АПЕК-т элсэх монголын эрмэлзэл алхам урагшиллаа
Гадаад харилцааны сайд Л.Болд, Сайд нарын уулзалтад оролцож байна.
2013.10.08

АПЕК-т элсэх монголын эрмэлзэл алхам урагшиллаа

Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын сайд нарын уулзалт өнгөрсөн долоо хоногт Индонезийн Балид өндөрлөж энэ сарын 7-ноос төрийн тэргүүн нарын уулзалт эхэлж байна.

Сайд нарын уулзалтад Монгол Улсын гадаад харилцааны сайд Л.Болд тусгай зочноор уригдан оролцсон нь тус улсыг АПЕК-т гишүүнээр элсүүлэх ажилд бодитой ахиц гаргасан чухал үйл явдал боллоо гэж олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Тухайлбал Индонезийн өдөр тутмын “Жакарта Пост” сонинд АПЕК-ын энэ оны даргалагч улс Индонезийн Гадаад харилцааны  сайд Марти Наталегава "Монгол Улс АПЕК-ын гишүүнээр элсэх болзлыг бүрэн хангаад зогсохгүй тус бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулж чадна" хэмээн мэдэгдсэнийг дамжуулжээ.

Мөн Хятадын Синхуа агентлаг “Монгол АПЕК-ын 22 дахь гишүүн болохын төлөө үйл ажиллагаагаа эрчимжүүллээ” гэсэн байна. Гадаад харилцааны сайд Л.Болд Индонезийн сайдтай хийсэн албан ёсны уулзалтынхаа зэрэгцээ Япон, Канад, Австрали, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней улсуудын гадаад харилцааны болон худалдааны сайд нар, ОХУ, БНХАУ-ын гадаад харилцааны дэд сайд нартай уулзлаа.

Эдгээр орны төлөөлөгчид Монгол Улсыг АПЕК-т гишүүнээр элсүүлэхийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байв. АПЕК нь нийт 21 гишүүнтэй, тэдгээрийн нийтийн зөвшилцлөөр гишүүн элсүүлэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд  1998 оноос хойш шинэ гишүүн элсүүлээгүй байгаа юм.

Л.Болд: Монгол Улс АПЕК-т элсэх нь хоёр талд хоёуланд нь харилцан үр ашигтaй хамтын ажиллагаа болох юм.

Тус байгууллагад гишүүнээр элсэхийн төлөө одоогоор 10 гаруй улс эрчимтэй ажиллаж буй боловч зөвхөн Монгол Улс дээд түвшний уулзалтад уригдан оролцоод байгаа нь энэ. Сайд нарын уулзалтын сүүлийн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд АПЕК-ын чуулга уулзалтын мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Олон улсын 4000 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан ажиллаж буй энэхүү төвд түүний дараа зохион байгуулагч улсын гадаад харилцааны сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нар хэвлэлийн бага хурал хийж байснаас үзэхэд Монгол Улсын АПЕК-т элсэх асуудал олон улсын хэвлэл мэдээллийн анхааралд орж чадсан гэж дүгнэж болох юм.

Энэ үеэр Сайд Л.Болд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 90 шахам хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50 гаруй хувийг АПЕК-ын гишүүд бүрдүүлж байна. Иймд тус байгууллагад гишүүнээр элсэж дэлхийн нийт үйлдвэрлэлийн талаас илүү хувийг бүтээдэг хүчирхэг эдийн засгуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой.

Монгол Улсын АПЕК-т элсэх асуудал олон улсын хэвлэл мэдээллийн анхааралд орж чадсан.

Нөгөө талаас бүсийн эдийн засгийн анхаарал хандуулах гол чиглэл болоод байгаа дэд бүтэц түүн дотроо худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тээврийн сүлжээ, эрчим хүчний хомсдол, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэгт бидэнд байгаа байгалийн баялаг, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүд, цаашлаад газарзүйн байрлал зэрэг давуу талууд маань чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.

Тиймээс Монгол Улс АПЕК-т элсэх нь хоёр талд хоёуланд нь харилцан үр ашигтaй хамтын ажиллагаа болох юм гэлээ. АПЕК-ыг даргалах үүргийг ирэх онд БНХАУ хэрэгжүүлнэ. Худалдаа эдийн засгийн нягт харилцаатай хөрш орныхоо тус байгууллагыг удирдаж буй хугацаанд гишүүнчлэлийн асуудлаа шинэ шатанд гаргахын төлөө Монгол Улс ажиллах шаардлагатай.