Н.Удвал: Эрүүл мэндийн даатгалд олон өөрчлөлт гарна
ТВ-5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн зочноор Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлоо.
-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог яаж өөрчлөх нь зөв бэ?
-Иргэний эрүүл мэндийн даатгалын чиглэлээр “20 жилийн сургамж, цаашдын зорилт” сэдэвт олон улсын онол практикийн хурал болж байгаа. Энэ хуралд олон орны төлөөлөгчид илтгэл тавьж байна. Мөн Дэлхийн банк, ДЭМБ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг гээд олон улсын байгууллагууд дэмжиж байгаа.
Өнгөрсөн 20 жил хөгжихдөө эрүүл мэндийн даатгалд олсон ололт олон бий. Түүнчлэн шийдвэл зохих олон асуудлууд хуримтлагдсан. Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн найруулга УИХ дээр батлагдах шатандаа явж байна.
Хуульд олон өөрчлөлтүүд орж байгаа. Тухайлбал, өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас 85 хувь хүртэл даах шийдвэрийг гаргах нь хуулийн бас нэг үзэл баримтлал болж байна. Мөн даатгалын санг үрж санхүүжүүлдэг систем биш, үр ашгийг нь дээшлүүлэх.
Өндөр өртөгтэй болоод бусад тусламж үйлчилгээ нь чанартай, үр дүнтэй, иргэддээ эрсдэлгүй, аюулгүй тусламж үйлчилгээг санхүүжүүлдэг тогтолцоонд шилжвэл иргэдэд үүсээд буй олон асуудлууд шийдэгдэнэ. ЭМЯ-наас олон жил эрүүл мэндийн даатгал төлсөн мөртлөө үр шимийг нь хүртдэггүй асуудлыг шийдэхийн тулд эмнэлэгт хэрэглэж буй эмийн жагсаалтаа шинэчлэх болсон.
-Манайхан төлбөрт үйлчилгээ авахаараа бухимдан, бүх зүйл үнэгүй байх ёстой гэдэг шаардлагыг даатгалаараа тавидгийг зохицуулах боломж бий юу?
-Иргэний эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүн голчлон тохиолдож буй үйлчилгээгээ үнэ төлбөргүй авна. Тухайн хүн хүсэлтээрээ, стандартаас илүү эмчилгээ хийлгэх тохиолдолд хувиасаа мөнгө төлдөг.
Өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслүүдийг төвлөрсөн хангамжаар нийлүүлснээрээ иргэд түүнийг худалдаж авахгүй, тодорхой хувийг өөрөөсөө, дийлэнхийг нь даатгалаас төлдөг механизмд орвол иргэдийнхээ эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн дарамтыг багасгах бүрэн боломжтой.
-Оюутны эрүүл мэндийн сарын талаар?
-Манай иргэд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдахаа мэддэг мөртлөө хамрагддаггүй. Энэ мөнгийг ашигладаггүй учраас энэ жил айл бүрт асуудал болоод буй элэгний өвчинтэй тэмцэхэд зарцуулна. Ирэх жил бөөрний өвчин ч юм уу.
Иргэд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдахаа мэддэг мөртлөө хамрагддаггүй.
Хүн амынхаа дунд өргөн тархсан өвчлөлийг эрт оношилж, хүндрэлээс сэргийлэхэд зарцуулна. Үүний нэгэн адил жил болгоны есөн сарыг оюутны эрүүл мэндийн сар болгохыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар шийдсэн.
Оюутны сарын хугацаанд аймаг дүүргүүдийн эмнэлгээр эрүүл мэндийн үзлэгт оюутнуудаа үнэ төлбөргүй хамруулж, оюутнуудад зориулж эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, лекц явуулж байна.
-Үзлэгийн явцад оюутнуудын голчлон өвчилж буй өвчний талаар мэдээлэл ирж байна уу?
-Оюутан залуучуудын дунд хийгдсэн судалгаа байдаг. Хоол боловсруулах замын өвчин, бэлгийн замын халдварт өвчин залуучуудын дунд өндөр бий. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ялангуяа стресс маш их байдаг. Энэ удаагийн үзлэгээр оюутнуудын эрүүл мэндийн ерөнхий дүр зураг бодитой гарч ирнэ гэж бодож байна.
-Хүүхдийн эмнэлгүүдийг яаж сэргээх вэ?
-Хүүхдийн тусламж үйлчилгээ сүүлийн жилүүдэд маш их танагдсан. Анагаахын сургуулиудад хүүхдийн эмчийн анги гэж байхгүй. Энэ жил “Ач” их сургууль дээр хүүхдийн эмчийн ангийг нээсэн. Төрөлт нэмэгдсэнээс хүүхдийн эмнэлгийн хэрэгцээ ихэссэн ч эмнэлэг нэмэгдээгүй.
Яармагт хүүхдийн 300 ортой эмнэлэг барихаар санхүүжилтээ авсан. Ажил нь өнөөдрийн байдлаар 60 хувьтай байгаа ч эргээд төсөвт өртөгтэйгөө тэнцэх хэмжээний хөрөнгийг нэмэлтээр шаардаад байна.