
"Өсөлттэй Өмнөговь-Хамтын Ажиллагаа 2025” зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Өсөлттэй Өмнөговь-Хамтын Ажиллагаа 2025” зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг арга хэмжээ 2025 оны 4-р сарын 3, 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Өмнөговь аймаг улсын төсөвт 2021 онд 78.3 тэрбум, 2022 онд 264.7 тэрбум, 2023 онд 456.4 тэрбум, 2024 онд 1419.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд 1769.1 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн.
Улс, аймгийн татварын орлогыг бүрдүүлэхэд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхай болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. Арга хэмжээний эхний өдөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ААНОАТ-ын хуулийн хэрэгжилт, цаг үеийн мэдээллээр хангах зорилгоор банк, санхүүгийн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулсан.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван болон бусад албаны хүмүүс оролцов. Мөн шатахуун түгээх станц болон үүрэн холбооны операторуудын удирдлагуудтай уулзаж, аймгийн Засаг дарга Н.Энхбат, Засаг даргын орлогч Ж.Занабазар, ЗДТГ-ын СТСХ-ийн хэлтэс, ХЭЗХ, аймгийн Татварын газрын дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч байна.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
"Өмнөговь аймаг нь 2020 онд орон нутгийн төсвөөс давсан орлогоос улсад 78 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2024 онд 1.4 их наяд болж нэмэгдсэн. Улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж ирсэн" гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан