Сайд Л.Болд Женевт ажлын айлчлал хийв
Женев дэх айлчлал
2013.02.27

Сайд Л.Болд Женевт ажлын айлчлал хийв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд хоёрдугаар сарын 26-ны өдөр НҮБ-ын Женев дэх төвд ажлын айлчлал хийлээ. Тэрээр энэхүү айлчлалын хүрээнд АОХН-ийн хуралдаан, Зэвсэг хураах бага хурлын чуулган, Хүний эрхийн зөвлөлийн 22 дугаар чуулганы хуралдаан, Европын эдийн засгийн комиссийн Тээврийн сайд нарын уулзалтад оролцож, Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар Нави Пилай, Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Паничпакти, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Стратегийн бодлогын газрын захиралтай тус тус уулзан Европын цөмийн судалгааны төвд зочлов.  

АОХН-ын удирдах зөвлөлийн хуралдаанд оролцов

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн 7 дугаар хурал өчигдөр /Хоёрдугаар сарын 26-нд/ Женев дэх НҮБ-ын байранд боллоо. Энэ удаагийн хурал өндөр түвшний хуралдаанаар эхэлсэн бөгөөд тусгай зочноор Гадаад харилцааны сайд Л.Болд, Японы Гадаад хэргийн Дэд сайд хатагтай Тошико Абэ, Эль Салвадорын Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны захирал хатагтай Л.Кардоза оролцож үг хэлсэн юм. Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдааныг нээж үг хэлсэн үгэндээ: Монгол Улс АОХН-ийн Сайд нарын бага хурлыг зохион байгуулахад өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа ба Удирдах зөвлөлийн гишүүдээс өөрсдийн Гадаад хэргийн сайд нар оролцуулах талаар идэвхтэй ажиллахыг хүслээ. Дэд сайд Абэ хэлсэн үгэндээ Япон Улс АОХН-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Камбож, Мьянмар зэрэг бусад ардчилсан шилжилт хийж буй орнуудад туслалцаа үзүүлэх Ажлын хэсэг байгуулахыг тууштай дэмждэгээ дурдсан. Хурлыг АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Лайснар удирдсан төдийгүй Ажлын хэсгийн тайлан, АОХН-ийн дарга орныг сонгох шалгуур, Сайд нарын бага хуралд оролцох 131 орны жагсаалтанд ороогүй орнуудыг урих асуудлыг шүүн хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргалаа. Манай талаас Гадаад харилцааны сайдын зөвлөх О.Машбат Сайд нарын бага хурлын хөтөлбөр, төгсгөлийн баримт бичиг, оролцохоо нотолсон төлөөлөгчдийн талаар мэдээлэл хийлээ. Хуралд Өмнөд Суданы ардчилсан шилжилтийг дэмжих АОХН-ийн Ажлын хэсэг байгуулахыг Удирдах зөвлөлийн гишүүд дэмжиж, үүнийг хуралдаанд тусгай зочноор оролцсон Өмнөд Суданы Байнгын төлөөлөгч ноён Р.Риек нааштайгаар хүлээж авч байгааг мэдэгдсэн нь онцлог үйл явдал байв.  

ЗХБХ-ын чуулганд үг хэллээ

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний дэглэм нь цөмийн зэвсгийг хураах, түүнийг үл дэлгэрүүлэх олон талт чухал механизм мөн

Сайд Л.Болдыг Зэвсэг хураах бага хурлын чуулганы байр Council Chamber буюу Зөвлөлийн танхимд хүрэлцэн ирэхэд ЗХБХ-ын дарга Энэтхэгийн элчин сайд хатагтай С.Мехта, ЗХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Я.Сарева нар угтан мэндчилжээ. Хурлын дарга чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын дипломат албаны тэргүүнийг ЗХБХ-ын гишүүн улс орнуудын төлөөлөгчдөд танилцуулж, үг хэлэхийг урьсан байна.Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ зэвсэг хураах асуудлыг олон талаар хэлэлцэх цорын ганц индэр болсон ЗХБХ-ын ач холбогдлыг үнэлж, түүний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд тусгагдсан үндсэн асуудлуудын талаар Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газраас баримтлах бодлогыг тайлбарлав. Монгол Улс зэвсэг хураах, ялангуяа цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх зорилтыг урагшлуулахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрнээ дэмжиж буйг дурдаад, эл зорилтыг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх учиртай ЗХБХ-ын үйл ажиллагааг он удаан жилийн гацаанаас гаргах, сэргээн идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн юм. Тэрээр энэ чиглэлээр НҮБ-ын ЕНБД, ЗХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс гаргаж буй хүчин чармайлтыг өндөр үнэлж, хурлын ажиллагааг мухардлаас гаргах аливаа оновчтой санал санаачилгыг Монголын төлөөлөгчид дэмжиж ажиллана гэдгийг нотлов. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний дэглэм нь цөмийн зэвсгийг хураах, түүнийг үл дэлгэрүүлэх олон талт чухал механизм мөн гэдгийг сайд Л.Болд онцлоод түүнийг бататган бэхжүүлэх, уг гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцсэн 2010 оны бага хурлаас батлан гаргасан Үйл ажиллагааны төлөвлөгөөг чанд хэрэгжүүлэх, үүнд цөмийн зэвсэг бүхий гүрнүүд чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн манай улсын байр суурийг нотлон илэрхийлсэн юм. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаас зэвсэг хураах асуудлаар батлан гаргасан холбогдох тогтоолуудын ач холбогдлыг үнэлж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд манай улс хувь нэмрээ оруулах болно гэдгийг батлав.     

Цөмийн зэвсгээс ангид бүсүүд нь дэлхий нийтийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэг журмыг бататгах, улмаар цөмийн зэвсэг хураах зорилтыг ахиулахад тус дөхөм үзүүлж байгааг тэмдэглээд энэ үйл явцад Монгол Улс хувь нэмэр оруулж буйг цохон дурдлаа. Сайд Л.Болд Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн зарлан тунхагласны хорин жилийн ойг бид өнгөрсөн онд тэмдэглэснийг дурдаад олон улсын хэмжээнд нэгэнт хүлээн зөвшөөрсөн цөмийн зэвсгээс ангид байх тухай манай статусыг баталгаажуулах чиглэлээр бид тууштай ажиллаж байгааг тайлбарлав. Энэ хүрээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өнгөрсөн оны чуулганаас баталсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус”-ын тухай тогтоол, мөн Монгол Улс цөмийн зэвсэг бүхий 5 гүрэн болох БНХАУ, Франц, ОХУ, Британи, АНУ-тай 2012 оны 9 дүгээр сарын 17-нд Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан Хамтарсан тунхаглалын ач холбогдлыг онцоллоо.

Ийнхүү үг хэлсний дараа ЗХБХ-д суугаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван гүрний төлөөлөгчид Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзан мэндчилж, баяр хүргэв.

Цөмийн судалгааны төвд зочлов

CERN-нд 2400 байнгын ажилтан, 1500 түр ажилтан өдөр тутам судалгаа шинжилгээний ажил хийдэг

Сайд Л.Болдыг Европын цөмийн судалгааны төв CERN-д хүрэлцэн ирэхэд тус байгууллагын Ерөнхий захирал Р.Хьюер угтан мэндчилж, төвийн эрдэм шинжилгээ, туршилтын ажлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Үүний хамт газар дорхи ALICE туршилтын цогцолборын ажиллагааг сонирхсон юм.Европын эрдэм шинжилгээний төв CERN нь 1954 онд албан ёсоор байгуулагдсан, эдүгээ 20 улс гишүүнээр нь ажиллаж байна. CERN гэдэг нь францаар Conseil Europien pour la Recherche Nuclaire гэсэн нэрийн товчлол. Энэ нь эрдэм шинжилгээ-судалгааны дэлхийд нэр хүндтэй томоохон төв төдийгүй түүний өдөр тутмын үйл ажиллагаа суурь физикийн ухаанд түшиглэн орчлон ертөнцийн бүтэц, мөн чанар, зохицолдоог таньж мэдэх эрдэм шинжилгээний туршилт хийх явдал юм. Эрдэм шинжилгээний хамгийн том бөгөөд цогц төхөөрөмж хэрэгслийн тусламжтайгаар материйн үндсэн бүтэц – эгэл бөөмийг судлах нь төвийн үйл ажиллагааны зорилго аж. Тухайлбал, физикчид тусгай хурдасгуурт эдгээр бөөмийг өндөр хурдтай хөдөлгөж мөргөлдүүлснээр байгалийн хуулийн мөн чанарыг мэдэхэд оюун ухаанаа сорьж байдаг байна. Тус төв нь дэлхийн олон орны эрдэм шинжилгээ-судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, физикийн судалгааны хамгийн сүүлийн үеийн мэдээлэл солилцон технологи дамжуулах, олон түвшний сургалт зохион байгуулах зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. CERN-нд 2400 байнгын ажилтан, 1500 түр ажилтан өдөр тутам судалгаа шинжилгээний ажил хийхийн сацуу 608 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнг төлөөлсөн 113 улсын 10000 эрдэмтэн, инженер үйл ажиллагаатай нь танилцдаг байна. Сайд Л.Болд Монголоос эрдэмтэн, физикчдийг тус төвд дадлага хийлгэх, ажиллуулах боломжийн талаар лавлаж энэ тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ саналыг төвийн удирдлага анхааран судалж, шийдвэрлэхээр боллоо.

Хүний эрхийн дээд байгууллагад үг хэлэв

Монгол улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон

Гадаад харилцааны сайд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 22 дугаар чуулганы өндөр түвшний хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн анх удаа үг хэллээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад баримт бичигт баталгаажсан хүний эрх, үндсэн эрх чөлөөг даян дэлхийн хүн бүр тэгш, шударга эдлэх боломж бололцоог бүрдүүлэх эрхэм зорилтоо хангах чиглэлээр ажилладаг. Зөвлөлийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс сайшаан талархал илэрхийлсэн юм.

Монгол Улс 23 жилийн өмнө тайван замаар эхлүүлсэн ардчилал, эрх зүйт ёсыг бэхжүүлэх болон хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах үүрэг хариуцлагаа олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар амжилттай хэрэгжүүлж байгааг цохон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг боомилдог үл үзэгдэгч гар болох авлига, хүнд суртал, хариуцлагагүй байх явдлыг халах зорилт тавин тодорхой алхмуудыг хэрэгжүүлж эхлээд байгааг дурдан цаашид энэ чиглэлээр НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ тутам ардчилсан орнуудтай туршлага солилцох, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг нотлов.

Тэрээр Сири болон бусад зарим улс оронд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас энгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд хохирч, эрх нь ноцтой зөрчигдөж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэн тэдгээр орнуудыг НҮБ-ын ХЭЗ-ийн тусгай мандат эзэмшигч болон бусад төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллаж, асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэхийг уриалсан юм. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан цаазаар авах ялыг хориглон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколыг соёрхон баталж, 2011–2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай удирдаж, Хүний эрхийн тусгай мандат эзэмшигчдэд нээлттэй байж, хамтран ажиллах зэргээр багагүй ололт амжилттай байгааг тэмдэглэв.

Монгол Улс дэлхий дахинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж, 2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон хувь нэмрээ оруулах бүрэн эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, тодорхой зорилт, үүрэг амлалтуудыг дэвшүүлж байгаа тухай сайд Л.Болд хэлсэн үгэндээ онцоллоо.

