Маргаантай арлын төлөөх тэмцэл ширүүслээ
Япон, Хятадын арлын маргаан дахин сэргэж эхэллээ.
2013.02.07

Маргаантай арлын төлөөх тэмцэл ширүүслээ

Саяхан тус хоёр улсын албаныхан маргаантай байгаа арлын талаар уулзалт хийсэн боловч мөн л бүтэлгүйтсэн. Хоёр талаас арлын талаарх бүхий л баримт нотолгоо, түүхэн бичээс, газрын зургуудаа нийлүүлж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн билээ. 

Харамсалтай нь өнөөдөр хүртэл дээрх арлууд чухам аль улсад харьяалагдаж байгаа нь тодорхой бус хэвээр байна. Энэ сарын дундуур төлөөлөгч нарын уулзалтыг дахин товлох талаар CNN агентлаг мэдээлсэн.

Гэхдээ энэ удаагийн уулзалтаар гуравдагч гэрч байлцуулахаар тохиролцсон бололтой. Мэдээж газар нутгийн хувьд аль алинд нь үнэтэй. “Хэрүүлийн алим” болоод байгаа уг арал Япон улсад, БНХАУ-д юугаар ч сольшгүй үнэтэй эрдэнэ. Тэдний маргаанд олон улсын зүгээс  оролцож, маргааныг зайлшгүй нэг тийш шийдвэрлэх ёстой гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрөөд буй. 

Арлын гол давуу тал нь Тайвань, Япон, Хятадыг холбосон байрлалтай бөгөөд усан замтай ойролцоо байрладаг юм

Өнгөрсөн сард Хятадын Зүүн тэнгист байрлах өнөөх арлуудын ойролцоо Хятадын онгоц Японы талд саатуулагдсан. Энэ нь бас л “хэрүүлийн алим” болж талууд ам муруйгаад амжсан. Японы хамгаалалтынхан асуудлыг тайван замаар шийдэх гэж хичээсэн боловч өмнөд хөршийн саатуулагдсан иргэд бухимдаж, асуудлыг дэвэргээж байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн удаатай. 

Японоос “Сенкаку”, Хятадаар “Диаою” гэж нэрлэгддэг эдгээр аралтай холбоотой маргаанаас хойш иймэрхүү тохиолдол хоёр дахиа гарсан. Арлын маргаантай байгаа асуудлыг хөндсөн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй хэвлэл мэдээллийн төвд талууд өөрсдийн арлыг батлах нотлох баримтуудыг тараасаар байна. 

Харин гурав дахь гүрэн АНУ-ын зүгээс маргаанд Японы талыг баримталсан мэдээлэл цацах болсон ч тус улсын Төрийн нарийн бичгийн даргын зөвлөх тэнцвэрт байдлыг хадгалсан мэдээлэл үе, үе мэдэгдэх болсон юм. Зөвлөх “Хоёр орны төлөөлөгчид асуудлыг тайван замаар хэлэлцэж, нөхцөл байдлыг тогтворжуулах нь чухал” гэсэн байр суурийг илэрхийлсэн. АНУ-аас өөр ямар ч орон арлын маргаанд ач холбогдол өгөхгүй байгаа нь хачирхалтай.

Маргаантай арал нь 1970-аад оноос эхлэн Японы нэгэн гэр бүлийн мэдэлд байдаг байсан байна. Гэхдээ Токио хотын захирагч Шинтаро Ишихара өнгөрсөн дөрөвдүгээр сард маргаантай арлыг худалдаж авах санал гаргасны дагуу ёсоор болгож өнгөрсөн оны арваннэгдүгээр сард арлын бичиг баримтыг улсын мэдэлд оруулсан.

Арлын зардалд Японы Засгийн газар 2.05 тэрбум иен буюу 26 сая ам.долларын төсвийг баталсан.

Энэ нь төсөвт ороогүй мөнгө байсан хэдий ч Засгийн газрын зүгээс сөрөг хүчнийхэнтэй ямар нэг зөрчилтэй тулгараагүй юм.

