Батлан хамгаалахын дэд сайд НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцлоо
Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дахь удаагийн чуулганд оролцох бүрэлдэхүүнд багтаж, чуулганы үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны болон түүний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр уулзалтуудыг хийлээ.
Нью-Йорк хотноо болсон энэхүү чуулган Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Энхийг сахиулах ажиллагаанд үр нөлөөтэй уулзалт боллоо.
Тухайлбал, "Олон улсын түвшинд хууль ёсыг сахиулах хамтын ажиллагаа" сэдэвт "Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн"-ний сайд нарын хэмжээний чуулга уулзалт болон "Хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сэдвийн дор Финлянд улсын зохион байгуулсан НҮБ-Энхийг сахиулах ажиллагааны харилцан ярилцлагын арга хэмжээнд оролцсон байна.
Энэ үеэр Финлянд, Урагвай, Норвеги улсын Гадаад харилцааны сайд ноён Еркки Туомиоя, Луис Алмагро, Еспен Барт Ейде нар, Олон Улсын Энх Тайваны хүрээлэнгийн ерөнхийлөгч ноён Терже Рөд-Ларсен, НҮБ-ын ЭСАГ-ын даргын орлогч Едмонт Мулет, Хээрийн хангалтын газрын орлогч дарга Амеера Хаг нартай уулзаж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны өнөө болон ирээдүйн чиг хандлага, Монгол Улсын НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, энхийг сахиулах ажиллагааны оролцоог өргөжүүлэх талаар ярилцлаа.
Түүнчлэн Монгол Улсын Энхийг сахиулах ажиллагааны оролцоог өргөжүүлэх чиглэлээр НҮБ-ын Хээрийн хангалтын газраас санал болгосон Европийн хамтарсан консерциумын ЕАДС группийн "Эйрбасмилитари" компанийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна.
АНУ-ын Нью-Йорк хотноо болсон энэхүү их чуулган Монгол улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Энхийг сахиулах ажиллагаанд үр нөлөөтэй уулзалт болж өндөрлөлөө.