Хүний эрхийн дээд комиссартай уулзав

2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүний эрхийг сахин хамгаалах үйлсэд бодитой хувь нэмэр оруулахаар тодорхой зорилтууд дэвшүүлж байгаа

Сайд Л.Болд НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллайтай уулзах үеэр Монгол Улсын гадаад бодлогын суурь зарчмын нэг бол ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад  чиглэсэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох явдал мөн болохыг нотлоод 2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүний эрхийг сахин хамгаалах үйлсэд бодитой хувь нэмэр оруулахаар тодорхой зорилтууд дэвшүүлж байгаагаа мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд цаазаар авах ялыг хориглон, улмаар Монгол Улсын Их Хурал өнгөрсөн онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколыг соёрхон батлаад байгаа бөгөөд Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний илтгэлтэй холбогдуулан гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг сайд Л.Болд дурдав. Түүнчлэн өнгөрсөн онд Ядуурал ба хүний эрхийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч, Хүний эрх ба бизнесийн асуудлаарх ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан бол энэ оны 6 дугаар сард Хүний эрхийг хамгаалагчдын асуудлаарх Тусгай илтгэгчийг эх орондоо хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.  

Монгол Улс 2011–2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргаар ажиллах хугацаанд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газраас дэмжлэг үзүүлж ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллай Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарч, ардчиллыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар бүс нутгийн улс орнуудад үлгэр жишээ үзүүлж байгаад баяр хүргээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

Худалдаа, хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга др. С.Паничкакдитай уулзах үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжиж байгаа Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг хянан үзэх нь төслийн илтгэл нь эдийн засгийн төрөлжилтийг гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулан эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын боломж, өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичиг болсныг талууд онцлон тэмдэглэв.

“Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг хянан үзэх нь” илтгэлийн төслийг Ерөнхий нарийн бичгийн дарга С.Паничпакди ирэх сард Монгол Улсын Засгийн газарт өөрийн биеэр танилцуулах болсонд сайд Л.Болд талархал илэрхийлэв. Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг судлах ажил ихээхэн сонирхол татсан арга хэмжээ болсныг Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов. Талууд цаашид дамжин өнгөрөх тээвэр, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашиг, түүхий эдээс хамааралтай хөгжиж байгаа орнуудад чиглэсэн үйл ажиллагаа, эдийн засгийн төрөлжилт, био худалдаа, үйлчилгээний салбар болон боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зэрэг чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын стратегийн бодлогын баг монголд ажиллана

Гадаад харилцааны сайд Л.Болд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Стратегийн бодлогын газрын дарга Кристел Вандер Элст-тэй уулзлаа.

Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөв, чиг хандлагыг Дэлхийн эдийн засгийн 2014 оны чуулга уулзалтаар тусгайлан хэлэлцүүлэхтэй холбогдуулан “Монголын хөгжлийн төлөв” төсөл хэрэгжүүлэх, энэ хүрээнд “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ба Монгол Улсын стратегийн яриа хэлцээ” арга хэмжээг ирэх 9 дүгээр сард зохион байгуулах асуудлаар талууд санал солилцлоо. Энэ оны 3 дугаар сарын 4-5-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Монголын эдийн засгийн чуулганы үеэр тус байгууллагын Стратегийн бодлогын баг манай улсад ажиллаж, улс төр, бизнес эрхлэгчид, судлаачид, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзан Монгол Улсын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх тэдний санал бодлыг сонсохоор төлөвлөж байгаагаа хатагтай Кристел Ван дер Элст танилцуулав. Энэхүү мэдээлэл, судалгаа нь Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөв, чиг хандлага илтгэлийн суурь болох юм.

Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа эрчимжиж, түншлэлийн хэмжээнд хүрч буйг сайд Л.Болд онцлоод, Монгол Улсын Засгийн газар улс орныхоо хөгжлийн асуудлыг Дэлхийн эдийн засгийн ирэх оны чуулга уулзалтаар хэлэлцүүлэхэд чухал ач холбогдол өгч байгааг сайд Л.Болд тэмдэглэн, “Монголын хөгжлийн төлөв” төслийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлж ажиллахаар болов.