Хятадын төвдүүд: Иргэний үнэмлэхгүй иргэд
Хятадын эрх баригчид олон улсад мэдэгдэхгүйгээр Төвдийн иргэдийн паспортыг хураан авч хилээр гарах эрхийг нь хорив. Гадаадын дайснуудыг илрүүлэх нэрээр төвдүүдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг дарах гэхдээ Бээжин энэ бүс нутгийг гадаад ертөнцөөс таслах шийдэлд хүрсэн нь энэ. Төвдууд гадагшаа явах гэж угаас зүдэрдэг байсан нь одоо улам хэцүүдэв. Паспорт хураахаас гадна хятадууд үзэл суртлын буруу нөлөө түгээгч гэж үзсэн хийтэл дагуулын телевизийг нь тасалсан байна.
Жирийн нэг төвд хүн гадаад паспорт авах ямар ч аргагүй болов. Хятадууд бол өргөдлөө өгснөөс хойш 15 хоногийн дотор паспорт авдаг.
2012 оны нэгдүгээр сард, гадаадад явах зөвшөөрөл олж авсан хэдэн мянган төвд хүн Энэтхэгт очиж, Далай ламын зохион байгуулсан шашны арга хэмжээнд оролцжээ. Энэ явдалд дүгнэлт хийсэн Хятадын эрх баригчид яаралтай хөдөлж эхлэв. 10 өдөр үргэлжилсэн арга хэмжээнээс харьж ирсэн төвдуүдөөс нэлээд олныг нь баривчилж "эх оронч хүмүүжлийн" арга хэмжээнд суулгахаар ийш тийш нь илгээжээ. Улмаар Төвдийн өөртөө засах оронд (ТӨЗО) гадаадад явах шинэ журам тогтоосон нь хэрэг дээрээ энгийн хүнийг хилээр гарах эрхгүй болгосон байна. "Radio Fгее Аsiа"-гийн мэдээлснээр өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сар гэхэд ТӨЗО болон Хятадын бусад муж дахь төвдүүдэд паспорт өгөхөө хэдийнэ больсон байжээ. Төвдийн цөөн тооны албаны хүн л ажил хэргээр гадагш явах эрхтэй үлдсэн бөгөөд эргэж ирээд паспортоо хураалгах ёстой болсон байна. Мөн гадаадад яваад ирэгсэд орон нутгийн цагдаагийн газарт тайлан тавьж, асуугдах журам тогтжээ.
Хятадууд бол өргөдлөө өгснөөс хойш 15 хоногийн дотор паспорт авдаг бөгөөд энэ хугацаанд олгогдоогүй бол зохих алба нь зургаа хоногийн дотор татгалзсан тайлбараа ирүүлдэг журамтай. Харин төвдүүдэд энэ журам хамаагүй юм. Эхлээд өргөдөл нь орон нутгийн засаг захиргааны байгууллагын янз бүрийн шатанд хянагдаж явсаар ТӨЗО-ны Цагдаагийн төв албанд очдог байна. Олон давхар шалгалтын эцэст ч уг иргэний найдвартайг нь баталгаажуулахын тулд хилийн чанадад "хууль бус арга хэмжээ", "төрд хохирол учруулахуйц" үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн ам өчгийг нь авч тусгайлан баримтжуулдаг байна. Тэр ам өчиг нь үнэндээ бол Хятадын эрх баригчдын талаар сөрөг зүйл ярихгүй гэсэн үг юм. Өргөдлийн хариуг авахын тулд хэдэн долоо хоногоор бус хэдэн сараар хүлээнэ. Мөнгө эсвэл танил талтай хун энэ хугацааг арай богиносгож болох боловч төвдүудэд тэдгээрийн аль аль нь үгүй юм. Ингээд үр дунд нь хэрэг дээрээ паспорт авч чадахгүй хоцордог байна.
Журам чангарахаас өмнө паспорт авсан төвдүүдийг ч энэ бэрхшээл тойрохоо байжээ.
2012 оноос Хятад улс энгийн паспортоос биометрийн паспортод шилжсэн юм.
