УИХ-ын удирдлагууд АНУ-д ажиллаж байна
УИХ-ын намрын чуулган завсарлаcантай холбоотойгоор УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, гишүүн Б.Ганбат, Ш.Түвдэндорж нар АНУ-д ажиллаж байна.
УИХ-ын гишүүд энэ айлчлалаараа АНУ-ын зарим мужууд, Вашингтон, Нью-Йорк хотуудад ажиллаж, АНУ-ын Мөрдөх алба, Холбооны мөрдөх товчооны үйл ажиллагаатай танилцах юм байна. Мөн Шинэчлэлийн Засгийн газраас эрх зүйн салбарт хийж байгаа шинэчлэл, шүүхийг тойргийн системд шилжүүлэх болсонтой холбогдуулан АНУ-ын тойргийн шүүхийн тогтолцоо, шүүхийн процест оролцож байгаа Маршалын үйл ажиллагаа, шүүхийн захиргаатай танилцах юм байна.
Дашрамд сануулахад Монгол Улсад хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн захиргааны тухай хуулийг УИХ-аар батлуулж, Мөрдөх алба болон Маршалын албаны тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байгаа билээ.
Энэ айлчлалын үеэр УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог нар АНУ-ын Конгрессийн танхимын Монголын бүлгийнхэнтэй уулзаж санал солилцох юм байна. Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй энэ айлчлал 14 хоног үргэлжлэх бөгөөд УИХ-ын түвшинд хийгдэж буй энэ айлчлалын араас Авлигатай тэмцэх газар болон цагдаа, прокурорын байгууллагаас холбогдох хүмүүс явж танилцах аж. Уг айлчлалын үеэр хоёр улс гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай асуудал ч мөн яригдах аж.