Л.Болд сайд Мюнхений Бага хуралд оролцож байна
Дэлхий дахины өнөө болон ирээдүйд тулгарах аюулгүй байдлын сорилтыг авч хэлэлцдэг дэлхийн тэргүүлэх чуулга уулзалт болох Мюнхений 49 дүгээр бага хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тусгай урилгаар оролцож байна.
2013.02.04

Л.Болд сайд Мюнхений Бага хуралд оролцож байна

Энэ удаагийн бага хурлаар эрчим хүчний аюулгүй байдал, Ираны цөмийн асуудал, Сири, Мали зэрэг улс оронд болж буй хямрал, олон улсын тавцанд хүчирхэгжиж буй орнуудын дэлхийн засаглал дахь үүрэг роль, кибер аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй геополитикийн асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.

Түүнчлэн бага хуралд НҮБ, НАТО, Европын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Арабын орнуудын холбоо зэрэг олон улсын байгууллагын удирдлага оролцож байна.

Мөн дэлхийн  90 орчим улс орны Гадаад харилцаа,  Батлан хамгаалахын сайд нар, зарим улс орны төр, засгийн тэргүүн нар оролцож байна.

Бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Финландын Гадаад хэргийн сайд Эрркки Туомиёяа, Афганистаны Гадаад хэргийн сайд Задмай Рассоул, Израйлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан хамгаалахын сайд Эхүд Барак, мөн Израйлийн Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Дани Аялон,  Канадын Батлан хамгаалахын сайд Петер Маккей, Германы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Кристиан Шмидт нартай албан ёсоор уулзаж, хоёр болон олон талтын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийжээ.

Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Заниер, Шведийн Гадаад хэргийн сайд Карл Билдт, Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Эйдэ, Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски нартай уулзаж, Монгол Улсад 2013 оны 4 дүгээр сард болох “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Гадаад харилцааны сайд нарын бага хурал”-д оролцох болсонд талархал илэрхийлэв.