2025.05.14

Ж.Чинбүрэн: Ядарсан өвчтэй хүмүүсийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээг төсвийн хэмнэлт нэрийдлээр хасч болохгүй шүү дээ!

УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2025.05.13/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцлээ.

Асуулгын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байр сууриа илэрхийлж, байнгын хорооны гишүүдэд хандан уриалга гаргасан юм.

Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой зэх зээлийн тогтолцоо, нэг ёсондоо үр дүн чанарын өрсөлдөөнийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ оруулах гэж том реформ хийсэн. Үүнтэй холбоотой асар их хүсэл байгаа. Санхүүжилт нь хязгаартай. Тэр болгоныг давж, дааж гарна гэдэг бол маш мундаг менежмент ухаалаг тооцоолол шаардлагатай. Зөвхөн гүйцэтгэлийг харахад 2024 он гэд 316 тэрбум төгрөгийн дутагдал санд үүсч байна. Тиймээс эрхэм гишүүдээ хэдүүлээ энэ асуудлыг чуулганд оруулж 2026 оны төсөв ярьж эхэлчихээд байгаа энэ хугацаанд ЭМ-ийн Даатгалын санг бодитой хэмжээнд хүргээд 3,5 биш 3,6 сая иргэдтэй болж байна Монгол Улс. Эдгээр иргэддээ эмнэлгийн байгууллага нь оочир дараалал, үүдээ хааж төлбөр нэхэж суудаг үйлчилгээтэй биш харин үүд хаалгаа нээж илүү сайхан тусламжийг сэтгэл хангалуун өгдөг байх тогтолцоог хийх том өөрчлөлт бол ерөөсөө л төсөв санхүүгийн дэмжлэг. Тиймээс энэ асуудлыг чуулганаар хэлэлцэх байдлыг дэмжиж өгч санал хураалтад оролцоосой гэж хүсч байна.

Хоёрдахь зүйл бол асуултуудад коммент хэлэхээ болилоо. Бүтээлч, зөв зүйлүүдийг, тооцооллуудыг, илүү бүтцийн тогтолцооны том шинэчлэл хийх тухай яримаар байна. Тухайлбал эрүүл мэндийн яам заавал ЭМДС-г өөрийнхөө дор байлгах ямар ач холбогдол байгаа юм? Эсрэгээрээ эмнэлэг, өвчтөн даатгал гэсэн гурван холбоост садаа болоод байгаа тогтолцоог бид өнгөрсөн 5 жилд харлаа. Тиймээс энэ тогтолцооны том том өөрчлөлтүүдээ төсвийн хуультайгаа холбогдуулаад оруулж ирэхийг хичээх хэрэгтэй. Анхан шатны тусламж үйлчилгээний нэг иргэний санхүүжилт бол үндсэндээ нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилттэй холбоотой болно. Тэр вакцин хийх, хүүхдүүдийг үзэх гээд дандаа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. Бид хуультай болчихсон. Тэгвэл тэр 300 гаруй тэрбум төгрөгийг нийгмийн эрүүл мэндийн тусламж руу оруулаад даатгалын сангаасаа харин эмнэлгийн тусламжийг даадаг болох чиглэлд илүү хязгаарлахгүйгээр. Өрхийн эмнэлэг гэрээр нь очиж эмчилснийг нь, уламжлалт эмчилгээг нь хасахгүйгээр, хөнгөвчлөх эмчилгээний төсвийг хасахгүйгээр, тэр ядарсан өвчтэй хүнд хүмүүст хөнгөвчлөх тусламжийг бид хасаад байна шүү дээ. Хэмнэж байгаа нэрийдлээр. Тэгэхээр зардлын зориулалтыг тодорхой болгож ангилан, хасалт, хэмнэлтгүйгээр эмчилгээний чанарт анхаарах шаардлагатай. Яривал зөндөө олон бодлогын шинж чанартай зүйлүүд байгаа юм. Та нарт асар их тоо баримт бүрдэж Big Data үүсчихсэн. Бүтэн 5 жил гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой энэ тоонуудыг бүгдийг нь жагсаагаад харвал аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй бол гүйцэтгэлээр санхүүжилт нь хамгийн бага нэмэгдсэн газар байгаа шүү дээ. Нэг ёсондоо гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг. Мэргэжилтнүүдээ нэмж чадахгүй байна. Сайн мэргэжилтнүүдээ авахгүй байна. Энэ бүхнийг засаж сайжруулахын тулд стратегийн худалдан авалтынхаа бодлогуудыг илүү хүчтэй болгомоор байна. Тэгэхээр бидэнд хийх зүйл их байна. Тогтолцооныхоо бодлогыг өөрчлөх, Даатгалын сан маань илүү даатгуулагчийн төлөө ажилладгаас биш өр шир, цоорхойг нөхдөг сан байж болохгүй. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж, салбарын төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг эхлүүлэх нь зүйтэй.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн