Монгол Улсын Ерөнхийлөгч Өмнөд Судан дахь энхийг сахиулагчдаа эргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдаа эргэн ирж байгаа анхны төрийн тэргүүн, шинэхэн тусгаар тогтносон Өмнөд Суданд Ази тивээс айлчлан ирж буй анхны Ерөнхийлөгч болж буйг баяртайгаар мэдэгджээ.
2013.02.18

Монгол Улсын Ерөнхийлөгч Өмнөд Судан дахь энхийг сахиулагчдаа эргэв

Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс багтсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж хоёрдугаар сарын 15-ны өдөр Өмнөд Суданы нийслэл Жуба хотод хүрэлцэн очлоо.

Жуба хотын олон улсын нисэх буудалд Төв Африкийн шинэхэн тусгаар тогтносон Бүгд найрамдах Өмнөд Судан улсын Ерөнхийлөгч Салва Кийр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг угтан авлаа. Хоёр орны Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр Монгол Улс өөрийн зэвсэгт хүчний томоохон бүрэлдэхүүнийг тус улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж байгаад талархаж байгаагаа Ерөнхийлөгч Силва Кийр илэрхийлсэн байна. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдаа эргэн ирж байгаа анхны төрийн тэргүүн, шинэхэн тусгаар тогтносон Өмнөд Суданд Ази тивээс айлчлан ирж буй анхны Ерөнхийлөгч болж буйг баяртайгаар мэдэгджээ.

Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ нь Монгол Улс, монголчууд олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг” хэмээн тэмдэглээд төр улсаа шинэхэн төвхнүүлж байгаа Өмнөд Суданы ард түмэн тусгаар тогтнолоо олон үеэр дархлан цогцлоож чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.