2012.05.15
64 мянган хүнд цахим үнэмлэх олгоно
УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар "Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн танилцуулснаар бол одоо шинээр иргэний үнэмлэх авах шаардлагатай 64 мянга гаруй иргэн байгаа юм байна. Тэрээр, эдгээр иргэдэд хуучин иргэний үнэмлэх олгох гэхээр өмнө нь хуучин үнэмлэхийг хэвлэж байсан машин болон бэлдэц хэвлэх машиныг битүүмжлэн архивт шилжүүлсэн тул боломжгүй байгааг хэлсэн юм.
Учир нь сонгуулийн үеэр элдэв будлиан гаргахгүй байх үүднээс хуучин үнэмлэх хэвлэж асан 23 машин, 2500 ширхэг бэлдэц үйлдвэрлэх зориулалттай машиныг орон нутаг болон нийслэлээс хурааж авсан гэнэ.Ингээд энэхүү 64 мянга гаруй иргэнд шинээр иргэний үнэмлэх олгохдоо Сонгуулийн хуульд заасан ёсоор иргэний цахим үнэмлэх олгох нь зүйтэй гэж үзээд байгаа аж. 64 мянга гаруй иргэд нь хаясан гээгдүүлсэн, иргэний үнэмлэх авах насанд хүрсэн гэхчлэн янз бүрийн шалтгаантай хүмүүс байгаа аж.
Ц.Нямдорж сайд хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт өөрийн биеэр очиж иргэний цахим үнэмлэх хэвлэж байгаа байдалтай танилцахад 25 үнэмлэх хэвлээд л 3 гологдол гарч байгааг дурдсан. Түүнчлэн иргэдэд лавлагаа гаргаад өгөх, түүгээр нь санал өгүүлэх боломж буй эсэхэд гишүүд анхаарал хандуулахад сайд хариулахдаа Сонгуулийн шинэ хуульд заахдаа иргэд зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгнө гээд дурдчихсан байгааг хэлсэн юм. Ингээд тэрээр хуучин үнэмлэх хэвлэх боломжгүй болсон тул иргэний шинэ цахим үнэмлэхээр тэдгээр 64 мянган иргэнийг хангах шаардлагатай болсон тул Засгийн газраас тогтоолын төсөл оруулж ирж байгаагаа хэлсэн.
Асуулт хариулт өрнөхөд гишүүд нэлээд хоорондоо маргаж байсан ч шийдэлд хүрч, энэ асуудлын хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн юм. Иргэний шинэ үнэмлэхний тухайд 960 мянган бэлдэц авчрах гэрээтэй ч одоогоор таван удаагийн ачилт хийж, 472 мянга гаруйг хүлээж аваад байгаа гэнэ. Иргэний цахим үнэмлэх хэвлэхдээ 3 сек-д 2-ыг гаргана гэсэн чинь 7 сек-д л ердөө нэг үнэмлэх гаргаж байгаа тухай байнгын хорооны хурал дээр мөн дурдагдлаа.Үүний дараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжигдлээ.
Ч.Сайханбилэг гишүүний гаргасан горимын саналын дагуу уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай санал хураасан ч унасан юм.Байнгын хорооны дараагийн асуудал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байсан бөгөөд Х.Тэмүүжин гишүүний гаргасан горимын санал ёсоор анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны санал дэмжлэг авлаа.Сүүлийн асуудал болох Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэг тодорхой үр дүнд хүрээгүй гэж болно.
Байнгын хорооны зарим гишүүд үзэхдээ, өмнө нь хэлэлцээд бэлэн байж байгаа хоёр төслийг дангаар нь хэлэлцээд ирэх есдүгээр сард орон нутгийн сонгууль болоход аль хэдийнэ бэлэн болгочихвол асуудал үүсэхгүй хэмээж байсан бол өөр саналтай гишүүд мөн байсан. Тэд хэлэхдээ, хэрвээ Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр бол төрийн албаны ажилтнуудыг намын харьяаллаас бүр гаргах хэрэгтэй. Одоо бол зөвхөн түр татгалзаад байгаа. Тиймд Н.Батбаяр гишүүний санаачилсан хуулийн төслийг Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нөгөө хоёр төсөлтэй нь хамт хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж, түүнийгээ ч нэлээд хатуу хамгаалсан. Ингээд дахин ажлын хэсгээс ярилцан шийдэл гаргаж, энэхүү хоёр төсөлтэй холбоотойгоор намын бүлгүүдийн дунд ярилцахаас нааш асуудал байнгын хороогоор хэлэлцэгдэх боломжгүй болсон.
