Тони Блэйр: Ирак дахь өнгөрсөн 10 жил миний найдаж байсан шиг байгаагүй
Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр
2013.02.28

Тони Блэйр: Ирак дахь өнгөрсөн 10 жил миний найдаж байсан шиг байгаагүй

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр цаг үеийн асуудлаар “BBC” агентлагт сонирхолтой ярилцлага өгсөнийг хүргэе. 

-Сайн байна уу. Таны ажил төрөл бүтэмжтэй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгэхээр та үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд багагүй хугацаа өнгөрлөө. Таныг Их Британи улсын төрийн дээд албан тушаалтан байх үед одоогийн Ирак улс ямар байсан бэ. Тухайн үед дайн эхлэхэд таны төсөөлөлд юу бууж байв?

-Өнөөдрийн Ирак улсыг 10 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол тэс ондоо болсон гэдгийг дэлхий нийт харж байгаа болов уу. Тэгэхээр бүхэл бүтэн улсын хувьд 10 жил гэдэг маш урт хугацаа. Хөгжлийг хэд дахин эргүүлэх боломжтой тийм л урт хугацаа. Намайг улсынхаа дээд албанд үүрэг хүлээж байхад нөхцөл байдал үүнээс хэд дахин муу байсан нь үнэн. Энэ нь хөгжлийн хувьд бус нийгмийн аюултай үзэгдэл буюу халдлага ихтэй байсан гэсэн үг.

Иракийн хувьд гадны террорист бүлэглэлүүд нийгмийг бараг л хянаж байсан гэхэд хилсдэхгүй. Тухайн үед ч Иракийн эрх баригчид, бидний хэлж сурсан Саддам Хуссэйн удирдагч байсан. Харин өдгөө энэ бүхэн тэс ондоо болсон байна. Дайн эхлэх нь гэхэд “Бусад орон Иракт хэрхэн нөлөө үзүүлэх, ямар байр суурьтай байх бол” гэсэн бодол санаа зовоож байсан.

-Ард түмний хувьд та юу гэж бодож байна?

-Иракийн ард түмэн үнэндээ удирдагчаасаа болж зовж байсан. Дайны дараах Иракийн ард түмэн хоосорсон, ядууралтай, ямар ч сэргэх боломжгүй тийм л болж хувирсан. Энэ бүхэнд дайныг өдөөн хатгасан, хийсэн аль аль тал буруутай. Гэхдээ эцсийн зорилго эрх чөлөөт Иракийн ард түмнийг дэлхийд нээлттэй болгох байсан нь үнэн. Эрх чөлөөгөө боогдуулсан, харанхуй нийгэмтэй байсан гэдгийг дэлхий нийт мэднэ.

Хамгийн чухал нь “Одоо бид Иракийн ард түмний төлөө юу хийж чадах вэ” гэсэн асуулт чухал болоод байна.

НҮБ-аас, АНУ-ын зүгээс хүмүүнлэгийн олон улсын байгуулагуудаас ямар тусламж дэмжлэг хийх вэ гэх мэт олон зүйл байгааг бүгд мартах учиргүй.

-Өнөөдөр тус улсад халдлага зогсохгүй байгаа нь юутай холбоотой юм бол?

-Энэ бол иргэдийн оролцоо муу байгааг нэг талаараа харуулж буй. Хүчнийхэн иргэдтэй хамтран ажиллах, уялдаа холбоо тааруу байснаас нийгэмд өнөөх террорист халдлагууд одоог хүртэл үргэлжилсээр байна. Одоог хүртэл шийдвэрлэх асуудал байна гэдгийг та харж байгаа байх.

-Дайны нийт хохиролтой та танилцсан уу. Маш олон хүн, маш олон цэрэг амь насаа алдаж, олон мянган иргэн гэр оронгүй болсон. Энэ бүхэн хэтэрхий санагдахгүй байна гэж үү?

-Та одоо цаг дээр ярьж байна. Өнгөрсөн цагийг эргэн харъя. Иран, Иракийн дайны маш залуу дайчид амь үрэгдэж байсан. Үүнийг яагаад ярихгүй байгаа юм. Мянга мянган иргэд гэр оронгүй болж байхад яагаад сөхөхгүй байгаа юм. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, гал дунд халуун амиа алдсан эрэлхэг хүмүүсийг өнөөдөр яагаад мартав. Химийн зэвсгээр хоморголон устгаж байсан тэр цаг мөчийг яагаад одоо сөхөгүй байгаа юм бол.

-Гэхдээ одоо байдал бүр ч хүнд болсон байна шүү дээ?

-Яг тийм. Эцсийн хариулт нь хаанаа байна. Эцсийн үр дүн хаана байна. Би үүнийг л яриад байна. Он удаан жил дарлалд байсан ард иргэд өөр гадны хүчний тусламжтайгаар эрх чөлөөгөө маш үнэтэй олж авлаа. Харин одоо тэд юу хийх ёстой вэ. Ямар бодлого явуулах хэрэгтэй вэ. Хэн тэднийг чиглүүлэн залах юм бэ. Би энэ талаар л хэлээд байна.

-Гэхдээ дарангуйллыг ганц л шалтгаанаар үгүй хийсэн шүү дээ?

-Тийм. Ард түмэн үүнийг хүсэж байсан гэдгийг бид бүхэн мэднэ. Дайн эхлүүлсэн шалтгааныг ч бид мэднэ. Хэрэв та надаас Иракт дайн хийснээр ямар ашигтай зүйл бий болсон гэж асуух гэж байгаа бол би хариулъя. Тус улсын эрх зүйн орчин, төрийн албан тушаалтны шийдэмгий байдал, шүүх засаглалын шинэтгэл гэх мэт нийгмийг өөрчлөх хэд хэдэн хүчин зүйл дайны дараа эерэг болсон.

Хамгийн гол шалтгаан нь зүгээр нэг ардчилал хүсээд байгаа юм биш. Нийгэм дахь бүхий л зүйлийг шинэчлэн өөрчлөхийг хүссэн Иракийн ард түмний хүсэл зорилгод оршиж байгаа юм. Урьдчилан тооцоолж байснаар тэдний ирээдүй өнөөдрийг шиг байх ёсгүй байсан гэдгийг ухаарч байгаа болов уу.

-Таны бодлоор Иракийн ирээдүй ямар байх ёстой байсан юм бэ?

-Юу гээч. Улс төрд шийдэж болох асуудлыг шийдвэрлэх үед ямар нэг сөрөг хүчин гарч ирдэг. Харин шийдвэрлэж болохгүй зүйлийг улс төрийн гарцаар, хүчээр шийдвэрлэх цаг үе байдаг л юм. Хэрэв энэ бүхэн яг хуучных шигээ байсан бол нөхцөл байдал ямар байх байсан бол.

Дарангуйлсан, харанхуй, аймшигтай нийгэм Иракийн ард түмнийг айдаст автуулсан хэвээр. Яг л өнөөдрийн Сирийн нөхцөл байдал шиг. Мянга мянган хүнийг хоморголон хороочихоод “Манай улсын дотоод асуудал” хэмээн 20, 30 удаа иргэд рүүгээ гал нээсээр байх уу. Хэрэв та аль өнгөрсөн 10 жилийн өмнөхтэй харьцуулах гээд байгаа бол маш олон сайн талууд бий болсон. Мөн сөрөг нөлөө ч нийгэмд үүссэн. Хамгийн гол нь бид 10 жилийн өмнө энэ бүхнийг яг одоогийн Сирийн нөхцөл байдал шиг зүгээр л хараад өнгөрөөсөн бол ямар байх байсан бол. Ирак дахь өнгөрсөн 10 жил миний найдаж байсан шиг байгаагүй.

-Зарим хүмүүс таныг “худалч”, “Гэмт хэргийг хөхүүлэн дэмжигч” гэх мэт янз бүрээр л нэрлэх юм. Магадгүй таныг эсэргүүцэгчдийн нэг байх. Иракт таны бодлого байндаа туссан гэж үзэж байгаа юу?

-Мэдээж намайг эсэргүүцэгчид энэ нийгэмд одоо ч бий. Зарим нь 2005 оны сонгуулийн дараа намайг хүчтэй шүүмжилж байсан. Тухайн үеийн миний бодлого бол шийдвэрийг зөв тал руу  эргүүлэх. Ямар ч тохиолдолд дайны ашиг сонирхол эхэнд тавигдах ёсгүй гэдгийг онцолж байсан. Юу ч гэх юм, би өнөөдөр л тухайн үед ямар хүнд шийдвэр гаргаж байснаа ойлгож байгаа юм.  Тэр олон орны төлөөлөгчид өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байхад манай улс бүхнийг дундажлан баримтлах гэх мэт. Энэ мэт өнгөрсөн хугацаанд алдаж, оносон олон шийдвэрүүд бий. Гэхдээ миний бодлоор алдсанаас оносон нь их байсан гэж ойлгож байгаа.