С.Эрдэнэ: Төрийн эсрэг гэмт хэрэг хийж байна гэдгээ Л.Амарсанаа ойлгох хэрэгтэй
-Иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажил долдугаар сар хүртэл хойшилсон тухай УБЕГ-ын удирдлага мэдэгдлээ. Шинэ батлагдсан хуулийн"амин сүнс" нь цахим үнэмлэх байсан юм биш үү?
-Л.Амарсанаа гэдэг хүн бол МАН-аас сонгуулийг будлиулах үүрэг хүлээсэн хүн л гэж ойлгогдож байна. Удаа дараагийн шалтаг шалтгаан хэлж, асуудлыг хойшлуулсаар байна. Өмнө нь уг асуудлыг хариуцаж байсан УБЕГ-ын Д.Энхцэцэг гэж хүн хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Ер нь хоёрдугаар сараас хойш иргэний бүртгэл мэдээлэл, ялангуяа цахим үнэмлэхтэй холбоотой ажил үндсэндээ зогссон. Гэхдээ үүнийг зориуд зохиомлоор зогсоосон байх магадлалтай. Одоо байгаа ажлын хэсгийнхний хувьд бүртгэлийн ажилтнууд нь хүртэл ажлаа мэдэхгүй байгаа гэж сонссон. Бусад олон эх сурвалжаас ирж байгаа мэдээллийг харах юм бол Л.Амарсанаа гэдэг хүн анхнаасаа сонгуулийг МАН-д ашигтайгаар зохион байгуулах даалгавартай ирсэн гэдэг нь харагдаад байгаа юм. Жишээлбэл, Л.Амарсанаа гэдэг нөхрийн журам ч гэл үү, тушаал ч гэл үү нэг юм гарсан гэсэн. Үүгээр бол иргэний үнэмлэх, бичиг баримтгүй хүмүүс лавлагаагаар санал өгөх журам гарсан юм байна лээ. Ингэж лавлагаагаар санал өгнө гэдэг нөгөө царцааны нүүдэл замбараагүй явна гэсэн үг.. Ийм нөхцөлүүдийг бүрдүүлэх, ямар ч үнээр хамаагүй МАН-д сонгуулийн ялалт авчрах хүн өнөөдөр УБЕГ-ыг толгойлж байна.
-Одоо тэгээд яах вэ. Үнэхээр таны, яриад байгаа бүхэн. баталгаатай үнэн гэж үү?
-Энэ нөхрийг нэн даруй огцруулах ёстой. Эрүүгийн хуулиар бол төрийн эрхийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийн үр дүнг зохион байгуулалттайгаар будлиулсан этгээдийг 5-10 жил хүртэл хориход оноодог. Үүнийг төрийн эсрэг онц хүнд гэмт хэрэг гэж зүйлчилдэг болсон. Энэ л шийтгэл байгаа шүү гэдгийг Л.Амарсанаа гэдэг нөхөр ойлгох хэрэгтэй. Хуучин СЕХ-ны дарга Б.Баттулга 'Эрдэнэт"-ийн боловсон хүчний дарга болж дэвшсэн шиг Л.Амарсанаа дэвшээд явна гэж бодож байгаа бол эндүүрэл шүү гэдгийг хэлэх байна. Хэрэв түүний санаатайгаар хууль зөрчсөн үйлдлүүд нь тогтоогдох юм бол Эрүүгийн хуулийн шинэ зүйл ангиар хариуцлага хүлээх хэмжээнд үйлдлүүд нь илрээд байна. Хэрэв энэ нөхөр ийм байдлаар цаашдаа дураараа аашлаад байх юм бол асуудлыг холбогдох газарт нь тавьж, шалгуулна.
-Цахим үнэмлэх тараах ажил өнөөдрийг хүртэл хойшилсон нь өмнөх сайд болох Н.Алтанхуягтай холбоотой гэж МАН-ынхан хэлж байна лээ?
-Энэ бол инээдтэй л юм шүү дээ. 1990 он буюу цахим техник хөгжөөгүй үед хоёрхон сарын өмнө сонгуулийн хуулиа батлаад бэлтгэл ажлаа хангаад сонгуулиа явуулж л байсан. Бид дөрвөн жилийн өмнө Орон нутгийн сонгуулийн хуулиа баталчихсан байтал бэлтгэл ажил огт хангагдаагүй л байна. Мөн оны өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Гэтэл бэлтгэл ажил мөн л байхгүй гээд зогсож байна. Энэ бүгд нь яах ч аргагүй олонхи буюу МАН-ын хүлээх хариуцлага юм. Ингэж иргэдийн төрөө сонгох, сонгогдох эрхийг үгүйсгэж байгаагаараа энэ бол маш том гэмт хэрэг юм. Тэгэхээр санаатай үйлдэл явуулж байгаа этгээдүүд, тэр тусмаа салбар хариуцаж байгаа сайд нь харьяа байгууллагынхаа Л.Амарсанаа мэтийн хүмүүстээ хариуцлага тооцох хэрэгтэй.