Үүнтэй холбоотойгоор иргэд паспортоо солиулах ёстой болсон бөгөөд хятад иргэд хуучныхаа хугацааг дуусуут албанд тушаагаад шинийг саадгүй авч байгаа бол төвдүүдийнхийг зүгээр л хураагаад авчихаж байгаа аж. Журмаараа бол хуучных нь оронд шинийг олгох ёстой байтал эцэс төгсгөлгүй шалгалт эхэлдэг тул одоогоор шинэ паспортын бараа харсан төвд хүн үгүй байна.
Сүүлийн хэдэн сард Хятадын төвдүүд гадаадад явахаас гадна хилийн чанадаас мэдээлэл авах эрхээ хасуулсан юм.
Нэгдүгээр сард эрх баригчид ТӨЗО-ны зүүн хойд мужуудад тусгай бүлгүүд илгээж, хувийн орон байшин, буддын сүм хийдүүд дэх хиймэл дагуулын тавган антеннуудыг хураалгасан нь тодорхой болсон юм. Хятадын эсрэг нэвтрүүлэг үзүүлэхгүй гэж тэр.
"Radiо Fгее Аsiа", "Vоicе of Аmеriса"-гийн нэвтрүүлгүүдийг сонссон хүмүүсийг таван мянган юань хүртэлх мөнгөөр торгох журам гарснаас гадна тэдгээр хүмүүсийг илчилж хов хүргэсэн этгээдүүдийг 10 мянган юаниар шагнадаг болжээ. Эрх баригчдын авсан арга хэмжээ Хуаннань-Төвдийн өөртөө засах тойргийн 300 сүм хийдийг хамарсан бөгөөд хурааж авсан төхөөрөмжийн оронд Хятадын орон нутгийн телевизийн сувгийн 70 хувийг хүлээж авах чадалтай 50 дамжуулагч суурилуулж, үүнд орон нутгийн төсвөөс 8.67 сая юань буюу ойролцоогоор 1.39 сая доллар зарцуулжээ. Шинээр суурилуулсан тоног төхөөрөмж нь телевизийн долгион хүлээж авахаас гадна иргэдийг тагнаж чагнах зориулалтаар тоноглогдсон гэж зарим ажиглагч үзэж байна.
Бээжин энэ арга хэмжээгээрээ төвдүүдийг хүмүүжүүлэх, тэр дундаа өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлэн гадаад ертөнцийн анхаарлыг татах бодолтой хүмүүсийн санааг урвуулахыг зорьж байгаа аж. 2012 оны арванхоёрдугаар сард орон нутгийн эрх баригчид, Далай ламтай холбоотой асуудалд олон нийтийн санаа бодлыг зохих гольдролд нь зайлшгүй оруулах ёстой хэмээн мэдэгдсэн бөгөөд "Хортой мэдээллийг хаахаас өөр аргагүй" гэсэн билээ. Төвдийн хөдөө нутгийн иргэд Хятадын эсрэг агуулгатай гадаадын нэвтрүүлгүүдийг хэтэрхий шимтэн үзэх болсноос олноор биеэ шатаах нь нэмэгдсэн гэж эрх баригчид дүгнэжээ. ТӨЗО болоод Хятад даяар тогтвортой байдлыг хангахын тулд төвдүүдийг "илүү" мэдээллийн сурвалжаас салгахаар шийдсэн эрх баригчид гадаадын хэвлэл мэдээлэлд энэ шийдвэрээ тайлбарлахаас татгалзсаар байна.
2009 оноос хойш Төвдөд явуулж буй Хятадын бодлогыг эсэргүүцэн зулын гол болсон лам хувраг, энгийн иргэдийн тоо 100 хүрээд байгаа юм.
