаг нөхөд нь "Цаасан дээрх хөтөлбөрийг ажил хэрэг болгогч" хэмээн тодорхойлсон билээ.

Ц.Дашдоржийн хувьд төрд ажилласан жил, хийсэн бүтээсэн ажил нь яах аргагүй жин дарна.

Тодруулбал, тэрбээр 1990-1993 онд "Газрын тос" ХХК-д өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд "Их тэмүүлэл" ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд 2000-2004 онд ард түмний дэмжилгээр УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байсан бол 2008 онд Говь-Алтай аймгийн сонгуулийн тавдугаар тойргоос УИХ-д дахин гишүүнээр сонгогдсон билээ. Харин өдгөө тэрбээр УИХ-ын гишүүн, зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байгаа юм.

Үүний зэрэгцээ тэрбээр УИХ-ын Эдийн засаг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн бөгөөд УИХ дахь Монгол-Европын парламентын бүлгийн дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд даргаар ажилладаг гэдэг утгаараа энэ төрд ажиллах даацтай эрхмүүдийн нэг гэж болох юм. түүний хувьд өмнөх парламентын хувьд ч цөөнгүй ажил санаачлан хийсэн.Тухайлбал, тэрбээр 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулга, Харилцаа холбооны тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын ордуудыг түшиглэсэн концепц, Худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн тухай хууль зэрэг манай орны хөгжлийн тэргүүлэх салбар болгон ашигт малтмал, эрчим хүчний салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй 32 хуулийн төслийг санаачлан ажлын хэсгийн ахлагч, гишүүнээр ажиллаж байсан юм билээ.