-Л.Амарсанаа дарга өмнө нь байсан ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан нь өнөөдрийн нөхцөл байдалд нөлөөлсөн болов уу?
-Бэлтгэгдсэн боловсон хүчнийг зохион байгуулалттайгаар халж солих оронд нь мэдлэг туршлага-гүй, шинэ хүмүүсийг томилж байна. Ер нь УБЕГ-ын шинэ удирдлагын явуулж байгаа үйл ажиллагааг хараад байхад нэг их гэмгүй царайлчихаад, тодорхой үе шаттайгаар ажлыг хийх гэж байгаа юм шиг боловч цаагуураа монгол төрийн эсрэг хорлон сүйтгэсэн үйл ажиллагааг явуулж байна. Тиймээс энэ этгээдийг нэн яаралтай хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулах ёстой гэж дахин хэлэх байна. Хэрэв түүний хууль зөрчсөн нь тогтоогдох юм бол маш хатуу хариуцлага хүлээлгэх ёстой Тэгж байж Монголын төр үүргээ биелүүлэх боломж бүрдэнэ. Өнөөдөр ийм этгээдийг аваачиж томилоод өөгшүүлж байгаадаа Хууль зүй, дотоод хэргийн сайд ч хариуцлага хүлээх ёстой.
-Цахим үнэмлэх байхгүй болохоор сонгууль хэрхэн явагдана гэсэг үг вэ?
-Манайх сонгуулийн тухай хуультай. Тэр хуулиа биелүүлэхийг л шаардана. Хуулийн биелэлтийг хангах үүрэг бүхий этгээд ажлаа хийгээгүй бол хариуцлага хүлээх нь тодорхой. Жирийн иргэн хуулиа биелүүлээгүй бол хариуцлага хүлээдэг. Тэгвэл хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг зарчмаар ямар ч албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой. Сонгууль явуулах боломжийг бид давхар хайж байна. Үнэхээр цахим үнэмлэхийг зориуд санаатайгаар хойшлуулаад, устгаад, магадгүй цахим үнэмлэхний бэлдэц, цаас, материал нь замаасаа контейнер тайгаа алга болчих ч юм бил үү. Тэд энэ байтугай л юмыг хийдэг шүү дээ.Тиймээс сонгуулийг будлиангүй явуулах ажлыг судалж байна. Энэ этгээдүүдийн хийж байгаа үйл ажиллагааг ч гэсэн анхааралтай ажиглаж байна.
-Цахим үнэмлэх удааширсан ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдтай холбоотой гэх. Нөгөө талаас Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй байгаад та юу хэлэх вэ?
-Энэ өөрөө дахиад л хууль зөрчиж байгаа үйлдэл. МАН түүний Засгийн газар УИХ-аас баталсан хууль тогтоомжуудыг илт зөрчдөг, хууль гажуудуулдаг үзэгдэл ердийнх боллоо шүү даа Үүнтэй холбоотой АН-ын бүлгээс УИХ-аас гаргасан хууль, тогтоолуудыг биелүүлэхгүй байгаа Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг гаргасан. Энэ ажлын хэсгийг би өөрөө ахалж байгаа. Ажлын хэсэг маань УИХ-аас ямар, ямар хууль, тогтоол гарсан. Түүнээс хэдийг нь Засгийн газар хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй байна. Үүнээс үүдээд холбогдох ямар хуулийг Засгийн газар зөрчиж байна вэ гэдгийг нарийн судалж, бүлэгт танилцуулах үүрэг хүлээсэн. Тиймээс УИХ-ын Тамгын газар болон холбогдох яам, тамгын газруудаас лавлагаа авах байдлаар ажлаа хийж олон нийтэд дэлгэж тавина.
-Ц.Нямдорж сайдыг огцруулах бичиг өргөн барьсан гишүүдийг өргөдлөө буцааж авахыг намаас нь шаардаж байгаа гэсэн. Та энэ талаар сонссон уу?
-Энэ бол цэвэр УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа асуудал. УИХ-ын гишүүн аль нам, бүлэгт харьяалагдаж байгаасаа үл хамаарч бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй, эрхтэй. Энэ хүрээнд гишүүд ямар нэгэн санал хүсэлт гаргаж тавих, хууль тогтоомж өргөн барих эрхтэй байдаг.