Амьдаараа биеэ шатаах явдал Бээжингийн хувьд толгойны өвчин болсоор удаж байна. Тэд бүгд Төвдөд улс төрийн илүү эрх, шашны эрх чөлөө олгох, Далай ламыг буцааж ирүүлэхийг шаардсан билээ. Эрх баригчид төвдүүдийг хянах, болсон явдлыг нуух гэж хэчнээн ч оролдсон, энэ талаарх мэдээ тухай бүртээ дэлхийн чихэнд хүрч олон улсын хамтын нийгэмлэг Бээжинг шүүмжлэлээр булсаар байгаа хэдий ч тэдний байр суурийг эргүүлж дөнгөхгүй л байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарч ирсэн Хятадын Коммунист намын шинэ удирдлага зулын гол болох явдлыг үндсээр нь устгахаар шийдсэн юм. 12 дугаар сар гэхэд Бээжин, биеэ шатаах явдал бол гадаадын салан тусгаарлагч дайснуудын өдөөн хатгалга хэмээн өөрийн мэдлийн хэвлэлүүдээр зарлан байр сууриа илэрхийлсэн билээ. Биеэ шатаах үйлдлийг зохион байгуулагч, тусалж дэмжигчдийг (уг хүний найз нөхөд хамаатан саднууд) алуурчид гэж үзсэн Бээжин энэ мэдэгдлийг хийснийхээ дараагаас ажил хэрэгтээ шилжиж, баривчилгаа байцаалтыг эрс эрчимжүүлсэн юм. Үүний хажуугаар төвдүүд олноор суудаг мужуудад орон нутгийнхны хэл соёлд халдаж эхлэв. Хүүхэд, эцэг эхчүүдийн эсэргүүцлийг үл хайхран дунд сургуульд хятад хэл дээрх сурах бичгуудийг өмнөхөөс хавьгүй илүүтэйгээр хөтөлбөрт хүчээр оруулж эхэлжээ. 2013 он гарсны дараа эрх баригчид өвлийн амралтаар сургуулийн хуухдүүдэд төвд хэл, соёл заадаг сайн дурынхны уйл ажиллагааг Төвдийн хэд хэдэн мужид хориглосон талаар эх сурвалжууд мэдээлж байна Зарим сүм хийдэд төвд хэл заадаг байсныг мөн хоригложээ. Арваннэгдүгээр сард Бээжин төвд хэл соёлын сэдвээр товхимол хэвлүүлж сурагч оюутнуудад тараасан бөгөөд түүнд төвд хэлийг "үеэ өнгөрөөсөн" хэмээхээс гадна, зулын гол болох явдлыг "мунхрал" гэсэн байжээ..
Арвандөрөвдүгээр Далай лам Төвдийн тусгаар тогтнолын төлөө зогссоор байгаа өнөө цагт Хятад төвдүүдийнхээ санаа бодлыг урвуулж чадах нь юу л бол. Гэхдээ өдгөө Далай лам хэдийнэ 77 нас хүрчээ.
Үйл явдлын өрнөл ийм байгаа ч Бээжингийн айлган сүрдүүлэлт, хүчирхийлэл, суртал ухуулга төвдүүдэд төдийлэн нөлөөлөхгүй байгааг сүүлийн хэдэн жилийн туршлага харуулж байгаа юм. Далай лам хэзээ нэгэн цагт үгүй болно гэдэг зайлшгүй үнэн л Бээжинд найдвар төрүүлж байна. Төвд төдийгүй дэлхий дахинд улс төрийн болон шашны нөлөөтэй энэ хүн хүчирхийллээс татгалзах улс төрийн хөтөлбөр дэвшүүлснийхээ төлөө 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн.
Жанч халсных нь дараа түүний институт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэхийг Далай лам шийдээгүй байгаагаа 2011 онд мэдэгджээ. 90 нас дөхөөд ирэхээрээ энэ асуудлыг үзэл санаа нэгтнүүдтэйгээ хэлэлцэнэ хэмээн тэрбээр хэлсэн юм. Олон зуун жилийн уламжлал ХГУ Далай ламаас хойш тасрахыг үгүйсгэх аргагүй. Тэгэхэд хүрвэл төвдүүдийг хилийн чанадад төлөөлөх байгууллага нь цагаач Засгийн газар болох бөгөөд Хятадын хувьд Төвд хэр хүнд толгойны өвчин байх нь түүний үйл ажиллагаанаас шалтгаалах биз ээ.