Өнгөрсөн жилд хоёр улсын харилцаа улам тааруу болж, хэд хэдэн хотод жагсаал үймээн болсон. Хоёр орны хооронд маргаан идэвхжсэнээс хойш хятадууд эх оронд нь байгаа япончуудыг эсэргүүцэж, Японы “Toyota”, “Panasonic” зэрэг томоохон үйлдвэрүүд рүү халдсан. Эсэргүүцлийн жагсаал газар авч, Шанхайд 1500 хүн, Гуанжуд 10 мянган хүн оролцсон томоохон, үндэстэн хоорондын эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн. Өдгөө өмнөд хөршид япончууд ажлаар ч хамаагүй очихгүй байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолсон юм. Тэр ч бүү хэл, японууд сурдаг их сургуульд хүртэл зодооны хэрэг гарсан удаа бий.

Хоёр орны хооронд маргаан идэвхжсэнээс хойш хятадууд эх оронд нь байгаа япончуудыг эсэргүүцэж, японууд сурдаг их сургуульд хүртэл зодооны хэрэг гарсан удаа бий.

Арлын гол давуу тал нь Тайвань, Япон, Хятадыг холбосон байрлалтай бөгөөд усан замтай ойролцоо байрладаг юм. Мөн газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй арал гэдгийг шинжээчид баталсан. Тиймээс л хоёр улсын хувьд арал стратегийн чухал бүсэд хамаарна. Товчхондоо, БНХАУ дахь Япон автомашины тоо эрс буурч, худалдан авалт зогссон гэж хэлэхэд хилсдэхгүй. Японы үйлдвэрүүд бүгд хаасан. Дээрээс нь үйлдвэрийн хөрөнгө оруулагч нарыг хэдэн тэрбум ам.доллараар шатаасаар байна. Үүний зэрэгцээ БНХАУ дахь гадаадын хөрөнгө оруулагчдын тоо 48 хувиар буурсан үзүүлэлт өнгөрсөн оны сүүлээр гарсан юм.

НҮБ-аас хоёр орны арлын маргаанд хандан “үүсээд буй хурцадмал байдал энэ хэвээр байж болохгүй. Ямар нэг хүчирхийлэл гарахгүй байх тал дээр аль аль тал анхаарах ёстой. Мөргөлдөөн гарахаас өмнө асуудлыг дипломат аргаар шийдэх нь хамгийн зөв шийдэл” гэсэн утга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн аж. Одоогийн байдлаар Бээжин дэх Японы Элчин сайдын яамыг өндөржүүлсэн хамгаалалтад авч, 1000 гаруй хамгаалагч харгалзаж байгаа талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Арлын гол давуу тал нь Тайвань, Япон, Хятадыг холбосон байрлалтай бөгөөд усан замтай ойролцоо байрладаг юм.

Арлын эргэн тойронд хүн амьдардаггүй тул арлын эргэн тойронд загасчлах сайхан нөхцөл байдал бий аж. БНХАУ-ын зүгээс Тайваны загасчид болон өөрийн орны загасчдыг маргаантай арал руу илгээж буй талаар Японы хэвлэлээр цацагдсан. Үүнээс болж эргийн хамгаалтын цэргүүд зөрчилддөг талаар ч зарим агентлаг мэдээлсэн. Байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол “Дорнод Хятадын тэнгист Тайваны арлаас зүүн хойд зүгт 170 км-т байрлах бүс нутагт удахгүй буун дуу гарах вий” гэхээс хоёр талын эрх баригчид эмээж буй бололтой. Японы зүгээс 1895 оноос тэдний мэдэлд байсан гэдэг бол Бээжин 1783, 1785 оны газрын зураг дээр Хятадын газар нутагт орсон байдгийг онцолдог байна.

Өнгөрсөн онд хоёр улсын хооронд үе, үе сөргөлдөөн гардаг байсан ч хамгийн анхаарал татсан нь даралттай усаар байлдсан явдал байсан юм. Тайваний загас агнуурын 70 орчим хөлөг рүү Японы харуулын хөлгүүд усан буугаар шүршиж эхэлсэн тул хятадууд  хариуд нь “Усан тулаан” хийсэн. Энэ талаар “Youtube” сайтад бичлэгээр байршуулсан байдаг. Тайванийн “Илань” боомтоос загас агнуурын хөлгүүд сардаа нэг удаа маргаантай арал руу нэвтэрдэг уламжлал тогтоод байгаа гэнэ.