Байнгын хорооны “бусад” гэсэн асуудлын хүрээнд З.Энхболд гишүүний саналаар ярилцсан бас нэг асуудал нь гадаад дахь монголчуудыг УИХ-ын сонгуульд оролцуулахад аль болох зардал чирэгдэл гаргалгүй, нэг л удаа Дипломат төлөөлөгчийн газраа ирж саналаа өгөх боломжоор хангах тухай байсан ч мөн л эцсийн шийдлийг гаргаж чадсангүй.Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын саналыг авах хүрээнд Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо хамтран журам баталсан.
Гэвч уг журамд гадаадад амьдарч байгаа монгол иргэн нь УИХ-ын сонгуульд оролцохын тулд тухайн орон дахь Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлэх ёстой. Хэрвээ шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол түүнийгээ давхар хийлгэнэ.
Дараа нь УИХ-ын сонгуульд оролцохоор саналаа өгөхийн тулд ирэх зургадугаар сарын 10-нд дахин Дипломат төлөөлөгчийн газраа хүрэлцэн очиж сонгуульд саналаа өгөхөөр заагаад байгаа юм байна.Гэтэл жишээ нь, АНУ-д гэхэд л Монгол Улсыг төлөөлсөн Дипломат төлөөлөгчийн газар ердөө хоёр хотод л байдаг тухай З.Энхболд гишүүн хэлсэн. Тэрээр нэг нь Сан-Франциско, нөгөө нь Вашингтонд байдаг гэсэн юм.
Тэгтэл Нью-Иорк, Чикаго зэрэг хотод монголчууд олноороо амьдардаг, тэдгээр иргэд сонгуульд оролцохын тулд эхлээд бүртгүүлнэ, дараа нь саналаа өгнө гэж дахин Дипломат төлөөлөгчийн газар руу ирнэ. Ингээд бодохоор монгол иргэд онгоцоор хоёр дахин нисэх шаардлага бий болжээ. Ийм бэрхшээл зөвхөн АНУ-д амьдарч байгаа монголчуудад тохиолдоод буй юм биш, Англи зэрэг улсаас эхлээд нэлээд хэдэн улсыг нэрлэж болох юм гээд З.Энхболд гишүүн асуудлаа тайлбарлаж, хүмүүсийн санал гомдол ч ирж байгаа гэсэн.Тиймээс УИХ-ын Сонгогчдын нэрсийн жагсаалт бүртгэлийн хяналтын дэд хорооноос “Гадаад дахь монголчууд нь УИХ-ын сонгуульд саналаа өгөхийн өмнө бүртгэлд хамрагдахдаа заавал биеэр Дипломат төлөөлөгчийн газраа очих шаардлагагүй. Утас, факс, майл хаяг зэргийг ашиглан сонгуульд оролцох бүртгэлээ хийлгэх боломжтойн зэрэгцээ шинэчилсэн бүртгэлээ мөн хийлгүүлж, УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж болох юм” гэсэн саналыг оруулж тэрээр оруулж ирсэн билээ.
Гэвч энэхүү асуудлын хүрээнд УИХ дахь хоёр намын бүлгийн дунд мөн л нэлээд мэтгэлцээн үүсч байлаа.Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам Сонгуулийн тухай хуульд заасан заалтын дагуу журмаа баталчихсан байхад, дахиад өөрчлөх нь тогтворгүй байдал үүсгэнэ. Монгол Улсад амьдарч байгаа иргэн, гадаад улсад амьдарч байгаа иргэн хоёрын дунд хоёр өөр харилцаа үүсч байна.
Одоо Монголдоо амьдарч буй иргэдийн хувьд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдая гэхэд хаягийн шилжүүлэлт хийхийг зогсоосноос болж сонгууль өгөх боломжгүй болчихоод байгаа. Гэтэл гадаадад амьдарч байгаа монгол иргэдийг утас, факс зэргийг ашиглан шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж болно гэж өөрчлөх нь хуулиа зөрчсөн хэрэг болох вий дээ.
Тиймээс дээрх журмыг өөрчлөх шаардлагагүй гэж зарим нь хэлж байсан юм.Харин нөгөө хэсэг нь, гадаад оронд байгаа монголчуудыг сонгуульд оролцуулахын тулд ядаж нэг л удаа онгоцоор нисээд саналаа өгөх тэр бололцоог хуулийн хүрээнд олгох ёстой.
Тэд энд амьдарч байгаа монголчууд шиг нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү очих гэж байгаа хэрэг биш. Хувиасаа зардлаа гаргаж саналаа өгнө. Тиймээс зөвхөн сонгууль өгөхдөө Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж, саналаа өгөхөөр чирэгдэл багатай болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Эцэст нь, гадаад дахь монголчууд УИХ-ын сонгуульд саналаа өгөхийн тулд хоёр удаа Дипломат төлөөлөгчийн газраа очих уу, эсвэл нэг удаа юу гэдгийг журам баталсан Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо дахин хэлэлцэхээр болсон.
Нийтлэлч
Н.Тунгалаг
Н.Тунгалаг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.